“Топ-20”-ийн ТУЗ-ийн гишүүд сертификатаа авлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

“Топ-20”-ийн ТУЗ-ийн гишүүд сертификатаа авлаа

Компанийн тухай шинэ  хууль  хэрэгжээд  жил  гаруйн хугацаа өнгөрч  буй. 100  зүйл, арвандөрвөн бүлэгтэй тус хууль нь Монголын  компанийг  ил тод, нээлттэй, хариуцлагатай, олон улсын жишигт нийцэхүйцээр хөгжих  зохицуулалтыг  бий  болгох  зорилготой билээ.  Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг,  ТУЗ-ийн үүрэг, хариуцлага, хараат бус гишүүн  гээд тус хуульд  Монголын компанийн засаглалыг  шинэ шатанд  гаргах  олон шинэлэг зүйл,  заалт орсон гэдгээрээ онцлог.  Уг  хуулийн дагуу  компаниуд өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний дотор  дүрмээ шинэчлэн баталсан байх, ТУЗ-ийн есөн гишүүний гуравны нэг нь хараат бус байх,  ТУЗ-ийн гишүүд сургалтад сууж, сертификат авсан байх зэрэг  заалттай.  Тиймээс ч  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал  Компанийн тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газарт  асуулга хүргүүлж байсан. Түүний асуулгын хариулт хэвлэлийнхэнд тийм ч тодорхой дуулдаагүй. Нэг үгээр хэлбэл, Компанийн тухай хуулийн хэрэгжилт сайнгүй байсан учраас тэр биз.  Тэгвэл одоо  цаг хугацаа хуулийн хэрэгжилтийг  дахин “шалгах” болоод байна.  Учир нь,  Компанийн тухай хуулийн 59.4-д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэсэн байгаа. Хэрвээ хуульд  заасан  хугацаанд  хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй тохиолдолд тухайн компанийн ТУЗ  болон ТУЗ-гүй  компани бол гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь дуусгавар болох учиртай.  “Хэннэггүй” захирлуудын    бүрэн эрх  дуусгавар болох зүйл ганц энэ биш, дээр дурьдсан компанийн дүрмээ шинэчлэх, ТУЗ-д хараат бус гишүүн томилсон байх, ТУЗ-ын дэргэдэх дэд хороодыг байгуулсан байх зэрэг  хэдийнэ хийсэн байх  ёстой  ажил  цөөнгүй бий.

Монголын 40  мянган компанийн хэд нь  өнөөдөр хуулийн хэрэгжилтийг алгуурлаж явааг хэлж мэдэхгүй. Ямартай ч өнгөрсөн сарын сүүлчээр  болсон “Топ-20” компанийн ТУЗ-ийн гишүүдэд сертифекат олгох сургалтын үеэр ТӨХ-ны Д.Байлийхүү “Би  гэрчилгээ олгох сургалтуудын ихэнхэд нь  орж байна. Энд сайндаа л 500-гаад хүн хамрагдах шиг боллоо. Өсгөж авч үзэхэд шүү дээ. Манай компанийн хүмүүс компанийн засаглалын олон улсын зарчуумдыг суулгаж өгсөн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын мөн чанарыг сайн ойлгож, мэдрэхгүй явна.  Хуульд заасан өөрчлөлт шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлээд явах юм бол компани өргөжин томрох, хөрөнгө татах зэрэг боломжууд бий болох юм” гэв.

СЗХ, МҮЦАЭХ, ТӨХ, Компанийн засаглалын үндэсний зөвлөл хамтран тус хуулийн хүрээнд ТУЗ-ийн гишүүдэд сертификат олгох сургалтыг нэлээд эрчимтэй хийж буй. Тухайлбал, өнгөрсөн сарын 16-17-нд Төрийн байгууллага болон банкны удирдах албан тушаалтнуудад зориулсан гэрчилгээ олгох сургалт хийсэн бол мөн сарын 30-31-нд “Топ-20” компанийн ТУЗ-ийн гишүүдэд сертификат олгох сургалт хийв. Манай “Mongolian Economy” сэтгүүл тус сургалтад очиж, Компанийн тухай хуулийн хэрэгжилт хэр байгааг сонирхлоо. Уг саргалтад “Би Ди Сек”, “Тавантолгой”, “Талх чихэр”, “Багануур”, “Могойн гол” зэрэг Монголын хөрөнгийн биржийн “Топ-20”-н компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар хамрагдлаа. Сургалтад суусан ТУЗ-ийн гишүүдээс Компанийн тухай хууль болон компанийн засаглалын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Манай ТУЗ-д гадаадын хөрөнгө оруулагч ажилладгаараа онцлог

Д.Даянбилгүүн /“Би Ди Сек” ХК-ийн гүйцэтгэх захирал/:

-Компанийн тухай шинэ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ. ТУЗ-ийн хараат бус гишүүдээ томилж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тов зарласан байгаа юу?

-Манай компанийн ТУЗ  сард нэгээс доошгүй  хуралдахаар байгаа. Бид тодорхой өөрчлөлтүүдийн талаар ТУЗ-ийн хурлаараа  хэлэлцдэг. Үүнээс гадна манай ТУЗ-д гадаадын хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүд ажилладгаараа онцлогтой. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа энэ сарын 24-нд хийхээр зарласан байгаа.

-“Би Ди Сек”-ийн өнгөрсөн жилийн үйл ажиллагаа ямар байсан бэ. Салбарын болон компанийн өрсөлдөөн, ашиг, орлого хэр байсан бэ?

-Өнгөрсөн  оны  сүүлээр үнэт цаасны зах зээлийн арилжааны дүн, идэвхи  нэлээд буурсан.  Улс төр,  эдийн засгийн тодорхой шалтгаануудын улмаас манай  улсын хөрөнгө оруулалт ч багассан. Монголын хөрөнгийн зах зээлд андррейтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг “Би Ди  Сек” компанийн хувьд дээрх хугацаанд  тодорхой арга хэмжээнүүд  авч чадсаны үр дүнд ашгийн хэмжээгээ хэвийн түвшинд барьсан.  2011 оноос зургаан хувийн өсөлттэй гарсан. Өнгөрсөн  онд бид  Зам-Үүдийн шилжүүлэн ачих үйл ажиллагааг  эрхэлдэг “И-транс” компанийн санхүүжилтийг хийж чадсан. Мөн хаалттай хүрээнд цөөнгүй компанитай хөрөнгө санхүүжилт босгох үйл ажиллагаа явууллаа. Одоо бид  санхүүжилт хэрэгтэй байгаа компаниудад шинэ бүтээгдэхүүн гаргаж ирэхээр ажиллаж байна.

-Ногдол ашиг тараах уу?

-Тараана. Нэгж хувьцаанд 50 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Энэ нь удахгүй болох  хувьцаа эзэмшигчдийн  хурлаар баталгаажина.

-Олсон ашгийнхаа хэдэн хувийг нь компаниа өргөжүүлэх ч байдаг юм уу, хөрөнгө оруулалтын  арга хэмжээнд зориулж, хэдэн хувийг нь ногдол ашгаар тараахаар байгаа вэ?

-Манай компанийн ногдол ашгийн бодлого гэж байдаг. Бид  жил бүр ногдол ашиг тараах сонирхолтой  байгаа. Ашгийн 20-иос доошгүй хувийг ногдол ашгаар хуваарилана гэсэн заалттай. Манай компани  хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож байгаа компанийн хувьд  өнгөрсөн оноос өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

-ТУЗ-ийн гишүүд сургалтад сууж, сертификат авна гэсэн хуулийн заалтыг манай зарим захирлууд үл тоож байгаа зүйл ажиглагддаг. Таны хувьд энэ сургалтад олуулаа хамрагдаж байна. Сургалт ер нь юу өгч  байна вэ. Бусад компанийн ТУЗ-ийн гишүүдэд хандаж  үг  хэлэхгүй юу?

-Сургагч багш нарын хувьд манай урдаа барьдаг  компанийн засаглалын болон компанийн тухай хуулийн чиглэлээр олон жил ажиллаж, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүсээс  номын дуу сонсоход сайхан байлаа. Компанийн засаглал  маш өргөн хүрээтэй ойлголт, бидэнд хийх ажил  улам нэмэгдэж байгаа.  Компанийн захирлуудад хандаж хэлэхэд, хуульд заасан сургалтад  цаг заваа тодорхой хэмжээгээр гаргачихмаар юм байна. Их зүйл мэдэж авлаа гэж хэлэх байна.

Тухайн жилийн ашгийнхаа 70-80 хувийг ногдол ашгаар хуваарилдаг

Д.Ганболд / “Тавантолгой” ХК-ийн УБ дахь төлөөлөгчийн газрын захирал/:

-Та компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?

-Манай “Таватолгой” 50-иад жилийн түүхтэй улсын анхны уурхайнуудын нэг. Компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг хувьцаа эзэмшигч нар эзэмшдэг.  270-аад ажилтантай. Зөвхөн нүүрсний экспорт голлох биш, аймгийнхаа болон Дундговь, Дорноговийн сумдыг нүүрсээр хангаж ажилладаг.

-Өнгөрсөн онд  танай салбарын болон компанийн үйл ажиллагаа ямар онцлогтой  байв.

-Нүүрсний уурхайн хувьд маш таатай жил байсан гэж хэлнэ. Олборлолт сайн хийгдэж нийт 6.2 сая тонн нүүрс экспортолсон. Энэ утгаараа ч борлуулалтын орлого цаашлаад хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ногдол ашиг нэмэгдсэн байгаа.

-Хэчнээн төгрөгийн ногдол ашиг тараахаар байгаа вэ?

-Орон нутгийн 51 хувийн ногдол ашиг л гэхэд 36 тэрбум төгрөг хуваарилсан. 49 хувийн хувьцаа эзэмшигчдэд мөн 30 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Манай ногдол ашгийн нэгжийн үнэ бусад компанитай харьцуулахад харьцангуй өндөр. Нэгж хувьцаанд 1368 төгрөг байна. Хуучнаар бол  нэгж хувьцаанд 138000 төгрөг хуваарилсан гэсэн үг. Ер нь хамгийн их ногдол ашиг тараадаг компани шүү дээ.

-Тийм байна. Жил бүр ногдол ашиг тараадаг уу. Тухайн жилийн ашгаасаа нэлээд өндөр хувийг нь хувьцаа эзэмшигчдэдээ өгдөг үү?

-Жил бүр тараадаг. Ногдол ашиг тараахдаа тухайн жилийн ашгийнхаа 70-80 хувийг хуваарилдаг. Үлдсэнийг нь компани хөгжүүлэх сандаа авдаг.

-Сургалтын талаар Та ямар бодолтой байна вэ?

-Сургалтын зараа эрт  хүргэсэн бол олуулаа суух байлаа. Тулгамдсан болохоор төлөөлөөд өөрөө суулаа. Компанийн тухай хуулийг уншиж судлаад, олон жил ТУЗ-ийн гишүүнээр явахад мэддэг чаддаг юм шиг мөртлөө нарийн аваад үзэхээр  мэдэхгүй тодотгох зүйл их байдаг юм байна. Сайн багш нарын ачаар зарим зүйлийг хэзээ ч мартахгүйгээр мэдэж авлаа. Энэ сургалтад компанийнхаа ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаа заавал сургана гэж бодож байна гэв.

Компанийн тухай шинэ хуульд заасан компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад Компанийн засаглалын сертификат олгох  сургалтыг сэтгүүлч хүний хувьд сониучирхан сууж үзлээ. Хуулийн ойлгомжгүй зүйл заалтыг гадаад, дотоод жишээтэйгээр ой тойнд хоногштол зааж  өгөх юм билээ. ТӨХ-ны Д.Байлийхүү, Арилжаа эрхлэгчдийн холбооны  гэдгээрээ олонд танигдсан Б.Аюуш, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Б.Ганбаяр гээд олон туршлагатай багш  энэ сургалтаар “гаршжээ”.  Компанийн засаглалыг ганц, хоёр хүн мэдээд хийчих зүйл биш учраас аль болох олуулаа суувал илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байсан. Мөн компаниуд зарласан сургалтад сууж амжихгүй бол компани дээрээ сургалт авах  боломжтой гэдгийг дуулгая.

Б.САНЖААХАНД

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж