зургаан хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Хууль зүйн яамнаас боловсруулсан зургаан хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, ирэх даваа гарагт УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Эдгээр нь Мөрдөх албаны тухай, Маршалын албаны тухай, Цагдаагийн албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслүүд юм.
Хүний наймаа, мөнгөн угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, үндэстэн дамнасан шинжтэй болж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах ийм гэмт хэргүүдтэй тэмцэх байгууллагуудын чиг үүрэг тус тусдаа, хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй хэвээр байна. Иймд цаашид арга барил, бодлогоо энэ үеийн нөхцөлд нийцүүлэн сайжруулах, дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан байгууллага бий болгох шаардлагатай юм. Энэ үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө "мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба бопгон нэгтгэн зохион байгуулж, мөрдөх албаны дэргэд шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох" зорилт дэвшүүлсэн. Дээрх 6 хууль батлагдсанаар хууль зүйн салбарт дорвитой шинэчлэл эхэлнэ.
зөвлөмжийг ард иргэддээ хүргэж байна
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужуудад томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэндийн байгууллагаас нь мэдээллээ.
Манай иргэд хамгийн их зорчдог өмнөд хөршид ийм өвчин гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна.
Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарсан улсадаялал, жуулчлалаар явахгүй байх, түр хойшлуулах, зайлшгүй очвол амьд амьтны зах, дэлгүүр болон тахиа, шувуу, гахайн фермээр орохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн ахуйн нөхцөлд шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах, бүрэн боловсруулж, буцалгаж хэрэглэх, шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүйгээр ундандаа хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн амнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг ард иргэддээ анхааруулж байна.
Товчхон:
- АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Мөн хэлэлцээрийн төслийг хариуцах ГХЯ, ХЗЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
- Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн манай улсад хийсэн айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
- Хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг дэмжлээ. Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад 2013 оны 5 дугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
- БНТурк улсын Анкара хотноо 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд болсон Эдийн засаг, худалдааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VII хуралдааны дүнг сайшааж, хэлэлцсэний дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, аялал жуулчлалын зэрэг олон салбарт хоёр улс идэвхтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
- Аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжлээ. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хууль бус үйлдвэрлэл, худалдаа, хууль бус цагаачлап, хүн худалдаалах, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйпдэх, мөнгө угаах, галт зэвсэг, тэсрэх бодис, химийн зэвсэг, цөмийн болон цацраг идэвхит бодисын хууль бус худалдаа, хүн хулгайлах, барьцаалах зэрэг 17 төрлийн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамтран тэмцэхээр төсөлд тусгагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.