Б.Галдаа: Дээрээс үүрэг өгөөгүй гэж цагдаа нар хэлдэг бол дээдчүүд нь гал нээж болохгүй шүү гэсэн гэдэг

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Б.Галдаа: Дээрээс үүрэг өгөөгүй гэж цагдаа нар хэлдэг бол дээдчүүд нь гал нээж болохгүй шүү гэсэн гэдэг

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх
Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа­тай ярилцлаа.
-Прокурорын
дэргэдэх Мөрдөн бай­­цаах алба гэхээр цагдаа нарыг мөш­гөдөг
байгууллага гэсэн ойлголт иргэ­дийн дунд байдаг. Энэ албаны чиг
үүр­­гийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Манай алба
байгуулагдаад найм дахь жилдээ ажиллаж байна. Албаны бүтцийг хэлэх юм
бол 24 мөрдөн байцаагчтай. Орон нутагт хэлтэсгүй ч үндэсний хэмжээнд үйл
ажиллагаа явуулдаг. Үндсэн чиглэлийн хувьд өөрийн чинь хэлээд
байгаачлан цагдаагийн байгууллагыг л хянадаг байгууллага биш л дээ.
Хяналтын функц ч манайд байхгүй. Үндсэн үүрэг бол хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагч, шүүгч, прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтны
үйлдсэн гэмт хэргийг шалгадаг газар юм. Тагнуул болон цагдаагийн ажилтан
гэдэг нь сүүлд нэмэгдсэн юм. Товчхондоо тусгай субьектуудыг л шалгах
үүрэг зорилготой байгууллага гэж ойлгох хэрэгтэй.

-Энэ хугацаанд
хууль хяналтын хэдэн албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн тоо байдаг
бол?

-Жилд дунджаар 600-700 орчим гэмт хэргийн шинжтэй
гомдол, мэдээлэл авч шалгадаг.

-Айхтар үзүүлэлт байна?

-300-400
гэмт хэргийн мөрдөн байцаалт явуулдаг байгууллага байсан. Сүүлийн
гурван жилд гэмт хэргийн тоо харьцангуй буурсан. Одоо бол 300 орчим
хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа. Нэг жилд шүү дээ. Ийм л ачаатай.
Шалгаж байгаа хэргийн 30 гаруй хувь нь хөдөө орон нутгийн, 40 гаруй хувь
нь нийслэлийн харьяалалтай хэргүүд байна. 

-Шалгасан
хэргийн хувьд буурсан үзүүлэлттэй байна. Гэтэл сүүлийн үед хууль,
хяналтын байгууллагынхан албан тушаалаа урвуулан ашигласан талаарх
мэдээлэл илт нэмэгдсэн. Жишээлэхэд, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хувийн өс хонзонгоор өөрийг нь шалгуулж байна
гэхчлэн ярилцлага өгөх болсон. Шүүгч, прокуроруудын талаарх саар
мэдээлэл ч чих дэлсдэг. Иймэрхүү ярианууд хэр үндэслэлтэй байдаг юм бэ?

-АТГ-ын
шалгаж буй хэрэгт манайх оролцохгүй. Тэр бол тусдаа бие даасан
байгууллага. Харин АТГ-ын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх эрх бүхий
субьектуудтэй холбоотой гэмт хэргийг манайх шалгаж болно. Саяын хэлдэг
хүнтэй холбоотой хувийн өс хонзон, өөр янз бүрийн сэдэлтэйгээр шалгасан
уу гэдгийг би эндээс хэлж суух нь утгагүй биз дээ.

-Сүүлийн
үед танай харьяаллын хэрэг буурч байна гэж түрүүн хэллээ. Танай
харьяаллын хүмүүсийн ёс зүй дээшлээд гэмт үйлдэл хийхээ больчихож гэж
ойлгох уу, эсвэл тэдний гэмт хэрэг бүр далд, боловсронгуй болоод байна
уу?

-Буурч байгаа үзүүлэлтийг муу талаас нь ойлгохгүй
байгаа. Анх нь 700-800 гомдол шалгагддаг байлаа. Манай алба
байгуулагдахаас өмнө бол жилдээ 100 гаруй хэрэг шалгагдаж байсан гэдэг.
Түүнээс шүүх, прокурор руу шилжээд ял аваад явдаг хэрэг ерөөсөө байхгүй
байтал энэ алба байгуулагдсанаар хэргийн тоо огцом 3-4 дахин нэмэгдсэн.
Энэ алба байгуулагдсанаар хураагдсан хэргийн талаарх  мэдээллийг хүмүүс
сөхөх ханд­лага нэмэгдсэнтэй холбоотой байх. Өмнө нь хуулийнхан,
ялангуяа хэрэг бүрт­гэгч, мөрдөн байцаагч, цагдаагийн ажилтнуудтай
холбогдсон гомдлуудыг цагдаа өөрөө шалгаж хаацайлах байдлаар ханддаг
байсан учраас хэрэг дарагдах, ил гарахгүй байх шинжтэй явсан байх гэж
ойлгодог. Харин сүүлийн үед бол цочроо орсон. Бид сүүлийн үед урьдчилан
сэргийлэх үүднээс хамтарч ажиллан, энэ төрлийн гэмт хэргийг судалж
ажилдаг болсон. Гэхдээ хууль, хяналтынхан дот­роос гэмт хэрэг үйлдэж
байна уу гэвэл тийм.

-200-300 гэдэг чинь их тоо биш гэж үү?

-Уг
нь хууль сахиулагчид өөрсдөө гэмт хэрэг үйлдэнэ гэдэг өөрөө утгагүй юм л
даа. 200-300 хэрэг гэдэг бол уршигтай  үзүүлэлт мөн. Энэ салбарт
ажиллаж буй хүн нь хэд билээ дээ. 

-Ер нь танай албыг
жаахнаар ч зогсохгүй “шоовдорлох” үйлдэл харагдаад байна уу даа. Яагаад
гэхээр орон тооноос эхлээд хэцүүхэн. Дээр нь цагдаа нарыг шалгахаар ар
гэрийнхэн нь ирээд л жагсч сүйд болдог. Их дарамттай биз?

-Ер
нь мэргэжил нэгтнүүдийнхээ хэргийг шалгана гэдэг амар ажил биш.
Харьцуулъя л даа. Албан тушаалтны авлигын хэргийг шалгана гэдэг бол
өөрсдийнх нь мэргэжлээс өөр субьект байдаг.  Гэтэл бидний хувьд
өөрсөдтэй маань мэргэжил нэгтэй мөрдөн байцаагч, шүүгч, прокурор хэрэг
үйлдчихээр тэднийг шалгана гэдэг бол хүнд. Ялангуяа манай албаны мөрдөн
байцаагчид голдуу 30-аас доош насныхан. Тэгэхээр эд нарын арга барил
дутна, чадамж нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй байна. Тэдний энэ сул талыг нь
ашиглах гэдэг. Эсвэл цол хэргэм, авдаг цалин хөлс, албан тушаал, эрх
мэдлээрээ барихыг, үйл ажиллагаанд нь саад учруулахыг оролддог.
Долдугаар сарын 1-ний хэргийг шалгаж байхад 24 цагийн турш бидний ажлыг
хийлгэлгүй, хүндрэл учруулж л байсан. Гэхдээ энэ бол ил дарамт. Үүнээс
гадна далд дарамт ч бий. Ухаан нь, манай дэслэгч цагдаагийн хурандаа
цолтой хүнийг, эсвэл прокурорыг дуудахад асуудалтай. Прокурор чинь өөрөө
бидний хэрэгт хя­налт тавьдаг субьект юм шүү дээ. Шүүгч чинь хэргийг
тасалдаг. Бүх эрх мэ­дэл нь тэдний гарт бүрэн дүүрэн бай­даг. Гэхдээ
үүгээр бид бэрхшээлийн өмнө сөхөрөхөд хүрдэг гэж байгаа юм биш. Хуулийн
хүрээнд чадахаасаа ядах хүртэл хэрэгжүүлнэ. Харин сөхрүүлэхэд хүргэдэг
хүчин бол олон шүү. Манай статус өөрөө их сонин. Зүгээр аль нэг мөрдөн
байцаах газрын тасгийн бүрэлдэхүүний тоонд хүрэхгүй байна гээд  бод л
доо. Гартаа барьсан ганц ч бороохойгүй хүмүүс шүү дээ.
 
-Хангамжийн
хувьд ямар вэ. Эдийн засгийн хараат бус байдлаас эхлээд дарамтад орох
магадлал өндөртэй шүү дээ. АТГ албан тушаалтнуудыг шалгадаг бол танайх
хуулийн чиглэлээр нарийн мэргэшсэн, юу хийж, юу хэлэхээ, яахаа мэддэг
хүмүүсийг шалгаж байгаа шүү дээ?

-Үнэн. Санал нэг байна. Энэ
хоёр байгууллагын мөрдөн байцаагч нарыг харьцуулбал өдөр, шөнө шиг
ялгаа гарна. Манай мөрдөн байцаагчийн дундаж цалин 250 мянган төгрөг.
АТГ-ынхан үүнээс 3-4 дахин их. Дээр нь хангамж их. Халдашгүй эрхээр
хангагдчихсан. Харин манайд үзэгнээс өөр зэвсэггүй. Хэрэг мөрдөхөөр
явлаа гэхэд такси бариад явж байх жишээтэй. Үүнээс болоод шуурхай байдал
их алдагддаг. Жижүүрийн үүрэг гүйцэтгэх орон тоо байхгүй. Гэтэл захын
цагдаагийн хэсэгт шуурхай ажиллагааны бүрэлдэхүүн ажиллаж байгаа шүү
дээ. Цаашдаа бодох л асуудал.

-Одоохондоо гэр бүлгүй
залуучууд ажилладаг гэхэд цаашдаа гэр бүлтэй болж тэднийгээ тэжээхийн
тулд цалин багатай хүмүүс хахууль авахыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Яг
үнэн. Эдийн засгийн хувьд юм юм л шаардлагатай болно. Тиймээс ганц­хан
зүйлийг л би захидаг. Мөлхөж байсан ч хүнээс битгий юм аваарай. Түүний
оронд танилаасаа аваад хэдэн сар буцааж өгч чадалгүй явсан нь дээр гэж.
Үүнийг үнэхээр төрөөс бо­дох хэрэгтэй. Манайх хуулиараа бол цаг­даатай
адилтгах хангамж эдлэх ёстой. Гэтэл унаанд үнэгүй явдаг, яаралтай үед
унаа зогсоогоод явчих эрх, хэм хэмжээ нь бидэнд байхгүй. Ердийн иргэдтэй
адил мөнгөө төлөөд явдаг ч түүнийг нь эргүүлж өгөх боломжгүй. Гэхдээ
энэ байдал нөлөөлөөд ажил үүргээ биелүүлж чадахгүй гарсан хүн одоохондоо
байхгүйд баярладаг.

-Танайхан хэргийг шалгаад про­ку­рорт,
прокуророос шүүхэд шилжихэд та нарын зүйлчилсэн заалт эсрэгээрээ эргэх
тохиолдол байдаг уу. Өөрөөр хэлбэл гадны нөлөөлөл?

-Энэ
асуудлын хувьд бүх юм номоороо явдаг гэж хэлж чадахгүй. Жирийн
цагдаагийн хэрэг бол нэг өөр. Харин офицерийн бүрэлдэхүүн, шүүгчтэй
хол­боо­той ч юм уу, прокурортой холбогдсон хэрэг цааш алхах их дургүй.
Бидний тавьсан санал заримдаа унах нь ч бий.

-Эсрэгээрээ
шийдэгдчихдэг гэж ойл­гож болох нь ээ?

-Унана гэдэг чинь
эсрэгээрээ шийдэг­дэж байна гэсэн үг. Гэхдээ бид ийм тохиол­долд гомдол
гаргах, эсэргүүцэх бичиг гаргах нь хуулиар хориотой. Сэт­гэлд хүрэхгүй
шийдэгдсэн хэрэг бол байдаг.

-Долдугаар сарын 1-нд хүний
амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан цагдаагийн дарга нарыг шалгаж
бай­сан. Сүүлдээ Өршөөл үзүүлэх тухай хуу­лиар өршөөгдсөн гэсэн. Энийг
цааш ал­хах дургүй тэдгээр хэргийн тоонд оруулж болох уу?

-Өршөөлийн
хуулийн зүйлчлэлээр явчихсан. Буу барьж явсан цагдаа нар биш зохион
байгуулж удирдсан албан тушаалтнуудыг нь албан тушаалын хэргээс эцэслэн
шийдэгдсэн. Харин албан тушаалын хэрэг нь өршөөлд хамрагдсан зүйл
ангиудад орчихсон явж байгаа юм. Тиймээс тэгэж шийдэгдэхээс өөр аргагүй.
Харин өөр зүйл ангиар өөрчлөх байсан бол прокуророос тэр тогтоолыг нь
хүчингүй болгоод дахин шалгуулдаг ч юм уу энэ асуудлыг өөр байдлаар
шийдэх боломжтой эсэх байсныг хэлж чадахгүй. Ямар ч байсан прокурорын
шийдвэр гаргаад нэг жилийн хугацаа өнгөрлөө.

-Хэргийн дараа
Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн хурлын прото­ко­лыг танайхан үзсэн
гэсэн. Хурлын үеэр өндөр албан тушаалтнуудаас “Буу­дах эрх өгөөдөх” гэж
орилсон тухай мэ­дээ­лэл байдаг. Тэр хүн хэн байсан юм бэ?

-Бид
одоо нэр хэлэх хэрэггүй. Гэхдээ хавтаст хэрэгт бол тийм юм бий.
Шаард­лагатай баримтыг протоколдож авсан юм.

-Тэгж хэлсэн нь
үнэн юм байна. Тийм ээ?

-Анхны бужигнаан болж байхад тэгж
дуугарсан хүн бидний шалгаж байсан хүмүүсийн дотор байх нь байдаг.
Тэглээ гээд дуугарсаных нь төлөө зүйл анги халдаагаад явбал болохгүй л
дээ.

-Тэр хүн танайхны шалгаад бай­сан цагдаагийн удирдах
албан тушаалт­нуудыг нэг байж гэж ойлгох болох уу?

-Үндэсний
аюулгүй байдлын зөвлөлд хамаарч байсан хүмүүсээс л тавьсан асуудал юм.
Хамааралтай бүх газрынхан л цуглачихсан байсан. Тэдний нэг нь л тэгж
хэлсэн.

-Ерөнхий сайд С.Баяр “Манай бай­рыг шатаагаад байна.
Буудах эрх ол­гоо­дох” гээд орилсон гэх яриа байдаг. Эсвэл тэр юм уу?

-Бид
нар түүний хэлсэн тийм үгийг протоколоос олж хараагүй. Хамгийн сүүлд
цагдаа руу, обьект руу дайраад бүх юм захиргаанаас гараад явчихсан.
Аюулгүй байдлын зөвлөлийн хурлын өмнө, Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас
өмнө л яахав, ийхэв гэж байхад гарсан яриа шүү дээ. Гэхдээ тэрийг нь
шийдвэр гаргагчид огт хүлээж аваагүй юм билээ. Хэзээ ч галт зэвсэг
ашиглаж болохгүй гэж үүрэг, чиглэл өгсөн байдаг юм билээ.

-Буудуулсан
дөрвөн хүнийг цаг хуга­цааны хувьд онц байдал зарлахаас өмнө амь
үрэгдсэн гэдэг. Магадгүй тэгэхээр цагдаагийн удирдлагууд үүрэг өгсөн
гэдэгтэй таарч байгаа юм биш үү?

-Тэгж хэлэхэд хэцүү. Онц
байдал зарласан, зарласнаас хойш тараах үүрэг авсан тэр хугацаатай л
давхцаж байгаа юм. Онц байдал зарлахаас өмнө иргэд рүү гал нээсэн зүйл
байхгүй.

-Цагдаагийн удирдлагууд тухайн үед байлдааны сум
хэрэглээгүй, байгаа ч үгүй гэж мэлзсэн. Харин танай мөрдөн байцаалтаар
байлдааны сум байсан төдийгүй өгсөн нь тогтоогдсон шүү дээ. Тэдэн шиг
хариуцлагатай албан ту­шаалтнууд худал мэдүүлэг өгч болдог юм уу?

-Хамаагүй
худлаа яриад байж болохгүй л дээ. Гэхдээ тэр хэрэгт сэжиглэгдэж байгаа
этгээдүүд юу ч ярьж болно. Худлаа ярьсан байсан ч түүнийхээ төлөө
хариуцлага хүлээхгүй. Харин гэрч, хохирогч зориуд санаатай худал
мэдүүлээд байгаа бол хариуцлага хүлээдэг. Гэхдээ шалгалтаар галт зэвсэг
хэрэглэсэн, тэр нь гадных биш цагдаагийнхнын хүрээнд хэрэглэсэн юм байна
гэдэг нь тогтоогдсон. Шинжээчид ч баталсан.

-Хохирогчдын
амийг хөнөөсөн сум аль цагдаагийн буунд байсан нь тог­тоогдсон уу.
Нөгөөтэйгүүр, I эмнэл­гийн эмч, сувилагч нар хүмүүсийг зугтаж байхад нь
хөөгөөд буудсан гэдэг шүү дээ. Хар, цагаан жийптэй байсан ч гэлцдэг. Тэр
машин хэнийх байсан юм бол оо?

-Бүгдтэй нь уулзаж, мэдүүлэг
авсан. Хар, цагаан машин гээд ярьж, хөөрдөг. Бид бүх боломжоороо
шалгасан. Гэхдээ манайх бол гүйцэтгэх ажил явуулах эрх мэдэлгүй. Уулзаж,
байцаалтын аргаар нь тогтоодог.

-Хэрэгтнийг олох гарц байна
уу. Энэ хэрэг ер нь цаашаа ямар байдлаар төгсөх бол?

-Өршөөлийн
хуульд хамрагдаж байна гэдэг бол эцсийн шийдвэр гарч байна л гэсэн үг  л
дээ. Хэрэг прокурорт шилжсэн. Бид ингэнэ, тэгнэ гэх нь утгагүй.
 
-Хохирогч
нар гомдол гаргаж болох юм даа?

-Тийм. Тэдэнд гомдол гаргах
эрх нь байгаа. Тэгэх ч бололцоотой.

-Хэргийг мөрдөж байхад
танайханд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Ерөнхийлөгч байсан хүнээс
эхлээд өндөр албан тушаалтнууд гээд эрх мэ­дэл­тэй олон хүнийг шалгасан
шүү дээ?

-Тэр хүмүүс бидний урдаас дарамт, шахалт үзүүлсэн
зүйлгүй. Ирээд хэлэх, ярихаа хэлж л байсан. Дарамт учруулсан зүйл
ажиглагдаагүй шүү. Гэхдээ мөрдөн байцаалт явуулахад хүнд байсан. Бид
нарыг үүргээ биелүүлсэн хүмүүсийн эсрэг, хууль бусаар хандаж байна гэсэн
айхтар уур амьсгалыг олон нийтэд төрүүлж байсан. Цагдаа нарын ар гэрийн
холбооноос гадна цагдаа нь иймэрхүү ажилд өөрсдөө хутгалдаад явж байсан
ч юм бий. Хууль сахиулагчид хэн нэгэн даргыг өмгөөлөх үйлдэл хийж,
мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байсан. Ер нь ийм юм дахин бүү
үзэгдээ­сэй л гэж залбирахаар л асуудал.

-Хөндлөнгөөс
харахад цагдаагийнхан энэ хэргийг нууц хэвээр үлдээхийн тулд зохион
байгуулалттайгаар оролцсон юм шиг харагддаг. Хэрэгт яллагдчаар татагдсан
хүмүүс бүгдээрээ нэг өмгөө­лөгч­тэй ч байх шиг. Ингэж болдог юм уу?

-Нэг
өмгөөлөгчтэй байна гэдэг байгуул­лага нь санаа тавьсан хэрэг байх л
даа.
-Бас тэд иргэдийг яагаад буудчихав гэдэг их сонин
санагддаг. Бухимдсандаа гал нээчихэв үү, эсвэл өгсөн үүргээ
гүйцэтгэчихээд нуугаад байна уу гээд л…?

-Өөрсдөө
зодуулчихсан, баахан хүмүүс нь бэртэл авчихсан байхад зэвсэг өгөөд
иргэдийн өмнөөс явуулах нь сайхан санаа биш. Зодуулсан, бэртсэн
хүмүүсийн сэтгэл зүй ямар байх вэ. Тэр үед тэвчээр алдагдаж, зарим
тохиолдолд зодуулчихсан хүн хэрхэн хандах вэ гэдгийг сайн бодож зохион
байгуулаагүй. Дээр нь хүмүүстээ хяналт тавиагүй. Санаа тавиагүйгээс л
болоод хүний амь насыг хөнөөсөн болов уу гэж бид нарт харагддаг.

-Үүрэг
өгөөгүй л гээд байдаг?

-Дээрээс үүрэг өгөөгүй гэж цагдаа
нар хэлдэг бол дээдчүүд нь гал нээж болохгүй шүү гэсэн гэдэг.

-Гал
нээсэн хэргээр шалгагдсан таван цагдаагийн хэрэг шүүхэд шилжсэн болов
уу?

-Шүүхэд шилжсэн хүн байхгүй шүү дээ. Буу зэвсэг
хэрэглэсэн гэж байгаа хүмүүс чинь Цагдаагийн тухай хуулиар гал зэвсэг
хэрэглэх эрхтэй. Хуулиар олгогдсон зургаа, долоон тохиолдлын хүрээнд
хүрээнд галт зэвсэг хэрэглэсэн болж таарсан. Гэхдээ санаатайгаар галт
зэвсэг хэрэглэсэн гэдгийг тогтооход хүнд. Тэгсэн бол өөр хэрэг. Хэний
сум хэний амийг хөнөөснийг ч мэдэх аргагүй. Зарим үед сургалтын сум
өгсөн үү, байлдааны сум өгсөн үү гэдгийг ч мэдээгүй гэдэг хүмүүс байдаг.

-Хүний амь хөнөөсөн хүмүүс зүгээр өнгөрч, иргэд хохироод л
өнгөрөх нь ээ?

-Түүнээс болгоомжилж цагдаа нартай холбоотой
хэргийг нь хүний амийг санаатайгаар хөнөөсөн гэсэн зүйл ангиар явж
байсан юм. Гэтэл хуулийн зохих заалтад хамраад ирэхээр хэрэгсэхгүй
болгохоос өөр аргагүй болсон.

-Та хэний сум хэний амийг
хөнөөс­нийг ч мэдэх аргагүй гэлээ. Гэтэл үй­мээнд оролцсон иргэд хэн нь
аль цон­хыг хагалсан, юуг шатаасныг нь тогтоогоогүй ч ялласан шүү дээ.
Уг нь адилхан л байх ёстой биз дээ. Цаг­даа­гийн сум, иргэдийн чулуу
хаа­на туссаныг хэн ч тогтоогоогүй нь адил­хан. Гэтэл иргэдийг болохоор
ялласан?

-Тэрийг шийдсэн газар нь мэдэж байгаа байх.
Хэтэрхий туйлшраагүй байх л даа. Энэ хэргийг мэдэхгүй учраас танд
хариулах боломжгүй.

-Яагаад асуугаад байна гэхээр шүүгч,
эсвэл прокурорынхон гадны нөлөөнд авсан байж болзошгүй гэж үзээд
танайхан шалгаж болох уу?

-Манай харьяаллын биш учраас
шал­гахгүй. Тэрийг хянадаг шалгадаг га­зар нь тусдаа шүү дээ. Тийм эрх
мэдэл ч байхгүй.

-Цагдаа нарын хэрэг хэрэгсэхгүй болоод л
дууссан юм байна, тийм үү?

-Өршөөлд ордог нь ороод, үлдсэн
нь гэм буруугүйгээр хуульд заасан хор уршиг учруулах гэсэн хуулийн
заалтын дагуу, дээр нь цагдаагийн хуульд заасан эрх үүргээр яллах
боломжгүй гэж үзсэн.

-Хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан гэж
ойлгож болох уу?

-Болно.

-Сүүлийн асуулт. Ер нь
шүүх, про­ку­ро­­рынхон шудар­га ажиллахгүй байна гэдэг­тэй та санал
нийлэх үү?

-Нийгмийн сэтгэл зүй, янз бүрийн судалгаа,
хэвлэлээр гарч байгаа мэдээлэл, бидний шалгаж байгаа зарим хэргээс
харахад шударга ажиллаж, хүний эрхийг хөсөрдүүлэхгүй байна гэх
боломжгүй. Оргүй хоосон зүйл иргэд яриагүй. Энийг л хуулийнхан дор
дорноо судалж үзэх хэрэгтэй.
 
Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж