
Түүний уран бүтээлийн тоглолтонд Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, Соёлын гавъяат зүтгэлтэн И.Цэрэнжамц, Монгол улсын Гавъяат жүжигчин Жарантав, Олон улсын дуурийн дуу дуулаачдын Гран при шагналт, Монгол улсын Гавъяат жүжигчин Ариунбаатар, яруу найрагч Эрдэнэбаатар, Болорцэрэн, Чулуунцэцэг, Түмэн эх чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Бямбажаргал, хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Чулуунцэцэг /шанзны/ нар оролцлоо.
Үзэгчид 3-4 цагийн турш үргэлжилсэн тоглолтыг халуун алга ташилтаар мялаан, шүлэг найргийн яруу тансаг, хошин шогийн торгон мэдрэмж, хосгүй гайхамшигт хоолойн чадлыг бишрэхийн сацуу урлаг соёлын одод маань Улиастай, Тосонцэнгэлийнхний нүдийг хужирлан, сэтгэлийг цэнгүүлсэн үдэш байлаа.
Их Явуугийн нутагт ирсэн уран бүтээлчид маань Очирвааний хот мандал, алдартнуудын музей үзэж, Очирваань хайрхан, Явуу найрагчийн төрсөн бууцанд хүндэтгэл үзүүлэх гээд аяллын нэлээдгүй шахуу хөтөлбөртэй ажиллаад сэтгэл ханамжтай буцжээ.
Ийнхүү ардын уран зохиолч маань аян замын уртад үл алжаан, автомашинаар 2000 гаруй км замыг ажралгүй туулан амсхийх чөлөөгүй ажилласаар, уулзсан бүгдтэй уран бүтээлийн халуун яриа өрнүүлсээр, зам зуур Завхан нутгийн босго болсон Их Уул сумынхны заллагыг авсаар хүлгийн жолоо заллаа.