-Дэлхийн алдартай бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд бэлэн болж байгаа юм байна. Мюзиклд ямар хамтлаг, дуучид оролцож байгаа юм бэ?
-Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг эх орныхоо хөрс шороон дээр бүрэн эхээр нь буулгахад бэлэн болоод байна. Уг мюзиклийг төгс хэлбэрээр нь үзэгч түмэндээ хүртээхийн тулд урлаг соёлын нэр хүндтэй олон уран бүтээлчид ажиллаж байгаа.
Тухайлбал, Жульеттад “Классик Жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, Өрлөг эхэд МУГЖ Б.Сарантуяа, хатагтай Капулетэд ДБЭТ-ын жүжигчин Б.Нармандах, ноён Капулетэд дуучин Б.Цогдэлгэр, Ванд “Элкондор” хамтлагийн дуучин Б.Цогоо, хатагтай Монтеккид дуучин П.Өнөржаргал зэрэг уран бүтээлчид тоглоно.
-Ромеогийн дүрээр нийгэмд юу гэж хэлэхийг хүсч байгаа вэ?
-Би СУИС-ийг 2005 онд энэ мэргэжлээр төгссөн. Энэ чиглэлээрээ бүрэн бүтээл хийхийг хүсч мөрөөдөж явдаг байлаа. Мөрөөдлийг минь биелүүлсэн “Сонгодог мюзикл” продакшины хамт олон болон З.Лхагвадорж ахдаа маш их баярлаж байгаа. Мюзиклийн хувьд жүжиг, дууриас гол онцлог нь цэвэр хөгжим тоглогдоно. Тиймээс тэр хөгжим хүнд юу хэлэх гээд байгаа гэдгийг жүжигчин хүн биеийн үйлдэл болон өөрийн дуу хоолойгоороо илэрхийлэхийг хэлж байгаа юм.
Ер нь урлагийн хамгийн цогц дээд урлаг гэж хэлж болох юм. Уг мюзикл мэдээж хайр дурлалын жүжиг гэдэг нь тодорхой. Гэхдээ би хайр дурлалыг гол болгож тоглоно гэж бодохгүй байгаа. Учир нь уг мюзиклийг эв нэгдлийн дуулал юм болов уу гэж би бодож байгаа. Сүүлийн үед хүн хүнээ хайлаж байна уу. Хайр ер нь хаашаа яваад байна вэ гэдгийг бодох цаг болсон байх. Тиймээс ч миний дүр хайргүй нийгмийн золиос болж байгааг нэлээд тод томруун харуулахыг хичээн тоглож байгаа.
-Дүрийн сонголтын талаар яриач. Энэ дүр дээр хэчнээн өрсөлдөгч байсан бэ?
-Уг дүрийн санал надад өнгөрсөн жилийн намар ирсэн.Сонголтын ажил бараг бүтэн жилийн турш үргэлжилсэн. Найруулагч маань Ромеогийн дүрийг энэ чиглэлээр төгссөн мэргэжлийн хүн байвал зүгээр гэж үзээд, СУИС-ийн багш нартай уулзсан юм билээ. Багш нар маань намайг санал болгосон учир би сонгогдсон. Түүнээс дүрийн шалгаруулалтад оролцож, өрсөлдөж сүйд болоогүй. Тиймээс багш нартаа үнэхээр их баярлаж байгаа. Миний өрсөлдөгчөөр дуучин Б.Амархүү гэх зэрэг маш чадварлаг нэлээд олон уран бүтээлчид байсан юм билээ.
-Мюзиклд нийтдээ хэчнээн дуу дуулагдах вэ. Та хэдэн дуу дуулах вэ?
-Мюзикл дээр нийтдээ 50 гаруй дуу байгаа. Үүнээс би 15 дууг дуулах болно. Одоо дуунууд дээрээ ажиллаад дуусч байна. Бүжгийн бэлтгэл үлдээд байна. Мюзиклд маш олон хүн оролцдог. Тиймээс үйл хөдөлгөөн алхаа бүгд хөгжмийн аянд явдаг болохоор бүжгийн бэлтгэлд их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Мюзикл бол драмын жүжгийг бодвол бүх зүйлд баригддаг яг хайрцагт тоглодог. Өөрөөр хэлбэл, жүжигчин хөгжмөө сонсох ёстой, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хэтрүүлэн тоглож болдоггүй.
-Улаан хивсний ёслол хэзээ болох вэ. Тасалбар хэдэн төгрөгөөр зарагдах бол?
-Улаан хивсний ёслол ирэх сарын 3-нд болно. Мюзикл ганцхан удаа тоглогдоно. Харин тасалбарын хувьд хосоороо 100 ам.доллараар зарагдах юм билээ. Учир нь уг мюзиклийг эх орондоо тоглох тулд 350 гаруй хүний хөлс хүчээр, 200 гаруй мянган ам.долларын зарлагадаж байж бүтээж байгаа. Тиймээс бараг ашгийн бус гэж хэлж болно.
Эх сурвалж: www.mminfo.mn