Төмөр замын шинэчлэлд юу хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Төмөр замын шинэчлэлд юу хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Д.Энхбат:

-Монгол Улс төмөр замын нэгдсэн сүлжээтэй байх ёстой. Бид хоёр том хөршийн дунд байгаа. Хоёр хөршийн аль аль руу төмөр замаар гарах боломжтой. Миний бодлоор өргөн царигаар ч, нарийнаар ч сэлгээ ачилт хийгээд бүтээгдэхүүнээ хоёр хөрш рүүгээ гаргаж чаддаг байх ёстой. Заавал нэг цариг барина гэх шаардлага байхгүй. Улсдаа ашигтай хувилбарыг л барих ёстой.

Дэлхийн нүүрсний нөөцийн бараг тал хувь нь ОХУ-д бий. ОХУ бол энэ талаараа манай маш том өрсөлдөгч. Гэхдээ бид хоёр зүйлийг бодох ёстой. Нэг нь БНСУ, Япон хоёр Оросын нутгаар хойд талаараа нүүрс авах боломжтой. Нөгөө талаас БНХАУ манайхаас нүүрс авах боломжтой. БНСУ, БНХАУ, Япон гурвуулаа манай том хэрэглэгч. Миний ойлгож байгаагаар Монголын төмөр зам Хятад руу ч явж чаддаг байх ёстой. БНСУ, Япон руу ч явж чаддаг байх ёстой. Өргөн, нарийн хоёулаа Монголд байж болно. Сэлгэн ачих цэгүүд нь ч Монголд байх ёстой.

Тавантолгойн орд дээр л гэхэд өргөн зам ч, нарийн зам ч очсон байг л дээ. Манайд ажлын байр бий болно. Тавантолгойд Оросын, Хятадын , Монголын вагоны аль аль нь очиг. Олон эгнээ замтай байдаг шүү дээ.

Манайхан нарийн зам тавьбал Хятадууд манай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь зөөчихнө. Өргөн замтай бол дотооддоо боловсруулах үйлдвэртэй болно гээд байх юм. Гэтэл зөөхдөө хүрвэл ямар ч зам байсан зөөнө, зөөхгүйдээ хүрвэл ямар ч замтай байсан зөөхгүй шүү дээ.

Монголд өргөн, нарийн хоёр зам хоёулаа байг, сэлгэн ачих талбай нь манайд байг. Боловсруулах үйлдвэр хатуу Монголд байг. Би ийм л бодолтой байна.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж