Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барина

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барина

УИХ дахь МАХН-ын гишүүд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ хуралд МАХН-ын гишүүн Л.Цог, Ц.Цолмон, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар оролцов. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг эсэргүүцэж, УИХ дахь “Шударга эвсэл” бүлгийн МАХН-ын гишүүд чуулганы хуралдааныг хаяж гарсан билээ.

МАХН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнөөдрийн чуулганы хуралдаанд хэлсэн үг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн, ард түмний амьдралаас тасархай зүйл ярьсан. Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхт хугацаанд шударга ёс тогтоогоогүй, ардчилсан улс болон хөгжиж байна, дэлхий биднийг таньж байгаа гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтэй ардчилсан бус, шударга ёс тогтоогүй байна. Хамгийн гол нь Ерөнхийлөгч ард түмний амьдралд ойр байгаа зүйл ярих ёстой. Гэвч тэгж ярьсангүй. Тиймээс бид УИХ-ын чуулганы хуралдааныг хаяж гарсан” гэлээ. Мөн МАХН-ын гишүүд хүний эрх, шударга ёсыг төрийн бодлогын хэмжээнд аваачих ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

МАХН-ын зүгээс ирэх долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр боловсруулж байгаа юм байна. Мөн УИХ-ын дэд дарга С.Баярцогт гишүүнд Ардчилсан намын зүгээс ямар хариуцлага хүлээлгэхийг харна, хэрэв Ардчилсан намын зүгээс хариуцлага хүлээлгэхгүй бол МАХН-ын зүгээс огцруулах саналыг хүргүүлнэ гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэвлэлийн хуралд Засгийн газрын гишүүд, МҮАН-ын гишүүд оролцоогүй байна. Өнөөдрийн МАХН-ын үйлдэл цаашид эвсэл байх уу, салж байна уу гэх хардлага төрүүлээд байна л даа?

-МАХН МҮАН-тай эвсэл байгуулж гэрээтэй ажиллаж байгаа. Ардчилсан намтай Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. МАХН улс эх орны эрх ашгийн төлөө улс төрийн аль ч намтай хамтарч ажиллахад бэлэн. Мөн МАН-тай улс эх орны хөгжил дэвшил, эрх баригчдын хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хоёр талдаа ажлын хэсэг байгуулж, хамтарч ажиллахаар болсон. МАХН-ын гишүүд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан гэнэт зарлагдсан хурал учраас бид МҮАН-ын гишүүддээ хэлж амжаагүй. Ирэх даваа гаригаас бүлгийн хуралдаанд хамтраад ярилцана. Эвсэл, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар нэг хагарал гараагүй. Бид Засгийн газарт хамтарч ажилладаг гээд алдаа дутагдлыг шүүмжлэхгүй байна гэсэн үг биш юм. МАН-тай ярилцаж, чуулганы хуралдааныг орхиогүй. Бид эхлээд хурал хаясан, харин МАН-ын гишүүд дараа нь хурал хаясан.

-Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг зурж байгаа гэсэн. Үүнд МАХН-ын гишүүд гарын үсэг зурсан уу?

-Одоогоор Засгийн газрыг огцруулах бичгийн төсөл бидэнд ирээгүй, танилцуулагдаагүй. Ер нь бол Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжинг бид хуулийн үндэслэлтэйгээр огцруулахыг шаардаж байгаа. Үүнийг АН, МАН, ИЗНН, бие даагчид дэмжих байх гэж бодож байна.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр, өнгөрсөн сард гарсан гэмт хэргийн гаралт өнгөрөсөн оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн хоёрдугаар сард 139 байсан бол гуравдугаар сарын 6-ний байдлаар 326 болж нэмэгдсэн байна. Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн нь салбараа удирдаж чадахгүй байна гэж бид үзэж байгаа. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг хууль зөрчиж хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдаж чадахгүй байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзэн огцруулахыг бичгийг боловсруулж байна. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих байх.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж