Хятад еврог дэмжихээ илэрхийлснээр зах зээлүүд чангарч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Хятад еврог дэмжихээ илэрхийлснээр зах зээлүүд чангарч байна

БНХАУ еврогийн ханшийг чанга байлгахыг дэмжинэ гэсэн мэдэгдэл хийсний дараа дэлхийн зах зээлүүд дээр хөрөнгийн биржийн индексүүд өсч, еврогийн ханш чангарлаа. Хятадын гадаадын өр хариуцдаг агентлаг еврогоос татгалзах бодолгүй байна гэж мэдэгдсэн нь хөрөнгийн биржүүд дээрх ханш өсөхөд нөлөөлсөн байна. Лондонгийн хөрөнгийн биржийн “FTSE-100” индекс 3.1 хувиар өссөн бол Францын Сас 3.4 хувиар, Германы Dax 3.1 хувиар, Нью-Йоркын “Dow Jones” 2.85 хувиар тус тус өссөн байна. Еврогийн ханш мөн чангарч нэг евро 1.236 ам.доллар болоод байна.

Еврогийн ханш унаж байгаатай холбогдуулаад Хятад еврогоор хийсэн хөрөнгө оруулалтуудаа эргэн харах гэж байна гэсэн яриа лхагва гаригт хөрөнгийн биржүүд дээр яригдаж эхэлсэн нь удахгүй еврогийн ханш улам бүр унах нь гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд төрүүлж байсан юм. Хятад 2.5 триллион ам.долларын үнэ бүхий гадаадын улс орнуудын валют үнэт цаас эзэмшдэг хэдий ч түүний бүрдүүлэлт нь ямар байдаг нь улсын нууцад хамаарагддаг.

Хэдийгээр түүний ихэнх нь ам.доллар хэдий ч нэлээд их хувь, ойролцоогоор 630 тэрбум ам.долларын өртөг бүхий багц нь еврогоор хадгалагдаж байдаг гэж зарим судлаачид таамагладаг. Хэрвээ Хятад еврогоо зарахаар шийдсэн бол энэ нь зөвхөн еврозоны орнуудад биш зах зээлд ерөнхийд нь нөлөөлж, еврогийн нийлүүлэлтийг огцом ихэсгэнээс ханш унагах байсан юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж