Хөгжил усыг дагах уу, уурхайг дагах уу

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Хөгжил усыг дагах уу, уурхайг дагах уу

“Ойрын ирээдүйд усны нөөцийн төлөө гарах дайны уршигтай Ирак дахь Ж. Бушийн компанийг зүйрлүүлвэл хотоос гарч  зугаалахтай адил”

Хөгжил усыг дагах уу, уурхайг дагах уу

1.Дэлхийн усны нөөц – хүн төрлөхтний ирээдүйд түгшүүрийн харанга дэлдэж байна

“Бүх гол мөрөн далай руу цутгадагч далай хэзээч дүүрч байсангүй, яагаад гэвэл дахиж урсан ирэхийн тулд эхэлсэн газар луугаа буцаж байдаг жамтай” Библи

Тэнгэр цэлмэх, хурмастын чуулган болж хар үүл харанхуйлах, аянга ниргэх, аадар орох, солонго нумрах, намираа бороо орж одончуу цувнаас ус дусах бүгд усны явдал.

Хойш чиглэсэн далайн Голфьстримийн урсгал Норвегт тэмээн туйлаадас хаялуулдаг мөртлөө “мөс хүлхсэн” далайн хүйтэн урсгал Чилийн эрэг рүү оцон шувууг аялтал хүйтрүүлж ертөнцийн дулааныг зохицуулж байдаг нь усны л явдал.

Амтай бүхний ярьдаг цөлжилт бол усгүйдэл, ертөнцөөрөө яриад байгаа уур амьсгалын өөрчлөлт ч хүний зохисгүй ажиллагаанаас үйдсэн усны орчлын хэм алдалт. Ой мод хийгээд florа @ faunа, амьд байгаль бүгд усны хүүхдүүд. Ой мод, амьтан ургамал, хүмүүс, таван хошуу малтайгаа, тариан талбайтаагаа, уул уурхайтайгаа газар дээрээ үлддэг байхад эцэг ус нь алдагдан урсаж оддог билээ.

Зураачийн палитр дээр цэнхэр өнгөнд шар өнгийг нялахад ногоон өнгө гардагтай адил хөх цэнхэр усны гидравлик цохилт, алтан шар нарны гэрлийн фотоны нөлөөгөөр хлорфилийн ногоон мөхлөг үүсч амьдрал амьд ертөнц цогцлох бөгөөд хамгийн гол үүрэгтэй нь ус.

Цэнхэр гариг маань 1366 сая шоо км усны нөөцтэй. Гаригийн хүн ам бараг 7 тэрбум гэвэл нэг хүнд 195 сая шоо км гэсэн ланжгар тоо гарна. Гэвч үүний 97 хувь амсахын аргагүй далайн шорвог ус. Үлдсэн 3 хувь нь цэвэр усны нөөц. За ингээд болов уу гэтэл сүүлийн үеийн оросуудын тооцоогоор үлдсэн 3 хувийн 10 хуваасны 9-нь мөс, 47 мянган шоо км нь ашиглахад төвөгтэй газрын доорх ус ажээ. Дэлхий дээрх амьтай бүхнийг ундаалж, сэрүүцүүлж, аз жаргал бэлэглэж байдаг ариун тунгалаг рашаан маань дэндүү бага нэг хүрэхгүй хувийг нь эзэлдэг бөгөөд тэр нь тогтмол хэмжээтэй байхад хэрэглэгч, ашиглагч нь болох бурханаас нүүрэндээ үсгүй нүцгэн төрсөн мөртлөө оюун ухаан авах, идэхийн хүсэл нь дундрашгүй хүн хэмээх биологийн нэгэн бодгаль хэт олширч, хэрэглээ нь ШУ технологийн хөгжлийн хурдаар өсөн нэмэгдэж байгаагаар тун удахгүй нөөцийн хосдлын аюул нүүрлүүлж эхэллээ. Чухамхүү энэ л нууцлаг, амьд, зөрүүд, бурханлаг эрдэсээс болж хүн төрлөхтний дунд томоохон маргаан тэмцэл, үл ойлголцол бүр хүн төрөлхтний ерөнхий хямрал ойртож байгааг эрдэмдэд санал нэгтэй мэтгэж байна. Энэ хямрал нефть, эрчим хүчний хямралаас үйдсэн дэлхийн 1, 2 дугаар дайныг бодвол үлэмж харгис хэрцгий амь насны төлөөх, орших эс оршихын төлөөх тулаан болно гэж үзэж байна. Бас бизнесийн томоохон талбар ч болно гэцгээж байна. Учир нь тун ойрын үед галлон цэвэр усны үнэ галлон бензиний үнээс давах тэр мөчөөс нэг нойморын бизнес болох нь тодорч байна. Жишээлэхэд: 2009 онд Швейцарийн нэг компани АНУ-гийн Мичиган нуурын доороос гүний цэвэр ус савлан худалдаалж ганц жилийн дотор 300 сая ам.долларийн цэвэр ашиг олжээ.

НҮБ-аас 3 дахь мянганы хүн төрөлхтний гамшиг цэвэр усны гачаалаас эхэлнэ гээд 2005-2015 оныг “Амьдралын эх-Ус” сэдэвт олон улсын 10 жил болгон зарлалаа. Футурологичид “Усны нөөцийн төлөө гарах дайны уршигтай Ирак дахь Ж.Бушийн компанийг харьцуулбал хотоос гарч зугаалахтай адил” гэж зүйрлүүлж байна. “Энэ дайн бол зөвхөн усны гачаалын дайн биш цөлжилт, ургац алдалт өлсгөлөн, хүнсний гачаалыг дагуулж хурдан өсч буй ядуу хөгжиж буй орнуудаас баян орнууд руу, ядуу өмнөдөөс баян хойд руу нүүн шилжих царцааны хорлонт нүүдлийн дайн болсны дараа дэлхийн газрын зургийг харахад нүд хальтрах болно” гэцгээн “хар амлаж” байна.

Дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлүүдээр: “Дэлхийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх ямарч боломж байхгүй, бид дэлхийн цэвэр усны нөөцийг бараг шавхаж дуусч байна. Одоохон дэлхийн усны эргэлтийг ашиглаж чадвал бага зэрэг аврагдах боломжтой ч дэлхийн цэвэр усны нөөц физик боломжоо шавхахад ойртлоо.”, ”2025 онд 2 миллиард хүн уух усгүй, 60 хувь нь гүнзгий гачаал цангаатай байна”, “2025-2030 онд хүн төрөлхтөн түүхэндээ хамгийн аймшигтай сорилттой тулгарч, ундааны усны ерөнхий хямралыг амсана”, ”Нефть ,нүүрс, хийн эх сурвалжаас гадна эрчим хүчний олон эх сурвалж нээгдэж байна, харин цэвэр усны шинэ эх сурвалж нээх боломжгүй, далайн усын нэрэх, мөсийг доргиулан цэвэрлэж ашиглах нь дэндүү эрчим хүчний зардалтай, өндөр өртөгтэй” гэхчлэн бичиж байна. ЮНЕСКО-ийн захирал Коитиро Мацуха “Усны асуудал ертөнцийн гол хүчин зүйл болно, Энэ зуун усны дайны зуун болохыг хэн ч үгүйсгэхгүй” гэжээ. Түүхэнд ч уснаас үүдсэн хямрал олон гарч байсны нэг 2500 жилийн өмнө Месопотамд Лагашба, Умма хотын хооронд олон жил цус асгаруулан онц хэрцгийгээр хийсэн “усны төлөөх дайн” болж байжээ. Зөвхөн сүүлийн 50 жилд уснаас үүдсэн олон улсын маргаан 507 удаа болж, үүний 37 зэвсэг хангинуулахад дөхсөн хурцадмал байдалд хүргэсэн байна.

2. Усны асуудлаар бидний хөршүүд ба түншүүд

ОХУ-д Бидний их хөрш Орос цэвэр усны нөөцөөр Бразил, Канадын дараа ордог гадаргуугийн усны агуу нөөцтэй ч олон арван мянган усан сан, нуур, цөөрөм байгуулж цэвэр усаа “савлан” хуримтлуулжээ. Зөвхөн нийслэлээ тойруулж 57 том усан сан, усан зангилаа байгуулсан байдаг. Энэ орон ирээдүйн хүчирхэг бизнес болох цэвэр ус борлуулах нөөц, зах зээлээ бэлдэж эхэлж байна. Тэд гаднаас орж ирдэг, гадагш урсгалт гол мөрнүүд, хойт мөсөн далай, тэрч бүү хэл антарктидэд нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж бусад гүрэнтэй шөргөөлцөж байна. Москва хотын мэрээс чөлөөлөгдсөн ч их гүрний улс төр, геополитикт нөлөө бүхий хөрөнгөлөг улс төрч Ю.Лужковын тавьж байсан санал нь оросын өнөөгийн бодлоготой яв цав нийцэж байгаа нь ойлгомжтой. СНГ-ийн орнуудын усны хүнд гачаал, Каспий, Арал тэнгис, Балхаш нуураас үүдсэн “толгойн өвчин”-д тулгуурлан эдгээр орныг “уяаны ботго болгох”, Малайзаас усаар хараат Синга болгохыг ятгасан “нууц хайрын захидал” В.Путинд илгээсэн байдаг.Тэрээр захиандаа “хүчтэй бүргэд” Сталин санаачилж, энхтайванч тагтаанууд Брежнев, Горбачёвын үед дарагдаж байсан алдарт ”И засуху победим” хэмээх Сибирийн их мөрнүүдийн усыг дундад ази руу татах төслийг сэргээхийг уриалжээ.

Тэрээр “Эрхэм хүндэт В.В ! XXI зуунд хүн төрлөхтний хөгжлийг хазаарласан том шалтгаан цэвэр усны асуудал болохыг эрдэмтэд нотолж байна. Сүүлийн 10 жилд СНГ-ийн болон Оросын тодорхой бүс мужийн эдийн засгийн хөгжилд усны нөөцийн байдал маш их бэрхшээл учруулж байна. Бид дундад азийн орнуудын газар тариалан,ус хангамжийг шийдвэрлэх усны ихээхэн нөөцтэй. Сибирийн зарим нэг голын зуны үерийн болон илүүдэл усыг дундад азид хаяснаар ирээдүйн эдийн засаг, улс хоорондын харилцааг хяналтандаа авах боломжтой…” гээд  Обь түүний цутгалан болох Эрчис,Тоболийн усан сүлжээний 5-7 хувийг Казахстан, Узбекстан, Туркменстаны ус хангамж, ХАА, экологийн хурц асуудлыг шийдэхэд хангалттай гэжээ. Тэд 2550 км усан судлаар нэг жилд 27 шоо км усыг ууршихаас айлгүйгээр ил сувгаар Аму-Даръяа, Сыр-Даръяа мөрөн лүү хаяж ус халиагуурын тоолуур дээр суухаар төлөвлөжээ. Далд хоолойгоор татахаас 10 дахин хямд гээд ил суваг сонгохыг санал болгожээ. Оросын 400 трилион доллар валютийн нөөцийн 80 хувь төвлөрч байдаг Москваг мегаполис хот болгох агуу төслийг амьдралд хэрэгжүүлж чадаж байсан энэ хүн хамгийн ашигтай хувилбар сонгосон нь ойлгомжтой. Цаашлан бас манийгаа мартсангүй иймэрхүү агуулгатай хэлжээ “Өдрөөс өдөрт хүчээ цуглуулж байгаа баялаг Төв азийг алдах нь наандаж хамгийн харалган бөгөөд аюултай бодлого, агуу их нөөцтэй барьж хадгалахад хувирамтгай энэ хязгаарыг манай гүн уст голуудыг хамтран ашиглах замаар оросын хоёр толгойт бүргэдийн бодлогоор шийдэх ёстой”.

БНХАУ-д Бидний агуу их өмнөд хөрш усны нөөц, хангамжийн хүрэлцээ ирээдүйд доройтохыг мэдэрч Хөх мөрний усыг хойш татах нүсэр төслийг хэрэгжүүлэх судалгааг 50 жил хийж, 50 хувилбар дэвшүүлэн түүнээс нэгийн сонгон хэрэгжүүлж байна. Орос ах нар ярьж байх хооронд Обь мөрний эх Алтайн нуруунаас урсдаг Эрчис мөрний усыг “Төсөл №635” төслөөр үржил шим муутай Шинжаан-Уйгар луу татаж олон га усжуулж, ойрдын Ил мөрний усыг хөвөн тарвасын тариаланд ашигласнаар казахуудыг “Балхаш нуурын толгойн өвчинд” унагаж амжаад байна.Энэ оронд баригдсан усан сан, цөөрөм байгууламжуудыг тоолсноос тэнгэрийн од тоолсон нь амар.

