Ерөнхий сайд хүүтэйгээ нисдэг тэргээр иржээ

Хуучирсан мэдээ: 2013.04.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хүүтэйгээ нисдэг тэргээр иржээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийчихээд /04.06/ Бурхан халдун уулыг зорьсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг багийнхныхаа хамтаар холбоо тасарсан тухай мэдээ шинэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн цацагдсан нь цочирдом үйл явдлын нэг байлаа.

Ерөнхий сайд 70 гаруй хүний хамтаар өнгөрсөн бямба гаригийн үдээс хойш Улаанбаатар хотоос хөдөлжээ. Бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс  мөн цөөнгүй хүн багтсан байсан аж. Харин хэн хэн ууланд авиралт хийхээр Ерөнхий сайдтай хамт явсан талаарх мэдээллийг талууд нууцалж буй юм. Мөн эх сурвалжийн мэдээгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүүгийнхээ хамт Бурхан халдуныг зорьсон байжээ.

Тэд өчигдөр өглөө Бурхан халдун ууланд авиралтаа эхлүүлж, үдээс хойшдоо бууж ирэхээр цаг товлосон байсан ч бүгд сураг тасарч, холбоогүй болсон тул отогт үлдсэн хүмүүс Онцгой байдлын ерөнхий газарт мэдэгдсэн бололтой юм. Улмаар ням гаригаас даваа гаригт шилжих шөнийн 04.00 цагийн орчимд Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй эрлийн багийнхан нисдэг тэрэг хөлөглөн Бурхан халдуныг зорьжээ. Хэдийгээр эрлийн баг үүрээр хөдөлсөн гэж байгаа ч Ардчилсан намынхан бол шөнөжин пижигнэж эрэл хайгуулд мордсон гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. Одоогоор болж өнгөрсөн үйл явдлын талаар мөн онцгойгийнхон хэдэн цагийн турш эрлийн ажиллагаа явуулснаар Ерөнхий сайд болон хамт явсан 70 хүнийг нь эсэн мэнд олсон тухай албан мэдээллийг өгөх газар олдохгүй байна. Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс Засгийн газрын Хэвлэлийн албатай холбогд гэсэн зөвлөгөөг өгч байгаа бол эмнэлгийн тусламж үзүүлэх чиг үүрэгтэй Эрүүл мэндийн яамныхан ч мэдээлэл өгөх боломжгүйгээ сануулав. Тэд “Энэ талын мэдээллийг зөвхөн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаар дамжуулж ав” гэсэн хариултыг өглөөнөөс хойш өглөө. Хамгийн тодорхой зүйл нь ууланд авирагчид цасанд боогдож, зорьсон газартаа хүрч очиж чадаагүй аж. Харин харилцаа холбоо хөгжсөний хүчинд ууланд авирагчид GPS  зүүсэн байсан нь эрлийн багийнхныг хоёр хэсэг тасарсан уулчдын байршлыг тогтоож эсэн мэнд олоход тусалжээ. 

Ямар ч байсан, Засгийн газраас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр Ерөнхий сайд тэргүүтэй 10 гаруй хүнийг эхний ээлжинд нисдэг тэргээр Улаанбаатар хотод авчраад байна. Албан бус мэдээллээр бол Ерөнхий сайд хоёрдугаар эмнэлэгт үзүүлж, эмч нарын хяналтад орчихоод гэр рүүгээ явсан бол сайд Ч.Сайханбилэгийн гар, хөлийн үзүүр хөлдсөн байж болзошгүй тул тус эмнэлэгт хэвтэн эмчилгээнд оржээ.  Ерөнхий сайд хүүгийнхээ хамт нисдэг тэргээр Улаанбаатарт ирсэн гэх мэдээллийг ч албан бус эх сурвалж хэлэв.

Ерөнхий сайдын хүү нисдэг тэргээр ирсэн нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсонтой холбоотой байж болзошгүй гэнэ. Учир нь эрүүл мэндийн хувьд гайгүй гэсэн хүмүүс нь машинаар Улаанбаатар хот руу хөдөлсөн бол яаралтай тусламж авах шаардлагатай хүмүүсийг нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авчирсны зэрэгцээ мөн  Багануур дахь эмнэлэгт хүргэх ажиллагаа явагдаж буй ажээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол 15.00 цагийн байдлаар Багануур дүүргийн эмнэлэгт 20 гаруй хүн хүлээн авахаар бэлтгэл хангаад байгаа ажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж