Монгол хүн бүтээн байгуулалтынхаа хүч болно

Хуучирсан мэдээ: 2013.04.07-нд нийтлэгдсэн

Монгол хүн бүтээн байгуулалтынхаа хүч болно


Шинэчлэлийн Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавин “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж буй. Монгол хүнээ эх орныхоо бүтээн байгуулалтын гол хүч болгохыг зорьсон энэ хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 4827 суралцагч танхимын сургалтаа дуусгаснаар маргаашаас дадлагад гарах бол хоёрдугаар ээлжийн 2000 гаруй суралцагч мөн хичээлдээ ороход бэлэн болоод байгаа юм. Харин тэдгээр залуус энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо цуглаж шинэ бүтээн байгуулалт эхлэхэд тулах цэг нь болж ажиллах хүчнээр бэлтгэгдсэндээ сэтгэл өндөр байна. Суралцагчдын хувьд хоёр сарын турш танхимын боловсролоор дамжуулж онол үзсэн бол одоо түүнийгээ практикт хэрэгжүүлэх дадлагад суралцана. Тодруулбал, гурван сар дадлага хийх шатанд ажил олгогч нартайгаа хамтран ажиллана. Дадлага дуусахад “Одоо хаана очиж ажлын байр хайх вэ” гэж санаа зовох зүйлгүй. Шууд л тухайн дадлага хийсэн газартаа ажиллах хүчин болж үлдэнэ. Ажил олгогч нарын зүгээс ч мэргэжилтэй ажилтан хайж явах шаардлагагүй, өөрсдийн захиалгаар бэлтгүүлсэн мэргэжилтэй ажилтнуудаа үндсэн ажилтан болгож авна. Ийм эргэх холбоон дунд үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна.

“Баялгийг бид бүтээнэ” уриан дор өнгөрсөн баасан гаригт “Буянт ухаа” цогцолборт болсон арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажилд үндэсний мэргэжилтэй ажилтны хэрэгцээ их байгаа. Монголын залуучууд гадны орныг зорин ажиллах биш, монгол орондоо ажиллах хүчнээ бэлтгэх ажлыг Шинэчлэлийн Засгийн газар эхлүүллээ. Хоёр сарын хугацаанд онолын мэдлэгээ судалж, гурван сарын хугацаатай дадлагад гарах болж байна. Барилга, зам тээвэр, хөдөлмөр, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг салбар бүрт бидний хийх ажил их байна. Нийт суралцагчиддаа сурлагын ажилт хүсье. Монгол Улсыг монгол хүн хөгжүүлнэ. Түүний түүчээ нь та нар байх юм шүү” гэсэн урмын үгийг суралцагчдад хандан хэлсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Та өөрийгөө 40 настай бас нуруу намхан одоо ч ажилд авах газар олдохгүй. Би яаж өрх гэрээ авч явах вэ” гэж санаа зовох зүйлгүй. Хөдөлмөрийн төв биржид очин, бүртгүүл. Дараа нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцан мэргэжилтэй ажилтан бол. Таныг бүтээн байгуулалтын их ажил хүлээж байна” гэсэн нь насаар ялгаварлагдан ажилд орж чадахгүй яваа иргэдэд нэлээд итгэл өгсөн болов уу.

Мэргэжилтэй ажилтан болохоор бэлтгэгдэж байгаа залуучуудыг насны хувьд авч үзвэл 18-45 насныхан бол 57 хувь нь эмэгтэйчүүд аж. Ялангуяа хөдөөгийн залуучууд мэргэжилтэй ажилтан болох хүсэл эрмэлзэл их байгааг холбогдох албаныхан өгч байна.

Авто зам, барилгын салбарт ажиллах хүч эрэлттэй байна


Хөдөлмөрийн яамнаас санаачлан “Бид баялгийг бүтээнэ” уриан дор өчигдөр Сүхбаатарын талбайд хөдөлмөрийн өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хөвсгөл, Булган, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дархан-Уул зэрэг нийт 21 аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан залуус, мөн суралцахаар шалгалтандаа тэнцсэн залуус өргөнөөр оролцож, шинэ бүтээн байгуулалтын эзэд болохыг бусдад уриаллаа. Мөн нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд ажил идэвхитэй хайж байгаа иргэдийг бүртгэж, ажил олгогч нарт зуучлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулсан юм. Хөдөлмөрийн өдөрлөгт иргэд олноороо хүрэлцэн ирж, ажлын байрны захиалгыг сонирхож байлаа. Тэр дундаа 40-өөс дээш насны хүмүүс Мэргэжлийн сургалтын төвд суралцан, үнэмлэхтэй болж, улмаар ажлын байранд шууд очих боломжийг төрөөс олгож эхэлсэнд сайшаалтай хандаж, идэвхитэй бүртгүүлж байлаа. Холбогдох албаны хүмүүсийн тайлбараар бол 40-өөс дээш насныхан хамгийн хариуцлагатай ямар ч ажлыг чанартай хийдэг зэрэг чанар нь ажил олгогч нарын хувьд онцолж үзэх шалгуур болж буйг мөн хэлж байв. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн дарга С.Чойноровын тайлбарласнаар энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 6700 иргэнийг тогтмол ажлын байраар хангажээ. Харин бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 35212 байгаа бол ажил олгогч нарын зүгээс 28 мянган ажлын байрыг санал болгосон аж. Нийт ажлын байрны 50-иас дээш хувь нь зам тээвэр, барилгын салбарт эрэлттэй байгаа бол 20 орчим хувь нь боловсруулах салбарт хэрэгцээтэй ажлын байрны захиалга аж. Хавар болж, бүтээн байгуулалтын нөр их ажил эхлэх болж байгаа нь барилга, авто зам барих ажиллах хүчнийг хамгийн ихээр шаардаж буйг онцоллоо. Шинэчлэлийн Засгийн газар хийгээд Хөдөлмөрийн яамны хувьд бүтээн байгуулалтын ажилд ихээр шаардаж байгаа ажиллах хүчнээ дотоодоосоо бүрдүүлэхийг гол зорилго болгож буй ч хүч хүрэхгүй, нарийн мэргэжил шаардсан ажлын байранд гадаадаас ажиллах хүч авахаас аргагүй тохиолдол бийг бас сануулж байна. Тэгэхдээ хэтийн зорилго нь дотоодод бэлтгэгдэхгүй байгаа нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилтныг дотооддоо бэлтгэх чиглэлээр тодорхой зорилго тавин бас ажиллаж эхэлжээ.

Г.ДАРЬ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж