
-Одоогоор аль замуудыг хаагаад байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг хаасан байсан. Цасан шуурга харьцангуй намжсан тул хаасан замыг өнөөдөр 07.00 цагт нээлээ. Яг одоогийн байдлаар улсын чанартай болоод орон нутгийн хаагдсан зам, даваа алга байна.
-Ирэх өдрүүдэд цаг агаарын байдал тогтворжих болов уу?
-Ер нь ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай, зарим газраа 18-22 метр секунд хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Ялангуяа Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар цасан болон шороон шуургатай байна. Онцгой байдлын ерөнхий газраас орон нутгуудад цаг агаарын болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулга өгч, байнга холбоотой байгаа.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд цасанд боогдсон тохиолдол гарсан уу?
-Дорнод аймгаас нийслэл рүү ирж явсан зургаан автомашин цасанд суусан байсныг Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй ажиллаж, 40 гаруй хүнийг аварсан.
-Одоогийн байдлаар хэдэн аймгийн хэдэн сумдад хаваржилт хүндрээд байна вэ?
-Улсын хэмжээнд есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндэрсэн мэдээ байна. Гэхдээ Дорнод аймгийн Халхгол сумаас өөр бусад газрууд хаваржилт хүндэрсэн тухай тусламж хүссэн мэдээлэл ирүүлээгүй байна.