1973 оноос эхтэй “Family Circle Cup” тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо болж байна. Нийт 790 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан төрлийн шигшээд АНУ-ын Серена Уильямс Сербийн Елена Янкович нар шалгаран үлдлээ. Тэмцээний хагас шигшээд Серена өөрийн эгч Винусийг 6:1, 6:2-ийн харьцаагаар буулган авснаар тус тэмцээний гурав дахь түрүүгээ хүртэх эрхийн төлөө шалгарлаа. Дэлхийн манлай теннисчин Серенагийн хувьд тус тэмцээнд 2008, 2012 онуудад түрүүлж байжээ. Харин нөгөө хэсгээс тэмцээний есд эрэмбэтэй Сербийн Елена Янкович шалгарлаа. Янкович Швейцарийн Штефани Вогелег хоёр цаг гаран үргэлжилсэн тоглолтод 6:4, 6:7 (6:8), 6:2-ийн харьцаагаар буулган авсан байна. Швейцарь теннисний хувьд тэмцээний 10-т эрэмбэйтэй Германы Жулия Гёргес, дэлхийн экс тэргүүн теннисчин, тэмцээний хоёрт эрэмбэтэй Данийн Каролина Возняцки нарын шидлгүүдийг буулган авснаар хагас шигшээд шалгарчээ.
Ч.БОЛ
2004 онд тус тэмцээнд түрүүлж байсан АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс хагас шигшээд дүү Серенатай оноолт таарч 1:6, 2:6-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Өнгөрсөн жил үе мөчний өвчний улмаас олон сар тэмцээнд оролцоогүй Винус он гарсаар цуврал тэмцээнүүдэд оролцож өдгөө WTA чансаанд 24-д бичигдэж байна. "Их дуулга"-ын долоон түрүүт Винус 2002 онд дэлхийн манлай теннисчин болж байсан.