Сирийн нийслэл Дамаск хотын төвийн дүүрэгт өчигдөр буюу даваа гаригт амиа золиослогч автомашинд бөмбөг дэлбэлснээс 15 хүн амь үрэгдсэний ес нь хүүхэд байсан байна. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас 53 хүн гэмтэж бэртсэн бөгөөд амиа золиослогчийн халдлагын улмаас Сирийн үндэсний хөрөнгө оруулалтын агентлагийн байр эвдэрч сүйдэн, гадна зогсоолд байршуулсан автомашинууд галд өртөн дэлбэрчээ. “CNN”-ийн мэдээлснээр амиа золиослогч автомашинтайгаа Сирийн үндэсний хөрөнгө оруулалтын агентлагийн байр руу нэвтрэхийг оролдсон бөгөөд түүний үйлдлийг хамгаалагчид таслан зогсоосон байна. Гэвч амиа золиослогч этгээд автомашиндаа байрлуулсан бөмбөгийг дэлбэлсэн аж. Сирийн үндэсний хөрөнгө оруулалтын агентлагийн ойролцоо Сирийн төв банк, Сангийн яам, сүм, сургууль зэрэг албан байгуулагууд байршдаг байна.
Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд Дамаск хотын “Баас” намын удирдлагын байрны ойролцоо амиа золиослогч автомашинд бөмбөг дэлбэлснээс 53 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж, бэртсэн билээ.
Түүнчлэн өнгөрсөн бямба гаригт Сирийн армийн бөмбөгдөгч онгоц Халеб хотод агаараас дайралт хийж, бөмбөг хаяснаас 15 хүн амь үрэгдэж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхэд шалгалт хийх шинжээчдийн баг хэдийнэ бэлэн болсон бөгөөд Сирийн талаас шинжээчдийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулна хэмээн мэдэгджээ. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад болон босогчдын зүгээс бие биенээ өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Хан аль-Ассад тосгонд химийн зэвсэг бүхий пуужингаар харвасан хэмээн буруутгасаар байгаа юм.