Э.Бүжинлхам “Цагаан уул” наадамд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Э.Бүжинлхам “Цагаан уул” наадамд тэргүүллээ

“Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. МЗХолбоо 1991 оноос зохион байгуулж ирсэн уг наадмыг Төрийн хэлний зөвлөл, ССАЖЯам болон МЗЭ дэмжин хамтран явуулсан байна. 20 гаруй жилийн хугацаанд зарим жил зохиогдолгүй тасарч байснаас энэ жил 15 дахь удаагаа болж байгаа нь энэ ажээ. Наадамд хот, хөдөөгийн 48 яруу найрагч шүлгээ уншсан энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт ахмад яруу найрагч О.Содномпил болон залуу яруу найрагч С.Начин нар ажиллалаа. Залуу яруу найрагч С.Начин 2010 оны “Цагаан уул”-ын тэргүүн шүлэгч бөгөөд энэхүү наадмыг хамгийн залуудаа хүртсэн найрагч гэдэг утгаараа энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Яруу найргийн наадмын дундуур хайрын дууны шүлэг, хайрын шүлгийн мессежний уралдаан явууллаа. Ингээд энэ удаагийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмын “Хайрын дууны шүлэг” төрөлд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ганхүрэл түрүүлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан удаалсан юм. Яруу найргийн наадмын үзэгчдийн сэтгэл догдлуулсан мөч ирж наадмын шагналт байранд шалгарсан найрагчдын нэрсийг зарлахад тусгай байрыг яруу найрагч Г.Баяр, Б.Ганхүрэл хүртэж, гутгаар байрыг яруу найрагч Э.Энхболд, хоёрдугаар байрыг Н.Минжинсайхан нар хүртсэн бол “Цагаан уул-2013” хайрын шүлгийн яруу найргийн наадмын тэргүүн байрыг залуу яруу найрагч Э.Бүжинлхам хүртлээ. Наадмыг шүүн явуулсан шүүгчид залуучууд идэвхитэйгээр оролцсонд талархаад төрөлх монгол хэлээ улам илүү судалж, сурч боловсрохыг захилаа. Мөн наадмын шүүгчээр ажилласан яруу найрагч Ж.Баяржаргал “Залуучууд нь яруу найраг сонирхохоо больчихвол улс үндэстэн яг л манай Буриад шиг мөхдөг” хэмээн хэлсэн Буриадын алдарт яруу найрагчийн үгийг наадамд хүрэлцэн ирсэн залуучуудад сануулна лээ.

Т.ДАРХАН



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж