Монгол Улсаас Бруней Даруссалам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бруней Даруссалам Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эрхэмсэг дээд Ханхүү Мухамед Болкиах-д бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдын захидлыг албан ёсоор гардуулсан байна. Уулзалтын үеэр Шинэчлэлийн Засгийн газар АСЕАН-ы орнууд болон Зүүн Өмнөд Азид гадаад харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилааж байгааг дуулгаад манай улс тус бүс нутаг дахь интеграчлалын үйл явцад нэгдэн орж, өөрийн хувь хандиваа оруулах хүсэлтэй байгааг илэрхийлжээ. АСЕАН-ы Гадаад харилцааны Сайд нарын 46 дахь хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болдыг урьж оролцуулан, Монгол Улсыг тус байгууллагын яриа хэлэлцээний түнш болох сонирхлоо илэрхийлэх боломж олгох тал дээр энэ жил АСЕАН-ыг даргалж байгаа улсын хувьд дэмжинэ үү хэмээн хүсэлт тавьжээ.
Эрхэмсэг дээд Ханхүү Мухамед Болкиах Гадаад харилцааны сайд Л.Болдод мэнд дэвшүүлэхийн ялдамд АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох сонирхлоо Пакистан, Шри Ланк, Бангладеш зэрэг орон мөн илэрхийлсэн байгаа хэдий ч танай талын хуралд оролцох хүсэлтийг нааштай хүлээн авч хариуг албан ёсоор мэдэгдэнэ хэмээв.
Мөн Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улсын Гадаад харилцаа, худалдааны яаманд АСЕАН-ы Захирал Жохариа Вахабтай уулзжээ. Уулзалтаар манай талаас тавьж буй хүсэлтээ илэрхийлж, улмаар 46 дахь хуралдааныг зохион байгуулах ажлыг хариуцаж буйн хувьд дэмжин ажиллахыг хүссэн байна гэж Гадаад харилцааны яамнаас манайд мэдээллээ.
Д.ЦЭЭНЭ