
Өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд геологи, уурхай, газрын тос, байгалийн хий, усны аж ахуйн салбаруудад туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Гэтэл уул уурхай, геологийн салбарт хөрөнгө оруулалтгүй болсноос өрөмдлөгийн компаниуд ажилгүй зогсоход хүрчээ. Уул уурхайн ажил эрчтэй өрнөх үед өрөмдлөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг банкны зээлээр авсан компани тэдний дунд олон бий. Түүний дээр мэргэжилтэй ажилчин, инженер, техникчдээ алдахгүйн тулд цалинжуулах зэргээр алдагдалд орсон компани цөөнгүй байна гэж Өрөмдлөгийн холбооны мэргэжилтнүүд онцоллоо. Тус холбоонд өрөмдлөгийн чиглэлээр ажилладаг 70 гаруй компани гишүүнээр элссэн байдаг ажээ. Зөвхөн өрөмдлөг гэлтгүй уул уурхайн туслан гүйцэтгэгч болсон геофизик, лабораторийн шинжилгээнийхэн ч ажилгүй, хөрөнгө оруулалтгүй хүнд байдалд орчихоод байгаа гэнэ.