&#34Орон нутагт зээлийг хариуцлагагүйгээр зарцуулж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.09-нд нийтлэгдсэн

&#34Орон нутагт зээлийг хариуцлагагүйгээр зарцуулж байна&#34

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгонтой ярилцлаа

-АТГ-ын ажлын хэсгийнхэн өнгөрөгч өдрүүдэд орон нутгаар ажиллаад ирж. Ямар зорилгоор, ямар үр дүнтэй ажил болсон талаар яриагаа эхлэе.

-АТГ нь он гарснаас хойш, 21 аймагт ажиллах төлөвлөгөө гаргаад нэгдүгээр сарын 3-наас эхлээд зүүн гурван аймаг, говийн дөрвөн аймаг, сая гуравдугаар сард Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий гээд зургаан аймагт ажиллаад ирлээ. Одоогоор нийт 13 аймагт ажиллаад байна. Орон нутагт ажиллахын гол зорилго нь төрийн байгууллагуудын үйлчилгээтэй танилцах, иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, төрийн үйлчилгээний талаар ямар санал, хүсэлттэй байгааг нь мэдэх байлаа. Ингэхдээ орон нутгийн телевизүүд дээр иргэдийн саналыг утсаар шууд авах зэргээр ажиллалаа. Ерөнхийд нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байна гэдгийг шалгаад ирлээ. Ялангуяа сүүлийн зургаан аймагт тун хангалтгүй байна гэдэг үнэлгээ өгч байна. Иргэд хүссэн мэдээллээ авч чадахгүй байгаагаас эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байна. Жишээ нь Сум хөгжүүлэх сангийн зээлийг цөөхөн хэдхэн хамгийн мэдээлэлд ойр байгаа, эсвэл засаг даргын тамгын газар, иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамаатан садан хүмүүс л авч чадаж байна. Гэсэн хэрнээ ийнхүү авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж. Өмнө ажилласан аймгуудад тааруухан үнэлгээ өгөөд, үүнийхээ хүрээнд Өмнөговь аймагт 14 хоногийн хугацаанд 14 суманд баг ажиллуулсан.  Ингэж ажиллаад багагүй зөрчил илрүүлсэн. Зөвхөн зээлтэй холбоотойгоор ч биш, худалдан авалттай холбоотой асуудлуудыг тогтоосон. Төрийн байгууллагаас орон нутагт томилолтоор ажиллахдаа яаж дарамт учруулдаг ч жишээ гарсан. Эндээс томилолт авч явсан Мэргэжлийн хяналт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан орон нутагт очингуутаа буудлын мөнгө, томилолтын мөнгө гэж дахиж гаргуулж, хоол унд гаргуулан дайлуулж цайлуулах тал талын зөрчлүүд илэрч байна.

-Тохиолдлууд, гаргасан зөрчлүүд дээр яах болж байна?

-Шалгалтууд эхэлж байна. Жишээ нь, Өмнөговь аймагт төрийн албан хаагчид давхар томилолт гаргуулсныг нягталж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид л гэхэд 19 сая төгрөгний зардал гаргуулчихаад буцсан байна. Үүнийг нягтлахын тулд Мэргэжлийн хяналтын газраас тухайн албан хаагчид хичнээн төгрөгийн томилолтын зардал авч явсан зэрэг материалыг татаж авах шаардлагатай байна. Орон нутгаас томилолт гаргуулна гэсэн жишиг байхгүй нь тодорхой. Гэхдээ яг эцсийн байдлаар тогтоогоогүй учраас нарийн хэлж болохгүй байна. Бид аймгуудад ерөнхий зөвлөмж, мөн тус бүрт нь тусгайлсан зөвлөмж гаргаж хүргүүлээд, үүнийхээ хэрэгжилт хяналт тавьж ажиллана.



-Орон нутагт хувиарлагдсан зээлтэй холбоотой асуудлууд яригддаг гэсэн?

-Сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой зөрчлүүд байна. Ямар ч тооцоогүйгээр, танил талдаа өгчихсөн нь түгээмэл байна. Яах вэ, эргэн төлөлт бол гайгүй байна. Энэ чинь жилийн гуравхан хувийн хүүтэй зээл шүү дээ. Махны ченжид энэ мэтээр нь өгчихсөн нь нийтлэг байна. Арван сая төгрөгөөр нь мал худалдаж авч нядлаад, мах болгож зарах бизнестээ л зээл авч. Гэтэл үүний ард ажлын байр нэмэгдэж байгаа зүйл алга, сумын хөгжилд хувь нэмэр оруулаад байх зүйл ч алга. Жишээ нь, Ханбогд суманд хими цэвэрлэгээ байгуулна гэж нэг төсөл үзүүлж 10 сая төгрөг авчихаад дахиад өнөө төслөө барьж яваад мөн л 10 саяыг гаргуулчихсан байна. Хоёр зээл дунд нэг л бизнес байна гэсэн үг. Мөн халуун усны газар байгуулна гэж зээл авдаг юм байна. Ханбогд дээр гэхэд, зээлийг шалгаруулдаг комиссынх нь нарийн бичгийн даргын төрсөн ах халуун ус байгуулна гэж арван сая төгрөг аваад долоон саяаар нь худаг гаргачихаад, гурван саяаар яаж халуун усны газар барих билээ гээд сууж байна. Говийн аймгууд, тодруулбал уул уурхай ихтэй газруудад хандив авах явдал их байдаг. Гэтэл хандив авсан хэрнээ зарцуулалтын тайлан гэж гаргадаг зүйл алга. Жишээ нь, Цогтцэций сум 18 сая төгрөгийн хандивыг оффисын барилгаа тохижуулна гэж авч. Гэтэл засаг дарга нь энэ мөнгөө бэлнээр авч ирээд Анун төвөөс тавилга худалдаад авчихаж. Ямар ч харьцуулалт энэ тэргүйгээр ганц компаниас худалдан авалт хийж. Энэ мэтээр ямар ч эзэнгүй, хариуцлагагүйгээр зарцуулсан тохиолдлууд олон байна.

-Аймаг бүрт зөрчлүүд адил төстэй байна уу, онцлогтой, өөр өөр байна уу?

-Бүс бүсээрээ шинэ зөрчлүүд илэрч байна. Баруун аймгуудад гишүүний нэг тэрбумын багцтай холбоотой зөрчил гарч байна. Энэ мөнгө уг нь Төсвийн хуулинд зааснаар зарцуулагдах ёстой. Гэтэл ямар ч тендергүйгээр энэ мөнгөөр худалдан авалт хийчихэж. Говь-Алтай аймагт л гэхэд “Тэр аж ахуй нэгжид төчнөөн сая төгрөг өг” гэх гишүүний цохолтоор л худалдан авалт хийж.

-Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүд гэж ойлгож болох уу?

-Тийм. Болно. Аудитын Ерөнхий газар үүнийг шалгаж эхэлсэн юм байна билээ.

-Зөрчлийн хор хохирол шууд харагдаж байгаа зүйл гэвэл?

-Баян-Өлгий аймагт гэхэд багийн 30 байр барих ажил хийгдэх ёстой байсан. Нийслэл өргөө гэх компани шалгараад барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон гэх боловч тэр компаниар биш Баян-Өлгийн цэргийн ангийн цэргүүдээр бариулж байна. Мөн үнсэн блокоор барьж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус хүмүүсээр чанарын шаардлага хангахгүй материалаар барьж байгаа хэрэг. Баригдаж дууссан зарим нэг нь борооны усанд урсаад эвдэрчихэж. Хяналт сул байгаагаас эрсдэл үүсч байна. Орон нутагт төсөв тэлээд оччихсон. Сумдад 300-700, зарим том суманд орон нутгийг хөгжүүлэх сангаас тэрбум хүртэл төгрөгийн хөрөнгө оруулалт шилжээд ороод ирж. Эрсдэл өндөр байгаа нь суурь муу байгаатай холбоотой. Жишээ нь, Дундговь аймагт ЖДҮ-лэлийг хөгжүүлэх зээлэнд нь хийсэн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дүнгээр зээлийн 60 орчим хувь нь зориулалтын бусаар зарцуулагдаж. Танил талтай л бол би зээл авч болно гэх хэвшмэл сэтгэлгээн дээр одоо хувиарлагдан очиж буй их мөнгө очвол эрсдэл өндөр л байх болно. Иймд иргэдийг мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна. Хэдэн төгрөг хувиарлагдаж ирж байгаа, үүнд яаж оролцох вэ, хэрхэн хяналт тавих вэ гэдэг нь нээлттэй байх ёстой. Гэтэл сумын Засаг дарга нь өөрөө сум хөгжүүлэх сан, орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтийг холиод ойлгочихсон яваа ч тохиолдол байна.

-Хүлээх хариуцлага нь ямар байдаг юм бэ. Танил талаараа зээл авч байгаа ч бүх зүйлийг ном журмаар нь зохицуулахаа мэдэх байлгүй дээ. Нэг иргэдийн хурлаар ингэж шийдсэн гэх цаас үзүүлээд л дуусах юм биш үү?

-Гэхдээ саяын нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа Төсвийн хуулийн хариуцлага маш чангарсан шүү дээ. Өмнө хэвшсэн ойлголтоороо явах гэвэл хүлээх хариуцлага хатуу л байна. 

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж