“Horeco-2013” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

“Horeco-2013” нээлтээ хийлээ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой нэгэн үзэсгэлэн “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ бол “HORECO 2013” буюу зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбооноос хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэнд салбарын шилдгүүд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэнгийн энэ жилийн зорилго нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих юм.

Зочид буудал, зоогийн газарт үндэсний үйлдвэрлэл байхгүй хэмээх  хүн байж болох юм. Тэгвэл та энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг зорин очиж, дотоодын үйлдвэрлэгчид тэр дундаа зочид буудал, зоогийн газрын хөгжил ямар төвшинд буйг харж болох нь ээ. Үзэсгэлэнд оролцож байгаа байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан борлуулаад зогсохгүй сургалт, сурталчилгаа хийж байна. Үзэсгэлэнгийн гурван өдөр шинэлэг содон арга хэмжээ олон зохион байгуулагдах аж. Тогооч, зөөгчийн ур чадвар, өндгийг олон аргаар шарж болдог зэргийг та эл үзэсгэлэнгээс харж болно. Гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудыг дотооддоо үйлдвэрлэж,  аяга, таваг, хивс, мебель гээд арав гаруй төрлийн угаагч шингэнийг дэлгэн тавьжээ. Мөн ор дэрний цагаан хэрэглэлээс эхлээд хоол амтлагч соусыг хүртэл Монголдоо үйлдвэрлэж байна. Сэлэнгэ аймгийн үржил шимтэй хөрсөнд ургуулсан Монгол ургац брэндийн төмсийг хальстай нь шараад идэж болдог байна. Мөн коктейлийн шоу, кофе, жүүс, ундааны амталгаа, урлагийн тоглолт гээд хүмүүсийн сонирхол татах олон зүйл  “HORECO 2013”-д байна. Зочны ширээг засахдаа амны сальфетикийг хэрхэн нугалдаг, ширээн дээрх халбага, сэрээ, хундага, тавгийг яаж байрлуулдаг, орыг хэрхэн засах зэрэг энгийн хэрнээ хэн бүхний анзаараад байдаггүй зүйлийг тус үзэсгэлэнгээс харж болох нь ээ. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр оролцогч байгууллагууд дундаас шилдгийг шалгаруулж, шагнал гардуулах  аж.  

Д.ЦЭЭНЭ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж