Кансат гэдэг нь Can-лааз, Sat(satellite)-хиймэл дагуул гэсэн үгний нийлбэр бөгөөд бага оврын лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул юм. Уг хиймэл дагуулын мэдрэгчүүд нь байршил тодорхойлогч GPS, даралт, температур мэдрэгч, зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг бүхий л төхөөрөмж нь 350 грамм масстайгаар лаазанд багтахаар байдаг. Кансатаа агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглан хөөргөдөг аж. Хөөрсөөр тодорхой өндөрт хүрээд шүхрээ задалж аажмаар буух бөгөөд буух явцдаа зураг авч, мэдээлэл дамжуулах зэрэг өгсөн командыг биелүүлдэг. Уг мэдээлэл дүрсээ ашиглан үнэлэлт, дүгнэлт гаргадаг юм байна.
Өртөг багатай хиймэл дагуулын энэ төрлийг их, дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон эрдэм шинжилгээний туршилтын зорилгоор өргөнөөр зохион бүтээж хөөргөн ашиглаж байгаа юм. Хэмжээний хувьд бага энэхүү кансат нь сансрын уудамд ашиглагдах бүхий л хиймэл дагуулын бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их дээд сургуулиудын хүрээнд оюутан сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Манай улсын хувьд анх удаа МУИС-ийн Физик электроникийн сургууль, ШУТИС-ийн механик инженерийн сургуулиудын хамтарсан NUMSAT, GAINT багууд Испани улсын Мадрид хотод болсон гурав дахь удаагийн Олон улсын кансатын тэмцээн буюу Бичил хиймэл дагуул хөөргөх олон улсын тэмцээнд 2012 оны долдугаар сарын 26-28-ны хооронд улсаа төлөөлөн оролцжээ. Европ тивд гурав дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд манай баг Телеметри гэсэн ангилалд өрсөлдөн I болон III байрыг эзэлж “Gold Award”, “Bronze Award” цомын эзэд болсон байна. Анх удаа оролцоод амжилт гаргана гэдэг бол манай оюутан залуусын оюуны чадвар ямар түвшинд явааг харуулах том үзүүлэлт.
Шинэчлэлийн засгийн газраас “Үндлэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлээр анхааран ажиллаж байгаа гэнэ. Энэ онд Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар “Кансат” үндэсний уралдааныг Монголд анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүллээ. Уг уралдааны гол зорилго нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийн байгууллагуудыг сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших,ашиглах ажилд татан оролцуулах, улмаар олон улсын түвшинд нийцсэн үндэсний сонирхогчын хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, сансрын инженерчлэл болон сансар судлалын боловсролыг хөгжүүлэх, сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх юм.
Үндэсний анхдугаар тэмцээнд МУИС-ийн ФИС, ШУТИС-ийн ХМТС, ШУТИС-ийн КтМС, ШУТИС-ийн МИС, БХИС-ХААИС хамтарсан баг, МУИС-ийн МТС зэрэг сургуулиудын 30 оюутан, зургаан багш гэсэн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх юм байна. Ирэх наймдугаар сард уралдааны дүн гарч амжилттай оролцсон нэг багийг шалгаруулж Олон улсын “Кансат” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох боломжыг нээж өгч байгаа юм.
Мөн ирэх оны хоёрдугаар сар гэхэд Монголын “Кансат” буюу хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр тооцоолж байгаа юм байна.