Сербийн нийслэл Белград хотын ойролцоо орших тосгонд амьдардаг 60 настай Любиша Б. гэгч эрэгтэй эргэн тойрныхоо 13 хүнийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. ВВС-ийн мэдээлснээр хохирогчид бүгдээрээ гэмт хэрэгтний гэр бүлийнхэн, хамаатан садан, хөршүүд байсан бөгөөд зургаан эрэгтэй, эмэгтэй мөн хоёр настай хүүхэд байсан байна.
Сербийн цагдаа нарын мэдээлснээр нийслэл Белград хотоос зүүн өмнө зүгт 50 км-ийн зайтай орших Велика Иванка гэх тосгонд Любиша Б. гэгч орон нутгийн цагаар 05:00 цагийн үед гал нээж, 13 хүний амийг хөнөөсөн аж. Гэрчүүдийн яриагаар тэрээр гэртээ эхнэр, хүүгээ буудаж хөнөөснийхөө дараа хамаатан садан, хөршүүдийнхээ амийг бүрэлгэсэн байна. Үүний дараа цагдаа нар хэргийн газар ирэхэд Любиша Б. өөрийгөө хөнөөхийг завдсан боловч цагдаа нар түүний үйлдлийг таслан зогсоожээ. Одоогоор цагдаа нар түүний хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Б.АНХТУЯА