Нийслэл хот “Тусгаар тогтнолын талбайтай “-тай болно

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Нийслэл хот “Тусгаар тогтнолын талбайтай “-тай болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чандмань төвийн урд талбайг “Тусгаар тогтнолын талбай” хэмээн нэрлэж, иж бүрэн тохижуулахаар боллоо. Аливаа улсын нийслэл тусгаар тогтнолын талбайтай байдаг төдийгүй Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан “Ялалтын талбай” талбайг шинэчлэх, иж бүрэн тохижуулан “Тусгаар тогтнолын талбай” болгох санаачилгыг хотын мээр гаргажээ. Түүхэнд тэмдэглэснээр Богдын хүрээ байгуулах газрыг шинжиж явсан эрдэмтэн, мэргэд ар Халхын нутгийн баруун хэсэгт овоо тахилгатай, үзэсгэлэн төгс “Чингэлтэй” хэмээх билэгтэй сайхан уулын энгэрт Сэлбийн голын сэргэлэн шар дэнж /одоогийн Чандмань төвийн ард/-ийг сонгон шав тавьсан түүхтэй.  Ийнхүү энэ газарт 1778 онд анх Их хүрээ Хүй мандалаас нүүдэллэн ирж, Богдын шар өргөөг барьж гал голомтоо бадраасан байдаг. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан тэр жил гадаадын түрэмгийллээс сэргийлэх, гадны ноёрхлыг таслан зогсоох зорилгоор Богд хаан зарлиг гаргаж, худалдаа эрхэлж байсан орос, хятад, америк зэрэг гадаадын пүүсийн худалдаачдаас татвар хураамж авах хэлбэрээр шахалт үзүүлж эхлэхэд худалдаачид одоогийн Чандмань төвийн урд талбайд жагсаал цуглаан олонтаа хийдэг байжээ. Мөн 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын ардын журамт цэрэг болон Улаан армийн анги, нэгтгэл одоогийн Чандмань төвийн урд талбайд цугларан, “Сүхбаатарын талбай” руу хөдөлсөн түүхтэй. Иймээс тэрхүү талбайг “Ялалтын талбай” хэмээн нэрийдэж ирсэн байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын жилүүдэд мөн л энэхүү талбай нь хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан үзэл санааны индэр болж байсан. Ийнхүү манай улсын тусгаар тогтнолын үйл явцуудтай салшгүй холбоотой энэхүү талбайг хотын мээрийн санаачилснаар “Тусгаар тогтнолын талбай” хэмээн нэрийдэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдлээ. “Тусгаар тогтнолын талбай”-н иж бүрэн тохижуулах ажилд 500 сая төгрөг зарцуулах бөгөөд ирэх намар Нийслэлийн төрсөн өдрөөр ашиглалтад оруулах юм.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж