Махны үнэ 12000-д хүрснийг Засгийн газарт сануулав

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Махны үнэ 12000-д хүрснийг Засгийн газарт сануулав

Махны үнэ 12000-д хүрснийг Засгийн газарт сануулав
ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ НЬ БОЛСОН

-Хэвлэлийн бага хурал дээр МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн үг-

УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өнөөдрийн хуралдаан дээр сөрөг хүчинд үг өгөхийг хүссэн боловч хуралдаан даргалагчаас зөвшөөрөөгүй тул хэвлэл мэдээллээр дамжуулан олон түмэнд хандахаар шийдвэрлэлээ.

УИХ-д олонхийг бүрдүүлсэн улс төрийн хүчнүүд Засгийн газраа байгуулснаас хойш 8 сар илүү боллоо. Энэ бол тийм ч бага хугацаа биш бөгөөд, ялангуяа, шинэчлэлийн гэдэг тодотгол, чимэглэлийг өөртөө хүртээж өмчилсөн Засгийн газрын хувьд бодлого үйл ажиллагааны анхны нааштай үр дүнгүүд харагдах боломжтой гэж үзэж болох хугацаа юм.

Бид ч эрх баригчдын үйл ажиллагаанд үүнээс өмнө бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэж яарч, Ерөнхий сайд юм уу, аль нэг сайдыг огцруулах гэж оролдоогүй билээ. Учир нь ажиллах боломжийг нь эрх баригчдад олгох хэрэгтэй хэмээн үзэж, Засгийн газрыг эмхлэн байгуулах, түүний 4 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, улсын төсөв, тодотголыг нь хугацаа алдалгүй баталж өгөх зэрэг бодлогыг тууштай баримталсан билээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн тулхтай хүчний хувьд асуудалд их хүлээцтэй хандаж ирсэн.

Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийдэг болсон, иргэдтэй харилцах 1111 дугаарыг нээсэн, сонгогчид Төрийн ордонтой танилцах хугацааг нэмэгдүүлсэн, гадаадад алдагдсан “Батаар”-ын араас хөөцөлдсөн зэрэг ажлын ач холбогдлыг үгүйсгэхгүй боловч улс орны хөгжлийн хүрсэн түвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн ахиулсан, иргэдийн бодит орлогыг яаж өсгөсөн, ардчилал, шударга ёсыг хэрхэн дээдэлж ажиллав гэсэн шалгуураар дүгнэх юм бол нэмэх биш хасах үнэлгээ авахаар байна.

Нэг.
Жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж доошилж, гадаадын хөрөнгө оруулалт зугтаж, Монголын компаниудын үнэлгээ гадны хөрөнгийн бирж дээр буурсаар байна. Манай экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Тэгвэл энэ онд уг салбарт орох гаднын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан, Монголын эрсдлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25 хувиар ихэссэн гэсэн судалгааны дүн ч гарч байна.Энэ оны гуравдугаар сард 165 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн нь сүүлийн жилүүдэд байгаагүй бага үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 148.6 сая ам.доллар буюу 10,1 хувь, импортын хэмжээ 128.1 сая ам.доллар буюу 13,6 хувь, экспортын хэмжээ 20.5 сая ам.доллар буюу 3,9 хувиар буурчээ. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ жил гадаадын хөрөнгийн бирж дээр ганц ч IPO хийгээгүй нь манай улсад хөрөнгө оруулалтын орчин саармагжсанаас үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралаас сэргийлэх, судалгаа дүгнэлт хийх, бодлого хөтөлбөр боловсруулах ажилд Засгийн газар туйлын хойрго хандаж байна.

Энэ онд манай улс 33 сая тонн нүүрс экспортлох зорилтыг төсөвт тусгасан. Гэтэл энэ оны эхний гурван сарын мэдээгээр 1,4 сая тонн нүүрс экспортлоод байна. Ер нь улсын төсөвт нүүрсний экспортоос олох орлогыг өнгөрсөн жилийнхээс 55 тэрбум төгрөгөөр нэмж тооцоолсон. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортын орлого 2.7 тэрбум ам.доллар байна гэж төсөвлөсөн боловч энэ оны эхний гурван сарын байдлаар, нүүрсний экспортоос дөнгөж 96.5 сая ам.доллар олоод байгаа гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээлснээр, Тавантолгойн чиглэлд сая гаруй тонн буюу 30 гаруй сая ам.долларын нүүрс хил дээр хураалттай байгаа гэнэ. Ингэхээр нүүрсний экспортоос олох орлого үлэмж хэмжээгээр тасрах нь тодорхой боллоо. Ийм байхад Хятадын төрийн тэргүүн Си Жинпинь ОХУ-д айлчилж, БНХАУ, ОХУ төмөр зам, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, нүүрсээ худалдах, худалдан авах яриа хэлцлээ эрчимжүүлж байхад Ерөнхий сайд “Тэр хоёр хүн уулзаа л биз. Манайх өөрсдийнхөө бодлогыг л тодорхойлно, тэгэхийг ч хичээнэ” гэсэн маш хариуцлагагүй, хайнга үгийг хэлээд сууж байна.

Хятад руу нүүрс гарах нь бараг зогслоо. Бас оросууд нөгөө сүүлийн хэдэн жил ярьсан төмөр зам барих ажилд орохгүй гэж шийдэж буй юм байна. Түүнчлэн нефтийн хоолойг Монголын нутгийг дайруулахгүйгээр тойруулаад татахаар үндсэндээ тохирчихлоо. Ийм байхад “Тэр хоёр хүн уулзаа л биз” гэж үл тоомсорлож болох юм уу, ядахдаа хоёр том хөрштэйгээ хэл амаа ололцож байж улсын хөгжил урагшилна гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ? Ерөнхий сайд аа!

Ёс зүй, хариуцлага гэж ярьж байгаа үед ганц энэ үг нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл мөн.

Нөгөө талаас уул уурхай, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчин руу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалтай зэрэгцэн хөндлөнгөөс оролцсоор ирсэн нь хөрөнгө оруулалтыг царцааж, зогсонги байдалд оруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. 2012 оны хоёрдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүргийг өөртөө авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ төслийг УИХ-ын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихгүй гэлээ. Ийм тодорхойгүй байр суурь нь хөрөнгө оруулагчдад эргэлзээтэй байдал үүсгэлээ гэж үзэж байна. Улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарын асуудлыг зохицуулах хуулийн төслийг удаан хугацаагаар өөр дээрээ төвлөрүүлэн “өмчлөх” хандлага гаргаж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл мөн бөгөөд чухам цаанаа ямар зорилготой вэ гэдгийг олон хүн тааж ядаж байна.

Хоёр. Монгол Улсын эдийн засагт зогсонги байдал мэдрэгдэж байгаа нь валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна. Ард түмний халаасыг тэмтэрч буй асуудлыг шийдвэрлэх тал дээр хаврын чуулган эхэлтэл Засгийн газраас ямар ч ахиц өөрчлөлт харагдсангүй. Засгийн газар 2012 оны арваннэгдүгээр сард гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 248 тэрбум төгрөг төсөвлөсний 87 тэрбумыг махны нөөц бүрдүүлэхэд, 61 тэрбумыг гурилын үнэ тогтворжуулахад, 100 тэрбумыг зоорь агуулах нэмэгдүүлэхэд зориулахаар шийдсэн ч энэхүү хөтөлбөрийн үр дүн иргэдэд мэдрэгдсэнгүй. Засгийн газартай тохиролцсоны дагуу Монгол банк 780 тэрбум төгрөгийг үнийн өсөлтийг хязгаарлах зорилтот арга хэмжээ болгож хэрэгжүүлсэн. Гэвч тэр нь үнийг тогтворжуулахад бас олигтой нөлөөлж чадсангүй. Цалин өсөхөд үнэ өсдөг гэж эрх баригчид ярьдаг. Цалин, тэтгэвэр нэмээгүй байхад барааны үнэ өсч байна.

2011 онд инфляц 10,2 хувь байсан бол 2012 онд инфляцийн жилийн дундаж түвшин 14,3 хувь болж өссөн байна. Инфляц өсч байгаа нь Засгийн газрын зардал, хүнсний бүтээгдэхүүний, ялангуяа, махны үнийн өсөлт хэт өндөр байсан зэрэг нөлөөнөөс шалтгаалан эрэлтийн дарамт нэмэгдсэнийг харуулж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод махны үнийг 2012 оны арванхоёрдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, нэг кг үхрийн цул мах 51,4 хувиар, хонины мах (ястай) 41,9 хувиар, тахианы мах 77,8 хувиар тус тус өссөн байна. Яг одоо үхрийн цул махны үнэ 12,000 төгрөгт хүрч байна. Хэрэглээний гол нэр төрлийн барааны үнийн өсөлттэй уялдуулан, төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар огт санаачлага гаргахгүй байна. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 2014 оноос цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь дэндүү хол, амьдралаас тасархай сонсогдож байна. Ингэснээр өдөр ирэх тусам үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа ард түмэн цалин, тэтгэврийн нэмэгдлийг  бүтэн нэг жил хүлээх шаардлагатай болов.

Гурав. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 1.5 тэрбум ам.долларын бондтой холбогдуулан Ерөнхий сайд, Монгол банкинд хандан асуулга тавьсан боловч өнөө болтол хариу ирээгүй байна. Бондын өрийг Монгол Улсын иргэд халааснаасаа төлөх учраас бонд бол зөвхөн энэ удаагийн Ерөнхий сайдын ч биш нийт ард иргэдэд хамаатай асуудал юм. Ялангуяа, УИХ дахь сөрөг хүчнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байх үед Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг бондын зээл авах зөвшөөрлийг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулалгүй батлуулж, Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Монгол банкинд менежментийн гэрээгээр өгсөн хэмээн хариуцлагаас зайлсхийхийг оролдож буй Засгийн газар  одоогийн байдлаар, зөвхөн хүү нь гэхэд 35 тэрбум төгрөгт хүрсэн мөнгөөр  өнөөдрийг хүртэл санхүүжүүлсэн төсөл байхгүй байна. Бонд арилжаалах үед нэг ам.долларын ханш 1380 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1409 төгрөг болж, даруй 30 төгрөгөөр өслөө. Мөн Монголоос гаргасан бондын хүү 5,85 болж өссөнтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-нд 100 хувьтай байсан “Чингис” бондын үнэлгээ 95 болж буурснаар хөрөнгө оруулагчид наад зах нь таван сая ам.долларын алдагдал хүлээж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.  Ер нь УИХ-д ажлаа тайлагнадаг Монгол банк гүйцэтгэх засаглалтай  хэт сүжрэх хандлага гаргах нь таатай үр дүн авчрахгүй бөгөөд үүнд хяналт тавих үүргээ ч өнөөдрийн УИХ хангалттай биелүүлж чадахгүй байгааг олонхид анхааруулж байна. Засгийн газар Монголын ард түмнийг үеийн үед гарч чадахааргүй том өрөнд орууллаа.

Дөрөв. Ерөнхий сайд ядаж өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн хямралыг даван туулах арга хэмжээнээс туршлага судалж, суралцахад илүүдэхгүй биз ээ. Хямралыг даван туулахын тулд санхүүгийн реформыг цаг алдахгүй хийж, баялаг бүтээгч ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг бизнесийн үйл ажиллагаанд ороход уриалж, тодорхой урамшууллын бодлого явуулах хэрэгтэй байна. Гэтэл сүүлийн үед яам, агентлагуудын явуулж буй үйл ажиллагааг ажиглаж байхад өөрийн хүрээний сонирхлын бүлгүүдийн хооронд найр тавин үгссэн, хуваасан, бусад баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг хаасан, боомилсон, хавчиж гадуурхсан, зах зээл, шударга өрсөлдөөний зарчмаас илт гажсан үйл ажиллагаа давамгайлж, баялаг бүтээгчдийн урам зоригийг мохоож байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын бизнесийг бодлогоор дэмжсэн дорвитой ажил хийгдээгүй төдийгүй зарим шийдвэрүүд нь ард иргэдийг чирэгдүүлж хохироож байна. Иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн орчин хэрхэн нөлөөлж буйн томоохон илрэл бол банк, санхүүгийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 110.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 49.7 тэрбум төгрөг буюу 81,2 хувиар өссөн үзүүлэлтийг дурдахад л хангалттай.

Хэрвээ эдийн засгийн зогсонги байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хэмнэх горимд оруулах ёстой. Тэгэхгүй бол төсвийн алдагдал төсөөлснөөс ч илүү эрсдэл дагуулж болзошгүй юм. Өнөөдөр замын тендер зарлахад дотоодын компаниуд оролцохгүй байна. Үүний шалтгаан нь, нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт, төсөв бүрдэлт муу байгаатай холбоотой. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас бизнес эрхлэгчид төсвийн ажил гүйцэтгэхэд эрсдэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, тендертэй холбоотой авлига их байна. Үүнээс үүдэн энэ хаврын бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд хожимдож эхлэх нь нэгэнт тодорхой боллоо.

Ер нь маш их яриад байгаа болохоос эхлүүлсэн, хийсэн ажил алга. V цахилгаан станц, Тавантолгой, төмөр зам, аж үйлдвэрийн парк, түүнчлэн Оюутолгойн гэрээг боловсронгуй болгох, аймгуудыг авто замаар холбох, Улаанбаатарын утааг арилгах зэрэг нь яригдаад байгаа болохоос биш үнэн хэрэгтээ хөдөлсөн, хийгдсэн юм байхгүй байна.

Тав. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчлөө.  Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн гол тулгуур болсон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд халдсан, хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын тулгуур байгууллага болох Тагнуулын ерөнхий газрын бүтцийн хуулиар олгогдсон эрхэд халдсан боловч энэхүү хууль бус үйлдлээ шударга шүүхээр хэлэлцүүлэхээс айж, дандаа Цэцийн дунд суудлын хуралдаан болохоос нэг өдрийн өмнө гаргасан захирамжуудаа цуцалж байсан нь Үндсэн хуулийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Энэ нь хөрш айлынхаа адуу малыг хулгайлчихаад  эзэнд нь баригдангуутаа эсхүл шүүх хурал болохын өмнөхөн “Тоглосон юм аа, уучлаарай, буцаагаад өгвөл асуудалгүй биз дээ” хэмээн гэмээ цайруулах гэж оролдож байгаатай агаар нэгэн зүйл билээ.

Зургаа. Төрийн албанд халаа сэлгээ, хууль бус томилгоонууд хавтгайрлаа. Төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг үзэл бодлоор нь ялгаварлаж, хоморголон халах хууль бус ажиллагаа үргэлжилсээр байна. Хууль бусаар томилогдсон дарга, захирлууд Ерөнхий сайдынхаа хууль бус аргыг хуулбарлан дэлгэрүүлж, жирийн албан хаагч, ажилтнуудыг ч хэлмэгдүүлэн халж сольж, шахааны хүнээр дүүргэж байна. Хүнийг ажил хэргийн чанараар нь биш, нутаг, ус, ах дүү, амраг садан, Ардчилсан намд зүтгэсэн, сонгуульд ажилласан гэх мэт явцуу ашиг сонирхлоор хандаж, төрийн албанд дэвшүүлж байгаагаас төрийн албаны чанар чансаа сульдаж, төрд итгэх ард түмний итгэл суларч байна.  Өмнөх Засгийн газар 11 яамтай, яамд нь нийт 929 орон тоотой байсан бол шинэ бүтцээр 16 яамтай, 1625 албан хаагчийн орон тоотой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, яамдын орон тоо нийт 696 хүнээр буюу 80 гаруй хувиар нэмэгджээ. Цомхон, чадварлаг, мэргэшсэн бүтцээр ажиллах зарчим алдагдлаа. “Орон тоо өмнөхөөс 1 хүнээр л нэмэгдэх юм бол би огцроход бэлэн” гэж Ерөнхий сайд хэлж байсан. Тэр яасан бэ?

Долоо. Энэ засгийн үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Амьд явах эрх зөрчигдөж байна. Хорих ангид саатуулагдан эрх чөлөөгөө хасуулсан хүн шатаж эрүүл мэндээрээ хохирч байна. Хаана хаанаа хариуцлага, сахилга бат суларлаа.

Улсын хэмжээнд 2013 оны эхний хоёр сард 4295 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 321 хэргээр буюу 8,1 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 1285 хүн гэмтэж, 326 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 50 буюу 4,0 хувь, нас барсан хүний тоо 73 буюу 28,9 хувиар  нэмэгдсэн гэсэн энэ тоо нь дээрхи дүгнэлтийг нотолж байна. Гэтэл Хууль зүйн яамныхан ажлаа эрчимжүүлэхийн оронд “урьд нь ч гэмт хэргийн тоо иймэрхүү л байсан, харин ч гайгүй” гэсэн агуулгатай тайлбар хийгээд сууж байна.

Найм. Засгийн газар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд шууд халдаж эхэллээ. Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн өдөр нэр бүхий кабелийн есөн телевиз, 16 вэбсайт,  орон нутагт иргэдэд цаг агаар болон өдөр тутмын чухал мэдээлэл хүргэдэг телевизүүдийн үйл ажиллагааг хааж, хэвлэл мэдээлэлд урьд хожид дуулдаагүй халтай шийдвэр гаргалаа. Үүний улмаас 400 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Төрийн буруу шийдвэрийн улмаас ажилгүй болсон иргэдэд нөхөн олговор олгох нь зүйтэй. “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн тухай” Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 05-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу гуравдугаар сарын 15-наас хүч түрэн хэрэгжүүлж эхэлсэн туршилтын гэгдэх арга хэмжээний улмаас цахим ертөнцөд сэтгэгдэл бичих эрхээ иргэд хасуулаад байна. Бичихийг хориглосон 700 гаруй үгэнд энэ төр засаг, эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн, тэдэнд хаягласан үг, тэр бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэрийг ч бүтнээр бичих боломжгүй болжээ. Цахим  мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өмчид халдаж, хатуу хяналт тогтоолоо. Хэвлэл мэдээллийнхний чих, нүдийг хаан боомилж, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хүлээн авах, дамжуулах эрхийг хязгаарлаж буй нь ардчилсан нийгэмд байж болохгүй сөрөг үзэгдэл. Хэвлэл мэдээлэлтэй ноцолдохоос илүү хийх ажил энэ Засгийн газарт уг нь их байгаа.

Ерөнхийдөө байдал, хандлага ийм байна. Засгийн газар улс орныг цаашид яаж авч явах талаар учраа олохгүй байна. Гол асуудлаа  гол бишээс нь салгаж, зөв эрэмбэлж чадахгүй байгаа бололтой. Улс орны аюулгүй байдал, ард түмний амьжиргааг дээшлүүлэх гэх мэт томоохон асуудлуудыг барьж авахын оронд сөрөг хүчнээ нухчин дарах, сонгуулийн дүнг будлиантуулан, УИХ болон орон нутагт авсан суудлынхаа тоог хууль бусаар нэмэгдүүлэхийг оролдож хүчээ их тарамдууллаа. Ажлаа сайжруулах, хууль дээдлэх зарчим, шударга ёсыг сахих шаардлагыг удаа дараа тавихад, Ерөнхий сайд “Урьд өмнө хууль зөрчсөн ийм жишиг байсан шүү дээ. Ганцхан намайг буруутгах хэрэггүй” гэж дутагдлаа хээв нэг хамгаалдаг боллоо. Тийм учраас байдал цаашдаа өөрчлөгдөнө, засарна гэх найдвар алга. Энэ нь одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд хэр удна, улс орон, ард түмний эрх ашиг төдий чинээ хохирно гэсэн үг болж байна.

Тиймээс эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтыг царцааж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн бодлого явуулж буй, төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж байгаа, Үндсэн хууль удаа дараа зөрчсөн, Монголын ард түмнийг дааж давшгүй их өрөнд оруулсан Ерөнхий сайд, Засгийн газартай хариуцлага тооцох нь зүйтэй гэж МАН үзэж байна. Ингэж ажиллахыг УИХ-ын олонхи болон УИХ-ын дарга З.Энхболдоос шаардаж байна.

Эх сурвалж: WWW.BULEG.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж