Биржийн нээлтийн арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай, ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Мөнбат болон албаны бусад хүмүүс оролцов. Туршилтын арилжаагаар зөвхөн ноолуур арилжих ба эхний ээлжинд Сүхбаатар, Хэнтий, Дорнод гэсэн зүүн бүсийн гурван аймгийг хамруулжээ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг арилжаа танхимын аргаар буюу нийслэл дэх компанийн байранд брокерууд хөдөө орон нутгаас нийлүүлэх түүхий эдийн тоо хэмжээ, үнийг худалдан авагч талд зуучилж өгөх байдлаар туршилтын арилжаа өрнөлөө.
Монголчуудын хувьд хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн арвин туршлагатай ч өгч, авалцах тал дээр асуудалтай байсаар ирсэн. Малчин өөрөө хотон дотроо малаа төхөөрөөд, цаг алдахгүйн тулд зүс таньдаг хэдэн ченждээ хэлсэн үнээр нь өгчих шахам. Худалдаа, наймааны уламжлалт аргатай бидний хувьд одоохондоо утас, интернэтээр хэлцэл хийж буй хөдөө аж ахуйн бирж гэгч нь шинэ тогтолцоо, салбарынхны ярьж буйгаар түүхэн үйл явдал болж байна. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай “Биржээр худалдах, худалдан авах санал ил тод байх учраас ченжийн дамжлагаар ороод түүхий эд, бүтээгдэхүүний үнэ өсдөг, хомсдол гардаг асуудал байхгүй боллоо” хэмээж байсан. Одоогийн байдлаар туршилтын арилжааг эхлүүлж, биржийн арилжаа хийх төгс программыг ашиглаагүй ч 2014 оноос үнэт цаасны зах зээлийн арилжаанд ашигладаг шиг зориулалтын программыг нэвтрүүлэх юм.
Чингэлтэй дүүрэгт байрлах “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн байранд болсон туршилтын анхны арилжаанд 32 брокерийн компанийн төлөөлөл сууж оролцох ёстойгоос өчигдөр 18 компанийн брокерууд арилжаа хийлээ. Арилжаагаар авах захиалга давамгай буюу нэг тэрбум 493 сая төгрөгийн 21770 кг ноолуур худалдан авах санал ирсэн бол 434 сая 967 мянган төгрөг бүхий 5960 кг ноолуурын худалдах захиалга ирүүлжээ. Ингээд авах, зарах санал зөрөөд анхны арилжаагаар үнэ тогтож, биелсэн арилжаа хийгээгүй юм. Анхных гэдэг утгаараа туршиж, даваа гаригт хийх арилжаагаар үнэ тогтох бололтой.
Танхим дотор брокерийн ажилтнууд худалдах, худалдан авах саналыг шивэх, солилцох зориулалтын програм ашиглаж, утсаар ярьж хөдөө суурин байгаа ажилтнуудтайгаа холбогдож байна. Тэд программаа судлах гэж Санхүүгийн зохицуулах хорооны сургалтад хамрагдсан бөгөөд өдөр болгон ийнхүү арилжаанд оролцох ажээ. Биржийн арилжаа гэхээр л брокерийн ажилтнууд дэлгэц харцгаан шуугилдах нь санагддаг. Тэгвэл жижиг дэлгэц дээр худалдах, худалдан авах санал цаг, минуттайгаа гарч байсан юм. Ямартай ч туршилтын арилжаа эхэлж байгаа учраас дутагдалтай зүйл байсан ч цаашдаа туршлагажих нь илүү чухал биз. Брокерууд болон худалдагч талууд тээвэрлэлтийн асуудал хүнд байгааг хэлж байна лээ. Тодруулбал, брокерийн компаниуд хөдөө орон нутагт нь ноолуурыг хүлээж аваад хот руу тээвэрлэхээ өөрсдөө шийдэж байгаа гэнэ. Ингэхээр тээвэрлэлтийн зардлыг худалдаж буй үнэдээ шингээж таарна. Тиймээс брокер болон худалдагч талуудын зүгээс эхний ээлжинд тээвэрлэлтийн асуудлыг төр засгаас дэмжихийг хүсч буйгаа илэрхийлэв. Харин албаныхан тээвэрлэлтийн асуудлыг шийдэж өгнө гэх бөгөөд ингэхдээ тээвэрлэлтийг даатгах байдлаар зохицуулах гэнэ.
Түүхий эдийг наймаалцдаг ченжийн дамжлагыг халах зорилготой ХАА-н биржийн арилжаанд оролцсон 18 брокерийн нэг болох “Сантланс ХААБ” ХХК-ийн брокерийн ажилтан Х.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани аль аймгаас хэрхэн оролцож байна вэ?
-Бид Төв аймгийн 20 сумаас ноолуур худалдахад зуучилж ажиллаж байна. Ерөнхийдөө бид хүлээн авах ноолуураа цаг алдалгүй хүлээж авахын тулд аймагтаа суурин ажиллаж байгаа. Ингээд өглөө бүр Төв аймгаас ирж арилжаанд оролцох юм. Өдөр тутмын ажлыг хийх албаныхан дээр хоршоодын хүмүүс нийлээд 15 хүн ажиллаж байна.
-Одоогоор танай компанид хэдэн тонн ноолуур худалдах нөөц байна?
-Одоогоор манайд дээрх 20 сумын малчин, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчээсээ 12 тонн орчим ноолуур худалдахаар цуглуулсан. Ингэхдээ хоршоодоор дамжуулж ноолуураа хүлээн авлаа.
-Арилжаа хийхэд ямар нэгэн саад тулгарч байна уу?
-Саад, бэрхшээл гэх зүйл одоогоор алга. Яваандаа гарах л байх. Хөдөөнөөс холбогдохын тулд интернэт, утас ашиглаж байна. Саналуудаа шивэх, солилцох програмаа судалсан. Санхүүгийн зохицуулах хорооны нэгдсэн сургалтад өнгөрсөн жилээс эхлээд хамрагдсан.
-Танай компани биржийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юу. Эсвэл хөдөө аж ахуйн биржийн зориулалтаар байгуулагдсан уу?
-Манайх хөдөө аж ахуйн биржийн брокерийн зориулалтаар байгуулагдсан. Сургалтад суугаад сая гуравдугаар сарын 1-нд албан ёсоор тамга, тэмдгээ авч байгуулагдаад нийт 15 гаруй ажилтантай ажиллаж байна.
Арилжааны танхим нээлтийн ажиллагааны үеэр л үүдээ нээж, ноолуур худалдах, худалдан авах саналыг компьютерийн програмд оруулах, солилцох арилжааны явц хаалттай болсон юм. ХАА-н биржийн арилжаа эхний ээлжинд зүүн гурван аймгийг хамарч байгаа тул баруун аймгуудаас арилжааг сонирхохоор ирсэн брокерын ажилтнууд гадна хоцорлоо. Мөн худалдан авагчид ч ирсэн байлаа. Баруун аймгийнхан “Дараа нь манай аймгийг хамрах юм чинь анхны арилжаа хэр болсон гэдгээр нь харж сонирхох хэрэгтэй байна” гэж шүүмжилж байна лээ. Дараагийн удаад энэ асуудлыг албаныхан нь шийдэх хэрэгтэй болов уу. Аль болох нээлттэйгээр арилжаа өрнөж байвал цаашдаа энэ үйл явц боловсронгуй болох, хүмүүст танин мэдэхүйн талаасаа ч бодит туршлага өгч чадах билээ.
Арилжаатай холбоотойгоор хүнс экспортлогч нарт анхаарах нэгэн зүйлийг дуулгая. Биржээр арилжих жагсаалтад орсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг экспортоор гаргахдаа заавал биржээр оруулсан байх шаардлагатай болж байна. Ийнхүү туршилтын арилжаагаар ноолуурыг л оруулж байгаа бол цаашид хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжих нэр төрлийг улам нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүн худалдах юм байна. Шууд бус худалдаагаар аливаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нь, хүссэн хэмжээгээрээ эрэл сурал болохгүйгээр худалдаж авах боломжтой гэж буй. Биржээ амжилттай ажиллуулахын тулд зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл, брокер, нийлүүлэгчдийн тухай ярихаас гадна арилжааны төрлүүдийг шинээр нэвтрүүлэх ажээ. Үүний нэг бол “фьючерс” буюу ирээдүйд биелэх арилжаа. Хүмүүс тэдий хугацааны дараа тийм хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авна гэсэн захиалгаа өгч, түүгээр арилжаа хийгдэж байх арилжааны тогтвортой байдлыг хангасан төрлийг ашиглана гэж байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчдад бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллийг шуурхай, тасралтгүй авах боломж олгож буй. Энэ арилжаа амжилттай үргэлжилбэл малчид, түүхий эд боловсруулагчид хөдөлмөрийнхөө үр шимийг бодит үнэлүүлэх бөгөөд түүхий эдээ хэрхэн борлуулах тухай бодох шаардлагагүй болж, өрхийн орлого тогтворжих нь ээ.
Анхны арилжааны дүн мэдээллийг ЭНД дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.