Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 9/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1409.18-1410.60 төгрөгийн ханшаар 76.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол Төв банк 34.5 сая ам.долларыг 1410.50 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 97 сая юанийг 26.51-227.31 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлсэн бол энэхүү арилжаа биелсэнгүй. Харин валютын своп хэлцлээр 65.9 сая ам.доллар, 20 сая юань тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн валютын захад ам.доллар, юань нийлүүлжээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР