УИХ дахь МАН-ын бүлэг хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг хөндөж ярилцжээ. “Хугацаа нь тулсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээ, Дахин санал хураалтын зардал батлах тухай асуудлыг ном журмаараа хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх хуваарьт орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоогоор бүлгийн гишүүдэд ирээгүй байна” гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Гэхдээ энэ хуулийн төслийг хэлэлцэхэд анхаарч үзэх асуудал олон байгааг тэрээр онцолсон юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаад эрх баригчид анхаарах ёстой гээд энэ бурууг Засгийн газар өөрөөсөө биш өрөөлөөс хайхыг оролдож байна хэмээн МАН-ын бүлгээс шүүмжиллээ.
“Өмнөх парламентын үед батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж хөрөнгө оруулалт зогссон, эдийн засаг зогсонги байдалд орсон хэмээн зарим хүмүүс дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл юм. Хөрөнгө оруулалт буурсан нь амьдралд хэрэгжиж эхлээгүй энэ хуулиас болоогүй. Энэ хуулийг дагалдаж олон дүрэм журам батлагдах ёстой ч одоо болтол гараагүй. Харин ийм тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа нэг нам асуудлыг хэтэрхий ганцаараа хүч түрэх байдлаар шийдэхийг оролдож, зөвшилцлийг үл ойшоож, хуулиар хамгаалагдсан бусдын өмчинд халдаж байгаагаас үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид ажлаа царцааж, зарим нь нутаг буцаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой” гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ.
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа учраас хүмүүсийн бодит орлого буурч, амьжиргааны түвшин доошилж байна. Үүнийг хэн ч худлаа гэж хэлэхгүй. Үүнтэй уялдуулж цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр УИХ-ын тогтоолын төсөл бэлдсэн. Үүнийгээ энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалд тусгаагүй нэг том асуудал бол байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүн байгаа. Энэ асуудлыг одоо болтол хэлэлцэхгүй явсаар ирсэн. Цаашид ингэж үргэлжлэх аргагүй байдалд хүрлээ. МАН-ын гишүүд ганц байнгын хороонд багтдаг. Харин АН-ын гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Энэ нь парламентын мөн чанар, үнэт зүйлд тохирохгүй байгааг мэдсээр байж олонхи хүч түрэн өдийг хүргэсэн. Хэрвээ байнгын хороодод гишүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар УИХ дорвитой алхам хийхгүй бол Монгол Улсыг ардчилсан парламенттай, ардчилсан орон гэж үзэж болох уу, үгүй гэдэг асуудал гарна. Тийм учраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх тал дээр энэ долоо хоногт ажиллана” гэсэн юм.
Үүнээс гадна энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хууль хяналтын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжгүй гэж МАН үзэж байгаа юм байна. Учир нь Маршалын албан тухай, Мөрдөх албаны тухай гэх мэт хуулийн төслүүд УИХ-д өнөө хүртэл өргөн баригдаагүй гэж тэд тайлбарлав. Тиймээс хуулийн байгууллагуудад томоохон өөрчлөлт авчрах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж, маргааш байнгын хороогоор хэлэлцэж, нөгөөдөр чуулганаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэж байна. Мөн байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар УИХ дорвитой алхам хийх шаардлагатай байгааг МАН-ын бүлгийн гишүүд шаардана гэлээ.
Өнгөрөгч баасан гаригт “Амлалт нэхэх, шударга ёсыг тогтоох цуглаан”-д оролцогсдоос төрийн өндөрлөгүүдэд тавьсан шаардлагыг эрх бүхий хүмүүс хүлээн аваагүй. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр дамжуулан уг шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Харин УИХ-ын даргад УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр гардуулж өгөхөөр болжээ. Цуглаанд оролцогсод өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт өгч, ард түмний амьжиргааг дээшлүүлэх асуудлаар төр засгаас арга хэмжээ авахыг шаарджээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа учраас иргэдийн шаардлагыг УИХ, Засгийн газрын төвшинд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж тооцоо судалгаа хийхийг чиглэл болгосон тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцоллоо. Түүний хэлснээр Засаг даргад нэр дэвшигчийг тодорхой хугацаанд багтаж томилох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчээ. Ер нь Үндсэн хуулийг хоёр удаа зөрчсөн Ерөнхий сайдын шийдвэр хуульд хэрхэн нийцэж буйд дүгнэлт хийх үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг ч тэрбээр дуулгасан юм. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийнхээс буурч байгаа ийм үед ард иргэд, сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлагад олонхийн бүлэг тодорхой дүгнэлт хийж, Засгийн газарт ямар хариуцлага тооцох эсэх талаар бүлгийн хуралдаанаараа ярилцах ёстой гэв.
Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлдэг жишиг яагаад энэ парламентын үед алдагдаж байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хуульд заавал сөрөг хүчний гишүүнийг даргаар томилно гэсэн заалт байхгүй. Гэхдээ манай нам засгийн эрх барьж байх үед Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлэх ёстой гэж үзэж, Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байсан. Харин Ардчилсан нам өөрийн намын хүнийг энэ дэд хорооны даргаар томилсноор УИХ-д дотоод хяналт тавих, гишүүдийн ёс зүйд үнэлэлт дүгнэлт өгөх ажил цалгардаж байна” гэв. Засгийн газартай хариуцлага тооцох уу, МАН-ын зүгээс энэ талаар ярилцаж байгаа гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудлыг маргааш МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгийн хамтарсан хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ гэв.