Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 3-нд аймгуудын Засаг дарга нартай цахим уулзалт хийх үеэрээ Засаг дарга нар журам гаргаж гадаад оронд төлөөлөгч томилдог тухай шүүмжилсэн билээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав журам гаргаж Шведийн вант улсад суух төлөөлөгчөөр Н.Номун-Эрдэнийг 2011 онд томилсон байсан тухай дурдаж байв. Харин Н.Номун-Эрдэнийн өөрийнх нь тайлбарласнаар “Төсвөөс санхүүжилт авч, цалин мөнгө хүртэж, Шведэд төлөөлөгчөөр суудаггүй. Швед улсад амьдарч байгаа боломж бололцоогоо ашиглан нутгаа хөгжүүлэх зорилготойгоор төлөөлөгч болж ажилласан. Швед улсад ес дэх жилдээ амьдарч байгаа, мөн Европ дахь монголчуудын холбоо, Швед дэх монголчуудын холбоог тус бүр удирдаж ажилладаг. Энэ хүрээндээ Хөвсгөл аймгийг төлөөлж ажилласан, хэд, хэдэн чиглэлийн ажил хийхээр төлөвлөөд байсан нь ойлгомжгүй байдалд орлоо” гэлээ. Тухайлбал, Швед улсын нэгэн муж цаа буга ихтэй, түүнээс гарах түүхий эдээр бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлдэг юм байна. Энэхүү цаа бугын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Хөвсгөл аймагт хөгжүүлэхээр тодорхой ажлууд төлөвлөсөн нь одоо ойлгомжгүй байдалд оржээ. Цаатан иргэдийн хувьд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд хамгийн олноороо амьдарч байгаа юм. Тэдгээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, цаа бугын удмын санг сайжруулах чиглэлээр Засгийн газрыг тодорхой үүрэг зорилго тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл болгож, саяхан зарлиг гаргасан билээ.
Г.ДАРЬ