БНАСАУ Кэсоноос ажилчдаа татна

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

БНАСАУ Кэсоноос ажилчдаа татна

БНАСАУ-ын зүгээс өнөөдөр Кэсон хот дахь аж үйлдвэрийн цогцолборын бүхий л үйл ажиллагааг зогсоож, тэнд ажиллаж буй иргэдийг эргүүлэн татахаа мэдэгджээ.  Үүнээс өмнө Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгостой хамтарсан эдийн засгийн гол бүс болох Кэсон хот дахь аж үйлдвэрийн цогцолборт Өмнөдийн ажилчдыг нэвтрэхийг хориглосон билээ.  Хойд Солонгосын Кэсон хот дахь хоёр орны хамтарсан аж үйлдвэрийн цогцолбор нь хөрш улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн сүүлчийн бэлгэ тэмдэг байсан аж.  Түүнчлэн “CNN” –ийн мэдээлснээр Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт 120 орчим компани үйл ажиллагаа явуулж, Хойд Солонгосын 54мянга, Өмнөд Солонгосын 860 гаруй иргэн ажиллаж байжээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийхээр бэлтгэж байгаа төдийгүй энэхүү туршилт энэ долоо хоногт болох төлөвтэй байгаа тухай мэдэгдээд буй. Өмнөд Солонгосын энэхүү мэдэгдлээс харахад Хойд Солонгос энэ долоо хоногт өмнөх гурав дахь удаагийн цөмийн туршилт хийж байсан газрын ойролцоо дахин цөмийн туршилт хийх аж. Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос болон АНУ-г хамтран цэргийн сургуулилт хийж буйг ихээр эсэргүүцэн, тус улсуудын эсрэг удаа дараа сүрдүүлж, заналхийлсэн мэдэгдэл гаргаад байгаа юм.

Үүнээс Хойд Солонгос Йонбён дахь цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж