
Хятадад тахианы ханиад гараад дэлхий нийтийг цочроож байна. Харин манайд “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд тахианы махаа хямдруулсан сурагтай. Тахианы ханиад гарлаа гэсэн сургаар маргааш нь Монгол Улсад тахианы махны үнэ огцом унасныг “Миний дэлгүүр”-ийнхэн овжин ашигласан бололтой. Ямартай ч тахианы мах хямдарсан нь үнэн болж монголчууд хямд мах идэж нар гарах нь тэр. Гэтэл хэчнээн хямдхан байсан ч тахианы мах идэж болохгүй болж байгаа юм гэдгийг сануулаад өгсөн. Учир нь Хятадад гараад байгаа уг шувууны ханиадыг тусвал эдгэнэ гэж лав байхгүй гэсэн. Үнэ хямд ч үхэл тарьж мэдэх аюултай. Гэсэн ч монголчууд маань махгүй л бол хоол иднэ гэж байхгүй. Махтай бол ямар ч хоолыг зооглодог монголчуудын хувьд тахианы мах хямдрана гэдэг нь тун ч сайхан мэдээ шүү дээ. Гэтэл тахианы мах нь “Шувууны ханиадтай учраас хямдраад байгаа ч байж мэднэ” хэмээн олон хүн таамаглаж байгаа байх. Яадаг юм бэ идээд л үзэхгүй юү даа угаасаа дархлаа сайтай монголчуудын хувьд тэр ханиад яамай л байна. Тэртээ тэргүй дөрвөн улирал дамнаж ханиадтай амьдарч байгаа юм чинь. Өвөлд нь утаанд хордож, зунд нь хогондоо дарагддаг хотод Монголын маань ихэнх хүн ам нь амьдарсаар байна. Мөн дээр нь онцын шаардлагггүй бол Хятад улс руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Хэрвээ өмнөд хөршид очсон бол тахианы мах идсэн хүнээс хол байх хэрэгтэй. Учир нь хамгийн хямдхан мах болохоор нь биш юм шүү. Шувууны ханиадтай байж мэднэ. Ер нь “Миний дэлгүүр” махны үнийг ингээд буулгачих юм биш биз дээ. Аятайхан санагдаж байх чинь. Айна гэдгийг хэр баргийн мэдэхгүй монголчуудад “малын” ханиад гарлаа гэж худал цуурхал нэг гараасай. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй юм чинь. Ер нь юм идээд үхэж байсан хүн хаана байна. Магадгүй мах хямдрах ганц шалтгаан нь шувууны ханиад юм бишүү дээ.
Э.БАЯСГАЛАНЗохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
