“Гэмт хэргийн сэдэвт кино бүтээж магадгүй”

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

“Гэмт хэргийн сэдэвт кино бүтээж магадгүй”

Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз, “Фрилайн” продакшн, “Непко” хэвлэлийн газархамтран бүтээсэн “Хувь тавилангийн ээдрээ” 60 ангит кино ирэх даваа гараг буюу энэ сарын 15-наас үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны ерөнхий найруулагч “Фрилайн” продакшны захирал Ц.Гансэрээ, гүйцэтгэх продюсер Д.Батцэцэг нартай уулзаж ярилцлаа.

– Тун удахгүй “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит кино үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та ерөнхий найруулагчийн хувьд киногоо ямар онцлогтой бүтээл боллоо гэж дүгнэж байна вэ?

– Бид нэг анги нь 50 гаруй минут үргэлжлэх 60 ангит киног бүтэн жил гаруйн хугацаанд бүтээж үзэгчиддээ толилуулахад бэлэн болоод байна. Энэ кино “Фрилайн” продакшны “Боловсрол суваг” телевизтэй хамтран бүтээсэн хоёр дахь кино. Бид өмнө нь 2011 онд “Хайрын эрэлд” нэртэй 40 ангит киног мөн “Боловсрол суваг” телевизээр үзэгчиддээ хүргэж байсан. “Хувь тавилангийн ээдрээ” киноны онцлог гэвэл гол болон хоёрдугаар дүрүүдэд 50 гаруйжүжигчин, туслах дүрд 161 жүжигчин, олны хэсэгтэй нийлээд365 уран бүтээлч тоглож, киногрупп, зохиолчдийн баг нийлсэн нийт 600 хүний хөдөлмөр, зүтгэл шингэсэн том ажил боллоо. Түүнчлэн 1950-аад оноос өнөөг хүртэлх он цагийг хамарсан, гол баатруудын гурван үеийн түүхийг харуулсан болохоор үйл явдал өрнөл ихтэй, үзүүштэй, сонирхолтой кино болсон болов уу гэж найдаж байна.

– Киноны сурталчилгааг харж байхад өнөө үеийн чадварлаг жүжигчид бүгд тоглочихсон байна уу даа гэж харагдсан. Гол дүрүүдийг залуу жүжигчид бүтээсэн байсан. Жүжигчдийнхээ талаар дурьдвал?

– Нэг бүсгүй, түүнд дурласан хоёр залуугийн түүхээс киноны маань үйл явдал эхэлдэг. Бүжидмаа, Чойжид, Жанцанхорлоо гэх гурван хүний залуу насны дүрд жүжигчин Т.Өөдөө, Г.Золбоот /СТА/, С.Ариунбямба/СТА/нар, өтөл насанд нь Д.Мэндбаяр /МУАЖ/, Д.Гүрсэд /СТА/, П.Цэрэндагва /МУАЖ/нар тус тус тоглосон. Энэ гурван дүрийн үр хүүхдүүд,ач зээ нар болох өнөө цагийн гол баатруудын дүрийг жүжигчин С.Тэмүүжин, Г.Золзаяа, Г.Эзэнмөнх, Ж.Мөнгөнсүх, Э.Тамир, Ц.Батхуяг,А.Баттүшиг нарбүтээсэн.  Мөн “Хайрын эрэлд” киноны гол дүр болох Дэлгэрийн дүрийг бүтээж байсан жүжигчин Т.Цэмпилмаа /СТА/ энэ кинонд Дулмаа хэмээн нэгэн тод дүрд тоглосон. Аав, хүү жүжигчид У.Батбаатар /СТА/, Б.Анхбаяр нар Намжил гэдэг дүрийг хамтдаа бүтээсэн байгаа. Кино тэртусмаа олон ангит кино жүжигчдээс өндөр хариуцлага шаарддаг. Наад зах нь цагтаа ирдэг, цаашлаад бусдадаа дэм болж ажилладаг байх ёстой. “Хувь тавилангийн ээдрээ” киноны жүжигчдээс өөртөө өндөр шаардлага тавьдаг, гайхамшигтай энгийн, үнэн тоглолттой жүжигчин Т.Цэмпилмааг, залуу жүжигчдээс О.Тэмүүжинг онцолж магтмаар байна. Мөн жүжигчин С.Ариунбямба, Б.Алимцэцэг, Ц.Батхуяг нарын хэрхэн тоглож байгааг харж жүжигчний ур чадварт суралцаасай гэж залуусдаа хэлье.

– Жаран ангитай гэхээр нэлээд том ажлын ард гарчихсан санагдаж байна л даа. Чадварлаг хамт олон бүрдүүлсний ач гавьяа их байгаа болов уу.

– Тэгэлгүй яахав. Продакшныхаа залуусдаа баяр хүргэе. Ерөнхий зураглаач Э.Түмэннасан, зураглаач Ц.Билгүүн, М.Дөлгөөн, эвлүүлэгч Н.Отгонбаяр, Б.Ганбаатар, найруулагч Ц.Амарбаясгалан, продюсер П.Дэлгэрцэцэг, зохион байгуулагч Я.Мэндбаатар, Ж.Солонго, зураач Г.Номинтөгс, дууны оператор Л.Дэлгэрсайхан, мөн Долгор эгчдээ баярлалаа. Бид ажлынхаа ард гарч байна. Зүүнхараад натурт зурганд гарч байхдаа үнэхээр хэцүү үед “Гайхамшгийг бүтээнээ” гээд л зургандаа гардаг байсан. Цаг наргүй, заримдаа үнэхээр байж боломгүй хурд, хүчийг шаардсан киноны ажилд нэг баг болж чадсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Харин эрхэм үзэгчдээсээ дөрвөн залуугийн амьдрал, тэдний ээдрээтэй хувь тавилангийн тухай өгүүлсэн “ Хувь тавилангийн ээдрээ” киног эхний ангиас нь алгасалгүй үзээрэй  гэж хүсье. Ингээд эрхэм үзэгч таны мэлмий хурц өлмий бат оршиг хэмээн ерөөе.

– Зургаан зуу гаруй хүнтэй харилцаж, хамтран ажиллана гэдэг их том ажил байх нь гарцаагүй. Продюсерийн хувьд киногоо дүгнэжхэлэхгүй юу?

– Эхэндээ бид киногоо есөн сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэвч амьдрал дээр бидний бодож төлөвлөсөн зүйлс тэс өөрөөр эргэх зүйл тохиолдож байлаа. Жишээ нь, хугацаа их алдаж, зураг авах обьектын тоо стандарт бус, дэндүү их байсан гэх зэрэг. Гэхдээ тэр бүх саад бэрхшээл одоо бодоход ололт байсан. Яагаад гэвэл олон ангит киноны үйлдвэрлэл Монгол улсад дөнгөж эхлэлээ тавьж байна. “Хайрын эрэлд” бидний бүтээсэн анхны олон ангит кино байсан бол “Хувь тавилангийн ээдрээ” киног зориглон хийснээр  бид туршлагажиж, илүү судалгаатай ажиллах, бодитойгоор энэ салбарт хүчээ сорих баримжаатай болж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, олон ч сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж үзлээ. Кино урлаг гэдэг хамтын бүтээл, мөн сайхан нөхөрлөл бүхний эхлэл байдаг болохоор нэг нэгнээ таньж, нэг зорилгын төлөө бүхнээ зориулж чадах олон нөхөдтэй болсноо энэ киноны бас нэг ололт гэж бодож байна. 

–  “Фрилайн” продакшн “Боловсрол суваг” телевиз хоёр ч удаа хамтран ажиллалаа. Дахин хамтрах уу. Хэрвээ хамтран ажиллавал ямар бүтээл байх вэ?

– Дараагийн киногоо ярилцацгааж л байна. “Хайрын эрэлд” кино гэр бүлийн үнэ цэнийн талаар өгүүлсэн байсан. Одоо үзэгчиддээ хүргэх гэж буй “Хувь тавилангийн ээдрээ” ч мөн адил драмын төрлийн кино байлаа. Магадгүй дараагийн удаа бид гэмт хэргийн төрлийн кино хийх болов уу. Гэхдээ үнэндээ киноны маань  төрөл, хийц онц чухал биш байна. Бид товчхондоо гурван зүйлийг зорьж энэ салбарт зүтгэж байна. Нэгдүгээрт, жүжигчдийн энгийн үнэн тоглолттой, эвлүүлгийн алдаагүй, зөв хэллэгтэй кино хийж олон ангит киноны стандарт тогтоох. Хоёрдугаарт, олон ангит киноны үйлдвэрлэлийн суурь баазыг бий болгож, улмаар хөгжүүлэхийн тулд  шаардлагатай байгаа хэм хэмжээ, үнэлгээ зэргийг судлах, тогтоох, мөрдөх. Эцэст нь, чадварлаг хамт олныг бүрдүүлэх гэсэн ойрын гурван зорилтыг өмнөө тавиад ажиллаж байна даа. Дандаа бусад улс орны уран бүтээлчдийн бүтээсэн, өөр соёл ахуйтай кинонуудыг үзээд суумааргүй байна. Мөн бид өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй, өв соёлтой ард түмэн. Хэдийгээр хүн төрөлхтний үнэт зүйлс нийтлэг ч гэлээ хүний мөс чанар, нинжин сэтгэлийн тухайд монгол хүний дархлаа өөр байх ёстой гэж боддог. Бидэнд эцэг өвгөдөөс өвлөгдөж ирсэн олон сайхан түүх, ёс заншил, сургаал бий. Монгол эх хүн илүү тэсвэртэй байж, монгол эр хүн илүү холыг хардаг гэдэгт би итгэдэг. Тиймдээ ч цаагуураа дандаа сайн сайханд дуудсан, өөдрөг, гэгээлэг зүйлийг өгүүлсэн, нийгэмд эерэгээр нөлөөлөх бүтээл хийх юмсан гэж боддог.

А.ОТГОНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж