Р.Гончигдорж: Эдийн засгийн ашгаа бодох ёстой.

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж: Эдийн засгийн ашгаа бодох ёстой.

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Миний төсөөлж байгаагаар замыг хаагуур явуулах, цариг нь ямар байх зэрэгт гол анхаарлаа төвлөрүүлээд маргаад байх шиг байна. Гэтэл зам гэдэг өөрөө дэд бүтэц. Ямар үйлдвэрийн, ямар эцсийн бүтээгдэхүүнийг хааш нь, ямар хэмжээгээр,  яаж тээвэрлэх вэ гэдэг захиалгаас л төмөр замыг хааш нь яаж тавих гэдэг шалтгаална. Тэгэхээр эн тэргүүнд төмөр зам гэдэг нь биш, бүтээгдэхүүнийг нь тээвэрлэх уул уурхай, үйлдвэрлэлийн байршил, ерөнхий тооцоо чухал.

Төмөр зам бол нэлээд чөлөөт тээвэрлэлтийн урсгал. Хэрэв бид урагш нь нарийн төмөр зам тавьчихвал бүх зүйл урд хөрш рүү түүхийгээрээ гараад дуусна гэсэн болгоомжлол дуулдаад байна. Гэхдээ бодит байдал өөр. Бид дотооддоо Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэж байна. Тэгвэл бид нийт нүүрснийхээ хэдэн хувийг коксжуулж чадах вэ. Хэдэн хувийг боловсруулж чадах вэ. Түүнийг хааш нь борлуулах вэ гэдгийг бодох ёстой. БНСУ, Япон руу гаргалаа гэхэд хойгуур Оросоор тойруулах уу, урдуур Хятадаар тойруулах уу гэдэг асуудал гарна. Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь давуу эрхээр үүнийг шийдэх эрхтэй. Одоогоор энэ тодорхой биш байна. Бүтээгдэхүүнээ хойгуур гаргая гэвэл өргөн, урдуур гаргая гэвэл нарийн төмөр зам хэрэгтэй. Одоо бол урагш өргөн зам явуулж хилдээ тулгах уу, нарийн зам явуулж тулгах уу гэсэн яриа болоод байна. Урагш салбарлуулах шинэ замаа нарийн царигтай барих талаар саналууд гарч байгаа. Ингэж дотооддоо аль болох ажлын байрууд гаргах хэрэгтэй. Тэр бол үнэхээр манай стратегийн зорилт мөн.

Товчхон хэлбэл, Монгол Улсын төмөр замын үндсэн бүтэц нь өргөн царигтай байгаад, түүнээс урагш салбарласан зарим хязгаарлагдмал тээвэрлэлтийн замын цариг нарийн байхад болохгүй гэх газаргүй. Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашгаа хамгийн түрүүнд бодох ёстой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж