
Грекийн шалгалтынхантай хамтарч ажиллаж байгаа. Грекийн албаны хүмүүс манай компанийн төв дээр ирж уулзсан, бид тэдний шалгалтад тусалж байгаа гэж Ройтерс мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Siemens” компанийн Германы Мюнхэн хотод байдаг хэвлэлийн төлөөлөгч нь ярьсан байна. Мантелисээс гадна одоогоор нэр нь тодорхой биш байгаа өөр нэг хүнд 110,000 евро өгснөө “Sieimens” компани шалгалтын үеэр мэдэгджээ.
Грекийн дээд шүүх өчигдөр Мантелисийг мөнгө угаасан хэрэгт яллаж байгаагаа мэдэгдэж түүнийг тус улсаас гарч явахыг хориглосон байна. Энэ бол Грекийн өндөр албан тушаалтнуудтай холбогдож гарсан хэргүүдийн хамгийн сүүлийн үеийнх болж байгаа бөгөөд анхных нь бас биш. Энэ сарын эхээр Грекийн аялал жуулчлалын яамны дэд сайдын нөхөр татвараас зайлсхийсэн хэрэг илэрсэнтэй холбоотойгоор сайд эмэгтэйг ажлаас нь халсан. Грект авлига газар их авсан нь сүүлийн үед олон улсад ил болж байгаа юм. Түүнчлэн тус улсын татварын алба нь иргэдээс татвараа гүйцэд авч чаддаггүй нь улсын эдийн засгийн нөхцөл байдал доройтох нэг шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байна.
Тиймээс Грект газар авсан авлигийн асуудлыг орвонгоор нь арилгана гэж Ерөнхий сайд Жорж Папандреоу амлаад байгаа. “Siemens” компани өмнө нь бас авлигийн хэрэгт орооцолдож байсан. 2000-2006 оны хооронд удаа дараа гадаадын өндөр албаны хүмүүст авлига өгч байсныг нь АНУ-Германы хамтарсан шалгалтаар тогтоосны дараа “Siemens” компани 2008 онд 1.3 тэрбум еврогийн торгууль төлсөн нь Германы бизнесийн ертөнцийн нэр хүндийг унагасан шившигт явдал болсон билээ.
Т.Бадрах