Нэгдсэн чуулган хаалттай хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Нэгдсэн чуулган хаалттай хуралдав

Өглөө 10.00 цагаас эхэлсэн УИХ-ын нэгдсэн чуулган хаалттай хуралдав. Хуралдаанаар улсыг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр олгогдсон газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Дээрх газруудыг өмнө нь Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авсан байсан нь одоогийн хуультай зөрчилдөж байсан тул УИХ-ын тогтоолоор баталгаажуулах шаардлагатай болсон аж. Засгийн газраас оруулж ирсэн энэ саналыг хэлэлцэх эсэхийг ч мөн өмнө нь хаалттай хуралдаанаар хэлэлцжээ.

Харин одоо УИХ-ын нэгдсэн чуулган нээлттэй үргэлжилж, Сангийн яамнаас оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр хуралдаж байна. Мөн өнөөдрийн чуулганааар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх төлөвлөгөөтэй юм байна.

Б.Хайтан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж