
Харин Гандангийн дэнжийн буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэд “Пума”, “Эко констракшн” компанитай хэлцэлд орохыг хүсээгүй тул тус компаниуд санал авч чадалгүй хасагджээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх компаниуд иргэдийн саналыг хэрхэн авсан талаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягаас тодрууллаа.
-Дахин төлөвлөлт хийх нэг байршилд хэдэн компани байна вэ?
-Нийт 12 байршлыг 12 багц гэж үзнэ. Талбайн хэмжээнээс хамаарч багцаа дотор нь янз бүрээр хуваасан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 16 хорооны багцад гурван компани өрсөлдсөн. Мөн Гандангийн дэнжид гурван компани шалгаруулалтад орсноос нэг компаний хувьд нэрээ татаж авсан. Харин үлдсэн “Эко констракшн”, “Пума” компаниуд иргэдээс санал авч чадалгүй хасагдсан байгаа.
-Дахин төлөвлөлт хийх газруудад зөвхөн орон сууцны хороолол барих уу?
-Газрын эзэн иргэд тухайн компанитай хэлцэлд ороод тохирохгүй байж болно. Магадгүй иргэдийн хүсэлтээр орон сууцны хороолол, амины орон сууц босгоно. Харин хотоос ерөнхий чиг өгч байна. Нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэгээ иргэд компанитай ярьж бүтээн байгуулна. Монгол Улсын түүхэнд анх удаа монголчууд өмчлөөд авсан газар дээр өөрийн хүсэл зорилгоор бүтээн байгуулалт хийх гэж байна.
-Иргэдийн хашааны газрыг хэн, хэрхэн үнэлэх вэ?
-Дахин төлөвлөлтөд оролцох иргэд зөвхөн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй газрын үнийг тохиролцох юм. Хоёр талт хэлэлцээрээр энэ асуудлыг тохирно. Гол нь төр энэ асуудалд саад болох ёсгүй. Өөрөөр хэлбэл, газрын өмчлөгч, компани ярилцаж шийдвэрлэж хоёр талт хэлэлцээр хийнэ. Хоёр талт хэлэлцээр хийсний дараа гэр хорооллын хөгжлийн газар нийслэлийн Засаг даргын өмнөөс гурван талт гэрээ хийх юм.
-Бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх вэ?
– Хөрөнгө оруулагчид газрын эзэдтэй гэрээ хийж, дараа нь гурван талт гэрээг хийж ажиллана. Ингээд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Гурван талт гэрээ нь иргэн, хөрөнгө оруулагч буюу хувийн хэвшил, нийслэлийн Засаг дарга нар оролцоно. Гол нь шалгарсан компаниуд ашигтай, тогтвортой ажиллах ёстой. Нийслэл дэд бүтцээ хийж өгөх ажлыг хариуцаж байна. Чанартай төлөвлөлт, барилга байшин баригдаж байгаа эсэхийг мөн хянана. Төслийн хувьд хамгийн гол ажил нь хөрөнгө оруулагч, өмчлөгч хоёрын хоорондоо шууд ярих эрхийг нийслэлээс нээж өгч байгаа юм. 12 байршилд олон тооны санал ирсэн. Ажлын хэсэг гарч үзээд шалгарсан компаниуд орсон байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 10 хороонд хоёр компани ирсэн ч шалгуур даваагүй. Мөн Дамбадаржаа орчимд нэг ч санал ирээгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид буюу компаниуд тухайн байршлыг үнэлж байна. Нэн тэргүүнд нийслэлээс Дамбадаржаа, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны байршлыг дахин зарлана.
-Хэрвээ хоёр талт хэлэлцээр бүтэхгүй бол ажлаа хэрхэн үргэлжлүүлэх вэ?
-Дахин үнэлэх ёстой. Яагаад иргэд энэ ажлыг дэмжсэнгүй вэ гэдгийг үнэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаар дахин зарлана. Энэ хэлбэрээр зарлаад дэмжигдэхгүй бол үнэлэлт дүгнэлт хийж дахин зарлаад л явна.