Эхний тоглолт Эхлэл болон SBL хүлэгүүд багийн хооронд болсон. Хүлэгүүд багийн хувьд 8-8 гэсэн амжилттай, плэй-оффт орохын төлөө өмнөх багуудаа нэхэж байгаа. Тоглолтын эхний үед Хүлэгүүд багийн легионер Devon Clarke тун тоглож, 14 оноог авсан. Ингэснээр эхний үед SBL Хүлэгүүд 33-16-н харьцаатай илүүрхсэн. Улмаар тоглолтын 2-р үед SBL Хүлэгүүд багаараа тун идэвхитэй хамгаалж, оноо алдахгүйг хичээж байлаа. Мөн мэргэн бууч З.Доржсүрэнгийн холын зайн 4 шидэлт цагариганд орсоноор онооны харьцааг улам холдуулсан. Улмаар онооны харьцаа холдоод байсан хэдий ч Хүлэгүүд тоглолт дуустал тун идэвхитэй тоглосоор, 141-76-н харьцаатай хожил авлаа. Тэднээс Devon Clarke багаа тэргүүлж, 35 оноо авсан байна. Ингэснээр тэд 9-8 гэсэн амжилттай болж, Баянзүрх Буллзтэй хожил тэнцэж ирсэн.
Харин плэй-оффын сүүлийн байр болох 4-р байранд явсан “Баянзүрх Буллз” энэ өдөр “Энержи Ресурс Харцага” багтай тоглосон. Бэртлийн улмаас 1 тоглолт өнжсөн Буллзын гол холбон тоглогч Д.Мөнхтүвшин энэ тоглолтонд эргэн ирж, гараанд гарсан. Тоглолтын эхний үед “Баянзүрх Буллз” давамгай тоглолтыг үзүүлсэн. Ялангуяа Raphael Harris болон Т.Санчир нарын довтолгоо амжилттай болж байснаар, 22-9-р илүүрхэж эхэлсэн. Улмаар эхний үе 27-18-н харьцаатай Буллзын давамгайлалаар өндөрлөсөн.
Харин тоглолтын 2-р үед “Энержи Ресурс Харцага” багийн тоглолт сэргэж, онооны зөрүүг ойртуулж ирсэн. Гэсэн ч энэ үеийн төгсгөлд Д.Мөнхтүвшингийн холын зайн 2 шидэлт байндаа туссанаар, эхний хагасыг 52-43-н харьцаатай “Баянзүрх Буллз” илүүрхэж чадсан. Гэсэн хэдий ч Харцага оноог бага багаар ойртуулсаар байсан. Тоглолтын 3-р үед Б.Нэмэхбаяр, О.Золзаяа нарын 3 онооны шидэлтүүд оноо болж байлаа. Харин Булззээс багийн лидер Т.Санчир хариуг нь барьж байсан юм. Ингэснээр 3-р үе мөн л Буллзын онооны илүүгээр 76-70-р өндөрлөсөн. Харин тоглолтын 4-р үед супер лигийн ээлжит гал гарсан тулаан боллоо. Сүүлийн 3 минут 10 секунд хүртэл 8 оноогоор хожигдож явсан Харцага багийн тоглолт сэргэж, оноог нөхөж эхэлсэн. Б.Нэмэхбаярын шидэлтүүд, Б.Ганхөлөгийн оролтууд амжилттай болж, мөн Б.Одбаяр самбар доор хүчтэй тоглолт үзүүлж байлаа. Гэхдээ үндсэн цагийн шийдвэрлэх торгуулийн 2 шидэлтийг Т.Санчир хийх эрхтэй болсон. Гэсэн ч тэрээр торгуулийн 2 шидэлтийнхээ 1-г нь алдсанаар, үндсэн цаг 101-101-ээр тэнцээгээр өндөрлөсөн.
Нэмэлт цагт нэгэнт тоглолт нь сэргэсэн Харцага илүү байснаар, 117-108-р хожлоо. Тэднээс Б.Нэмэхбаяр 23 оноо, Б.Одбаяр 16 оноо, Б.Ганхөлөг 15 оноо оноо авчээ. Ингэснээр тэд 11-6 гэсэн амжилтаар хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Харин “Баянзүрх Буллз”-с Т.Санчир 30 оноо, Raphael Harris 30 оноо, Э.Цэвэлдорж 16 оноо авчээ. Тэд хожигдсоноор, 9-8 гэсэн амжилттай болж, “SBL Хүлэгүүд” багтай яг ижилхэн амжилттай боллоо. Хамгийн сонирхолтой нь “Баянзүрх Буллз”, “SBL Хүлэгүүд” багууд 3-р тойрогт хоорондоо тоглоогүй байгаа. Хожсон баг нь плэй-оффт шалгарч, хожигдсон нь мултрах учраас шийдвэрлэх тойргийн 1 тоглолт “Баянзүрх Буллз”, “SBL Хүлэгүүд” багуудад үлдэж байна.