Стратегийн түнш АНУ-д Америкийн үндэсний ус-энергийн холбоо NAWAPA Канад,Аляскийн голуудын усыг дамжуулан түгээх, бие биенийхээ усны урсацыг тэжээх усны хэрэгцээ хангах баталгаатай болгох томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Мэргэд гарахын орон Энэтхэгт “Ариун Гангын”усыг Энэтхэгийн өмнөд хуурай мужууд, деканы хойг руу татах зууны төсөл хэрэгжүүлж байна.

Эртний угсаа нэгт Туркт Засгийн газрын “ТИКА”-аар дамжуулан хуурай өмнөд нутгаар 27 миллиард долларын 9 том усан зангилааны төсөл хэрэгжүүлж 1200 орчим усан сан барьж түүнийг тойруулан үйлдвэр, уурхай, ХАА, аялал жуулчлалын бүс байгуулж чухамхүү усыг дагуулж хөгжил түгээж байгааг харсан билээ.

Аливаа гүрэн улсуудын хөгжил нь- Усны нөөц, түүний  ирээдүйн хандлагыг дагаж байдаг болохоос уурхай дагаж хөгжлөө тодорхойлж байгаа нь ховор, манайх шиг уурхай нээгээд усны нөөцийг тулгаж байдаг, гадаргын усыг ашиглах санал тавихад оронд нь “салаавч” авдаг орон ховор ажээ.

3. Монгол улсын усны нөөц,ашиглалтын одоогийн байдал, хэтийн хандлага

Монгол орны нийт ус 609.5 шоо.км. Үүний 1,6 хувь нь газрын доорх ус бусад нь нуур цөөрөм,гол мөрөн, мөнх цас мөсөн голын ус. Өөрөөр хэлбэл гадаргын гол мөрний  ус 34,6 шоо.км, газрын доорх ус 12 шоо.км байна гэсэн үг.  Гадаргын усны  38% нь Монголдоо шингэж, 62% гадагшаа урсдаг. Гэтэл ашиглалтын хувьд 80 хувийг газрын доорх усаар, 20 хувийг гадаргын усаар хангаж байгаа нь гаж тогтолцоо. Монгол улс хуурай уур амьсгалтай усны нөөцөөр харьцангуй бага орон.

Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, нөөцийг арвижуулж, байгалийн аясаар сэргээх тулгамдсан олон асуудал хэд хэдэн эмзэг цэг дээр үүсээд байна.

1.Гадаргын усны асуудал Монгол орны гадаргын усны байдал аж ахуйн болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөө,уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тун хурдтайгаар доройтож байна. 2003-2007 оны хооронд дөрөвхөн жилийн дотор 204 гол горхи, 612 булаг шанд, 406 нуур тойром ширгэсэн дүн байна. Нийт хүн амын бараг тал нь оршдог Туул голын экосистем усны нөөц, горим, чанар голын эх, УБ хотын орчим, голын адагт антропоген нөлөөллөөр чухам онц байдал тогтоохоор хэмжээнд хүрлээ. Зайсангийн орчим голын усны хэмжээ олон жилийн дундажаас 48 хувь багасч, яармагийн орчим бохирдол 10-20 дахин нэмэгдсэн. Орхон гол дараагийн эмзэг цэг болоод байна. Туул голын устай гидравлик холбоотой гүний ус агуулдаг аллювийн сэвсгэр хурдас их хотын байгууламжийн ачааллаас сууж, түвшин ихээхэн доошилсноос нөхөгдөх холбоос тасарч хаа хаанаа харанга дэлдэж эхэллээ. Гравитацийн үйлчлэлээр тунах хурдаараа ялгарч тогтсон алтны шороон ордны ашиглалтын гол судал нь гол мөрнүүдийн эх, сав газар, гол руу чиглэсэн мөргөцөг, жалгаар байрладаг нь маш их хохиролд дагуулж байна. Ус,ойн сав бүхий газрын хамгааллалтын бүсийг тогтоох ажлыг манай байгууллага 4 сарын турш амралтгүй гүйцэтгэж, энэ бүх газраар явж байхад шороон ордыг ашиглахыг шат дараатайгаар зогсоох шаардлагатайг биеээр мэдэрлээ. Улсын төсөвт олигтой орлого өгдөггүй, хил гаалиар урсан гардаг энэ шар металлаар “торгон долгио хаялан мяралздаг, хоёр ангир дандаа хөвдөг” хосгүй сайхан Туулаараа солих дэндүү харамсалтай байна. Мөн түүнчлэн ус хөтөлбөрт орсон гадаргын усыг ашиглах төслүүдийг хэрэгжүүлснээр одоогийн зохисгүй харьцааг тэнцвэржүүлж, гадагш урсгалт голуудыг хооронд нь холбож сүлжээ үүсгэн бие бие тэтгэх, үерийн, шар усны ус,хэвийн өнгөрөлтөөс илүү гарсан усыг олон жилийн тохируулгатай усан санд хуримтлуулан байгаль орчноо зөөлрүүлэх, ундааны усанд ашиглах, говь руу татаж усны хэрэгцээ хангах нь хаа ч байдаг төсөл. Үүнийг эсэргүүцэгчид Орос, хятадаар дамжин гадаад далайд гардаг тэр их үерийн усыг савлан авч хэрэглэх, боржгон удмын дорнын говийн элэг нэгт ах дүү нартаа уулгахаас харамлаж байгаа нь хэний тал вэ гэж эргэлзэхэд л хүргэн үү гэхээс эх оронч гэхэд хаашаа юм. Хэрвээ бид хөтөлбөрт суусан Эгийн голын усан цогцолборыг барьж чадвал усны нөөцөө 23%-иар нэмэгдүүлж, Монголдоо 3-д ордог Хар-Ус нуур, 5-д ордог Буйр нуурын усны эзэлхүүнтэй адил  нөөцийг бий болгох юм.

2. Газрын доорх ус Улаанбаатар хот Туулын саваас 170 орчим худгаас хоногт 167 мянган шоо метр ус авч ашиглаж байгаа ч огцом өсч буй хүн ам, шинээр ашиглалтанд орж буй хороололууд, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй улам алсаас усаа татах, үгүй бол Гачууртын усан сан байгуулах асуудлыг бидэнд тулгаж байна. Голын доорх хурдаснаас авсан хосгүй чанартай усаа эрчим хүч, түүхий эд боловсруулахад ашиглаж байгааг зогсоож” саарал ус”-аа ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийг амьдрал шаардаж байна. Өнөөдөр стратегийн ордуудыг ашиглах үйлдвэрүүдийн хүчин чадал, ашиглах хугацаа усны нөөцөөс шалтгаалж байна. Оюу толгой өнөөдөр 870 л\с ус ашиглах дүгнэлт гаргуулахдаа зөвхөн” Гүний хоолойн орд” ашиглаад 40 жил болоход газрын доорх ус 100 м доошилж, яг ийм манометрийн даралттай 180 м өргөгдөх түрэлттэй газрын доорх ус бүрэлдэхэд хэдэн сая жил болохыг тооцоо хийсэн гидрогеологчид ч, нөөцийн тооцоо хийдэг канадын Акватерра компанич хариулж чадахгүй. Үндсэндээ бид говийн Оюу, Таван толгой, Цагаан суврагын ордууд, Сайншандын үйлдвэрийн паркийн усны хэрэгцээг хангахад өнөөгийн илэрсэн говийн усны ордууд хаанаа ч хүрэхгүйн тодорхой байна. Бид юу юугүй түмэн жил хэрэглэх үүцээ задалж байна. Одоогийн байдлаар лиценз авсан байгууллага болгон түүнийхээ тоогоор газрын доорх усны хайгуул хийж, нөөцийг нь тулган батлуулж, шууд худаг гарган ашиглаад байгаа задгай тогтолцоог хуулиар зохицуулах цаг болоод байна. Усны газар ч нохойд барих модгүй, хүчирхэг гүрний компаниудын тооцооны өмнөөс сөргүүлж шалгах орчин үеийн аргачлал, мэргэжилтний хувьд дутагдаж хүч мөхөстөж, аманд нь багтаж байна. Усны Газар ийм нүдээр үзэж, туулж очоод хэмжих боломжгүй гүний усны төвшин, хөдөлгөөнийг хараандаа байлгаж байхын тулд мониторинг хийх цооногийн сүлжээ байгуулах болон усны чиглэлийн ажил хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв гаргаж өгөхөд бүтэн жилд 470- хан сая төгрөг баталж өгөөд түүнийхээ  тэн хагасыг Сангийн яам хасаж байгааг харахад усны талаар санаа зовож зүтгэх бодлого тодорхойлох хүмүүс үгүйлэгдэж байна. Хүнийх нь уух усыг шийдэхэд ийм мөнгө төлөвлөөд хасдаг байхад, монголын малд төсөл хэрэгжүүлэхэд 27 тэрбум төгрөг зарцуулж, урсаж хулждаггүй тасарч, доош шингэдэггүй ойд 5 тэрбум, ямааны ноолуурт хэдэн тэрбум билээ төлөвлөж зарж чадаж байна. Дэлхий усны төлөөх дайнд бэлтгэж,зарим нь усаар баяжих бэлтгэлээ хангаж байхад бид дэлхий хуурайшиж, гол мөрөнүүд ширгэхэд монголын говийн доорх тэнгис аварна гэж эрдэмтэд үздэг “үүцээ” зэсийн 64  хувийг авах харийнханд, нүүрсээ угаагаад хятад гаргах компаниудад арай ихээр задалж байгаа юм шиг санагдаж байна. Хөрөнгө Оруулалтын Гэрээнд гадаргын ус 30 хувиас багагүйг ашиглахыг тусгах асуудал дээр хатуу зогсохыг монголын усны нөөцийн ирээдүйн чиг хандлага шаардаж байна.

3. Усны институцийн тухай
Социализмийн үед аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг Усны салбарын депертамент, яам байгуулагдаж байсан боловч зах зээлийн системд амьдрах чадваргүйгээ харуулан задарсан. Өнгөрсөн 20 жилд хотжилт, хүн амын төвлөрөл, хувийн өмчийн өсөлт, зах зээлийн шинэ эрэлхийллийн дүнд шал өөр бүтэц тогтоцоор байгуулах шаардлага гарч өнөөгийн дүр төрхөөр усны салбарыг байгуулж эхлэн 5 жил болж байна. Богино ч энэ хугацаанд багагүй амжилтанд хүрч усны нөөцийг зах зээлийн нөхцөлд тохируулан зохион байгуулж, гол мөрнүүдийн сав газрын зөвлөлүүд байгуулж, төр, хувийн хэвшил, иргэний байгууллагын харилцан түншлэлийн хүрээнд усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нэмэгдүүлэх нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар 2010  онд батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хариуцан ажиллаж байгаа нь яалт ч үгүй ойрын 20 жилд энэ чиглэлээр гарсан хамгийн том үсрэлт боллоо. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юуны өмнө яаралтай шийдэх хэдэн асуудал тулгарч байна.

1. Усны хуульд орох өөрчлөлтийг нэн тэргүүнд хийж холбогдох хууль тогдоомжуудтай уялдуулах,

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогыг зангидах, хяналт тавих, олон нийттэй ажиллаж нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх, гүйцэтгэгчийг сонгох ажил зохион байгуулах үүрэгтэй тохируулагч агентлагийн статустай байхаар төрийн институцийг өөрчлөн зохион байгуулах,

3. Усны салбарын байгууламжуудын ашиглалтыг үр дүнтэй зах зээлд тохирсон байлгахын тулд холбогдох газруудаас зохих дэмжлэг авчихаад байгаа ЗГХА Усны Газраас санал болгож буй ТӨХК болох “УС КОРПОРАЦИ” байгуулах ажлыг засгийн газраас дэмжих шаардлага тулгамдаж байна. Энэхүү нийтлэлийг албаны байр сууриас биш хувийн санаа саналаа тусгасныг ширгээж ойлгоно уу.

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газрын орлогч дарга,
МУ-ын зөвлөх инженер Ц.Сосорбарам
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж