“Оддын эрэлд-2” тэмцээнээс олдсон “одод”-ын нэг бол дуучин М.Насанбуян. Уг тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15-ын нэг, “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гээд энэ эмэгтэйг “тэмцээнээс төрсөн од” хэмээн тодотгоход буруудах зүйлгүй. Түүгээр ч барахгүй Насаа рок поп ертөнцийн сор болсон МУГЖ Б.Сарантуяагийн цор ганц шавь болсон азтай бас адтай нэгэн. Хар багаасаа гавьяатад тоогдож, хаа ч явсан хамгаалагч аятай дагаж явдаг тэрээр эх орондоо ирээд удаагүй байна. Учир нь “Universe best songs-2012” наадмын хоёрдугаар байранд шалгарч, Солонгос улсад суралцах эрхтэй болсоноор хилийн дээс алхсан тэр цагаас хойш уран бүтээлээсээ холдож, эх орондоо тоотой үзэгдэх болсон билээ. Тэгвэл авьяаслаг залуу дуучин бүсгүй тун удахгүй харийн оронд сурч мэдсэнээ уран бүтээлээрээ харуулах гэнэ.
Эх сурвалж: www.grandnews.mn