БНАСАУ өнөөдөр Өмнөд Солонгост амьдарч, аялж буй гадаадын иргэдийг тус улсыг яаралтай орхин гарахыг анхааруулсан байна. Хойд Солонгосын “KCNA” агентлагт мэдээлснээр БНАСАУ Өмнөд Солонгостой дайны ирмэгт тулж ирээд буй боловч тэнд амьдарч буй гадаадын иргэдэд хор хохирол учруулахыг хүсэхгүй байгаа аж. Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс дайн гарсан тохиолдолд тус улсад байрлах гадаадын дипломатуудын аюулгүй байдалд баталгаа гаргахгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм.
Хойд Солонгос НҮБ-аас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг эсэргүүцэн Өмнөд Солонгостой байгуулсан 1953 оны гал зогсоох энхийн гэрээг цуцалж, улмаар Солонгосын хойгт дайны цэрэгжилтийн бэлэн байдал зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын тагнуулууд Хойд Солонгос энэ долоо хоногт холын зайн баллистик пуужингийн туршилт хийж магадгүй байгаа тухай мэдээлснээр Япон БНАСАУ-ын пуужингийн аюулд бэлтгэн, Токио хотын захад пуужинг угтан сөнөөгчдийг байршуулсан. Харин АНУ-ын зүгээс Хойд Солонгост хандан дахин пуужингийн туршилт юмуу цөмийн зэвсэг туршихыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
Б.АНХТУЯА