Монголын эдийн засгийн өсөлтийг бууруулахад гол нөлөө үзүүлсэн хууль бол өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан хэмээн мэргэжлийн байгууллагууд үзжээ. Эдийн засгийн тооцооллоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 800 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг дэмжих ёстой хэмээн санал нэгджээ.
Мөн гишүүдийн хувьд эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлсөн хэд, хэдэн шалтгаан байна гэж үзжээ. Үүнд өмнөх Засгийн газар Тавантолгойн нүүрсийг борлуулахдаа “Чалько” компаниас 350 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авсан. Хөгжлийн банк 600 сая ам.долларыг 5.27 хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатайгаар зээл босгосон. Зээлийн хүүнд зориулж өнгөрсөн жил 24 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж дарсан. Одоо мөн 20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгах ёстой. “Эрдэнэт” үйлдвэр 170 сая ам.долларын зээлийг авсан. Оюутолгой ордыг ашиглах хүрээнд хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгаа авсан. Энэ бүхэн нь нийлээд 1.4 тэрбум ам.долларт хүрч байгаа аж. Үүнийгээ С.Батболдын Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжид зарцуулаад дууссан. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар гадаад зах зээлээс “Чингис бонд”-оор дамжуулж 1.5 тэрбум ам.долларыг босгоогүй бол өнөөдрийн Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байжээ гэсэн дүгнэлтэд бүлгийн гишүүд хүрсэн байна. Тиймээс цаашид 1.5 тэрбум ам.долларыг үр ашигтай зүйлд зарцуулж эдийн засгийн хямралыг гэтлэх ёстой гэсэн чиг үүргийг Шинэчлэлийн Засгийн газарт өгчээ. Мөн бүлгийн даргын зүгээс “Энэ Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын ард маш том хариуцлага байгааг Монголчууд ойлгох ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан асуудлаар энэ Засгийн газрыг огцруулна гэдэг асуудал байхгүй” гэж мэдэгдлээ.
Бүлгээс Засгийн газарт өгсөн дараах үүрэг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт ногджээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон аж. Түүнчлэн үйлдвэрийн борлуулж байгаа зэс болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгааг бүлгийн гишүүд өнөөдөр л мэдсэн аж. Тиймээс энэ бүхний учрыг олох үүргийг Хууль зүйн сайдад даалгажээ.
Ерөнхий сайдын хувьд “БНСУ-аас нефть импортлох хэлэлцээр хийх гэтэл хоёр гурван нөхөр нийлж авлигын шинжтэй асуудал болгож саатуулсан” тухай өмнө нь хэвлэлийнхэнд ам алдсан удаатай. Тиймээс энэ асуудлыг цагдаа, авлигатай тэмцэх газарт өгч шалгуулах.
ОХУ-аас ирүүлсэн төмөр замтай холбоотой албан захидал Ерөнхий сайдын гарт ирээгүй байхад сонинд нийтлэгдсэн явдлын учрыг Тагнуул, цагдаагийн байгууллага шалгах.
Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 70 ам.доллараар борлуулах гэрээ байгуулсан “Эрдэнэс тавантолгой”-н тэр үеийн захирал, Эрдэс баялгийн сайд нарт тус бүр хариуцлага тооцох. Дэлхийн зах зээл дээр 1 тонн нүүрс 110 ам.долларын үнэтэй байхад яагаад Тавантолгойн нүүрсийг 70 ам.доллараар борлуулахаар гэрээ байгуулав. Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсийн 80 хувийг яагаад зөвхөн хятадуудад борлуулахаар гэрээ байгуулав гэдгийн бүх учрыг олж цаашаа гэрээгээ сайжруулах талаар ажил хийгдэх ёстой хэмээн үзсэн байна.
Харин “Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг агаар муу үед Бурхан халдун уул руу явж эцэстээ аврах ажиллагаа явуулах хэмжээнд хүртэл асуудал очсонд бүлэг ямар байр суурьтай байна вэ. Нисдэг тэрэг явуулснаас эхлээд зардал их гарлаа гэх шүүмжлэлийг олон нийт өгч байна” гэж асуусанд Д.Эрдэнэбат дарга “Ерөнхий сайдыг гэж онцолмооргүй байна. Нийт 71 хүн цаг агаарын байдлаас шалтгаалж төөрч, амийг аварсан нь зөв бодлого байсан. Хүний амь эрсдэхээр онцгой нөхцөл байдлыг мөнгөөр тооцож болохгүй. Хүнгүй бол мөнгөний тухай асуудал байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой” гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд дээрх асуудлаас гадна Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Маршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд үндсэнд нь дэмжжээ.