Дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн гуравны нэгийг бүрдүүлэх нүүрсээр Улаанбаатар өвөлд дулаацаж, урин хавартай сая золголоо. Аз болж Монгол Улс нүүрсээр баян. Гэсэн ч дэлхийн хамгийн үнэтэй нүүрсийг гэр хорооллын иргэд нь худалдан авч байна.
Тэд нэг тонн нүүрсэнд дунджаар 100-150 мянган төгрөг төлдөг. Тэгвэл БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компани Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсэнд нэг тонн тутамд 70 ам.доллар төлж байна.
Өнгөрсөн оны байдлаар манайх 31.1 сая тонн нүүрс олборлож, түүнээс 20.5 сая тонн нүүрсийг экспортод гаргасан бөгөөд улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Энэ нь нүүрсний хамгийн том хэрэглэгчтэй хаяа дэрлэн суух орны хувьд тун бага үзүүлэлт болохыг Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж хэллээ.
Ашигт малтмалын газраас өнгөрсөн онд гаргасан статистик мэдээгээр Монгол Улс нүүрсний геологийн таамаг нөөц нь 163.2 тэрбум тонн, үүнээс боломжит коксжих нүүрсний нөөц 40 орчим тэрбум тонн. Тус газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх “Манай улсын нүүрсний экспорт цаашид тогтвортой өсч 2020 онд ойролцоогоор 80 сая тоннд хүрнэ. Үүний 50 гаруй сая тонн нь коксжих нүүрс байх боломжтой” гэв.
Манайхаас даруй 860 дахин том эдийн засагтай өмнөд хөрш нүүрсний импортоор дэлхийд тэргүүлж байна. Тэдний цангааг тайлах гэж Монгол, Австрали, Мозенбек, Индонез нүүрсээ зөөсөн ч үлэмж зах зээлийн хэрэгцээ хангаж үл хүрэлцэнэ. Урд хөршийн нүүрсний импорт 2011 онд 44.7 сая тонн байсан бол өнгөрсөн онд 53.6 сая тонн болж өсчээ.
Манайх Хятадад нийлүүлж буй коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийн өмнүүр дайрсан. Гэсэн ч энэхүү байр сууриа удаан хадгалах эсэх нь эргэлзээтэй.
Өнгөрсөн онд нүүрсний салбар таагүй байсан ч Монгол Улс Хятадын коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч хэвээр үлдсэн. Цаашдаа урд хөршийн нүүрсний зах зээлд тэсэж үлдэх, түүний зиндаанд ойртох эсэхийг өрсөлдөх чадвар шийдэх аж. Өрсөлдөх чадварт нүүрсний боловсруулалт, дэд бүтцийн хөгжил багтаж буй. Өнгөрсөн онд урд хөршийн коксжих нүүрсний нийт импортын 36 хувийг манайх дангаар бүрдүүлсэн байдаг.
Дэлхийн нүүрсний эрэлт, хэрэгцээг зохицуулж буй урд хөршийн зах зээл бидэнтэй дэндүү ойрхон. Гэсэн ч ойртох тусмаа холдон буй хөгжлийн ялгааг сүүлийн жилүүдэд хүчтэй мэдрэх болсон. Газарзүйн байршил гэсэн том давуу талтай ч үүнийгээ бид 100 хувь ашиглаж чадаагүй. Тиймээс байгаа боломж, боломжит зах зээлийг хэрхэн ашиглах нь манай тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан учирлаж байна.
Дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр газрын тосноос нүүрсэнд шилжиж буй. Тиймээс нүүрсний жилийн нийт эрэлт 2017 он гэхэд есөн тэрбум тонн хүрэх таамгийг “Пийбоди Энержи” компаниас дэвшүүлээд байна. Үүнийг Дэлхийн эрчим хүчний агентлаг бататгаж буй. Зөвхөн урд хөршөөс гадна Ази-Номхон далайн бүсийн коксжих нүүрсний гол хэрэглэгч болох Япон, Өмнөд Солонгос нүүрс худалдан авах сонирхлоо манайд илэрхийлсэн. Уг нь “Монгол нүүрс Австралийн Боуэн Бэйсин, Хятадын Шанси зэрэг дэлхийд тэргүүлэгч брэнд нүүрстэй өрсөлдөхүйц сайн чанартай” гэж “Монголын Уул уурхайн корпорац”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл онцолсон.
УИХ-аас 2010 онд “Монгол нүүрс” хөтөлбөрийг баталж байсан. Уг хөтөлбөрийг залгах шинэ бодлогыг Уул уурхайн яамнаас нүүрсний салбарт хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь экспортын нэгдсэн нэг цонхны бодлого. Уг бодлогын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байгаагаа салбарын сайд мэдэгдсэн. Түүнчлэн нүүрсний салбарт илүү нээлттэй бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ хөрөнгө оруулагчдад амласан юм. Тиймээс Монголын нүүрсний өрсөлдөх чадварт төрийн саад барцад арилна гэсэн хүлээлт үүсээд буй.
Монгол Улсын нүүрсний салбарын зах зээлийн тойм судалгаанд “Хятадын гадаад зах зээлээс импортлох нүүрсний хэмжээ ирэх 2015 онд 230 сая тонн-д хүрнэ. Үүнээс 58 сая тонн нь коксжих нүүрс байна” гэж онцолжээ.
Урд хөрш дэлхийн нүүрсний тэн хагасыг зарцуулдаг, хамгийн том хэрэглэгч бас олборлогч орон. Эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Т.Баасанпүрэв “Монголын нүүрсний салбар дотооддоо өрсөлдөөнтэй байх хэдий ч төмөр зам болон хил, гаалийн хүчин чадлаа өсгөснөөр Хятадын нүүрсний зах зээлд хүч түрэн орж ирэх боломж нээлттэй” гэв.
Нүүрсний салбарын зах зээлийн тойм судалгаанд өгүүлснээр 2015 он гэхэд Хятадын импортын нүүрсний 33, коксжих нүүрсний 70 хувийг манайх нийлүүлэх боломжтой юм байна.
“Эрчим хүчний бусад эх үүсвэрүүд бий болж байгаа ч нүүрс Азидаа эрчим хүчний хаан байх болно” хэмээн Худалдаа Хөгжлийн Банкны Ерөнхийлөгч ноён Рандолф С.Коппа нэгэнтээ хэлж байсан. Түүний хэлж байсан зүйл ирэх жилүүдэд биелэлээ олох магадлал өөдрөг хэвээр байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг, Дэлхийн нүүрсний ассоциацийн урьдчилсан тооцоолсноор ирэх жилүүдэд нүүрсний эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэх аж. Үүнд, дэлхийн хүн ам болон Хятад, Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт нөлөөлнө хэмээн тайлбарлажээ. Мөн газрын тосны нөөц багасч байгаа нь нүүрсний эрэлтэд хүч нэмэх бололтой.
Дэлхийн нүүрсний хэрэглээ гурван жил тутамд ойролцоогоор 25 хувиар нэмэгдэж байгаа нь үүнийг нотлох шиг. Олон Улсын эрчим хүчний агентлаг 2011 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2035 он хүртэл 40 хувиар өсөх таамгийг дэвшүүлсэн. Дэлхийн нийт нүүрсний нөөц ойролцоогоор 861 тэрбум тонн бөгөөд өнөөгийн үйлдвэрлэлийн түвшингээр тооцоход 150 гаруй жил ашиглах боломжтой гэдэг.
Овор ихтэй, байгаль орчинд халтай гэж нүүрсийг ад үзэх ч хүн төрөлхтөн түүнээс татгалзсангүй. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт нүүрс олборлолтын хэмжээ 7.8 тэрбум байсан бол энэ хэмжээ 2015 онд найман тэрбум тоннд хүрнэ гэсэн төсөөлөл бий.
Нүүрсний зах зээл мөддөө сэргэхгүй нь гэсэн дүгнэлтийг хийхэд эрт байна. Үнэ уруудсан ч нүүрсний зах зээл нааштай байх хандлагыг дээр өгүүлсэн. Хэдий өнөөдрийн нөхцөл таагүй ч маргаашийн нүүрсний “цаг агаар” өөдрөг байна.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn