
-Солонгосын хойг дахь цаг үеийн байдлын талаар та бүхэн ямар мэдээлэлтэй байна вэ. Хойд Солонгосын удирдагчид гадаадын элчийн сайдын яамдыг яаралтай гарахыг сануулсан гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна?
-Сүүлийн үед Солонгосын хойгт болж буй үйл явдлын өрнөлийг Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд анхааралтай ажиглаж байна. Одоогоор БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо нөхцөл байдал хэвийн, гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Пхеньянд гадаадын 24 Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын зургаан салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор аль нэг улс иргэдээ татах, нүүлгэн шилжүүлэх асуудлаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, байдлыг ажигласан байдалтай байна.
– Цаашид төлөв байдал ямар байх бол?
-Үүсээд буй нөхцөл байдлыг дэлхий нийтээр ажиглаж байна. Байдлыг ямар нэг хэлбэрээр хурцатгах, ямар ч тохиолдолд дайнд өдөөн турхирахгүй байхыг уриалсан мэдэгдлийг зарим улс хийж, байр сууриа илэрхийлж байна. Үндсэндээ үйл явдлын өрнөл хяналтаас алдагдахаас олон улсын хамтын нийгэмлэг сэргийлэх учиртай. НҮБ ч асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Цаашид Солонгосын хойгт үүсээд буй хямрал даамжрахгүй гэдэгт найдаж байна.
-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам ямар арга хэмжээ авч байгаа вэ. Солонгост үр хүүхэд, ахан дүүс нь ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй хүмүүс нэлээд түгшиж байна л даа.Тэдэнд хандаж юу хэлэх вэ?
-Гадаад харилцааны яам Сөүл дэх Элчин сайдын яамтайгаа тогтмол холбоотой байгаа. Тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэн тэргүүнд анхаарч байна. Иргэд маань үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа бодитой мэдээлэл, заавар зөвлөмж авч болно. Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас Солонгосын хойгийн нөхцөл, цаг үеийн байдлын талаар цаашид тухай бүр нь мэдээлэл өгч байх тул бодит бус мэдээлэл, сургаар яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөж байна.