Төрийн Өмчийн Хорооны удирдлагууд саяхан “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан үйл ажиллагааны явц, төлөвлөлттэй танилцсан байна. Шинээр байгуулагдсан уг компанийн 40 хувийг төрийг төлөөлөн Төрийн өмчийн хороо, 60 хувийг хувийн хэвшлийг “Петровис”, “Магнайтрейд”, “Жастгрупп” ХХК болон, Монгол сэкию компаниудын оролцоотой байгуулсан байна.Тус үйлдвэрийн тухайд, жилд 2 сая тн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпорациуд хамтран урт хугацааны хүү багатай эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр санхүүжүүлэх юм. Хэдийгээр Японы талаас хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдэж байгаа ч уг байгуулагдах үйлдвэр нь 100 хувь Монголын үндэсний компани байх аж. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсын хэмжээнд бензин шатахуун, дизель түлш, нисэх онгоцны түлш, түлшний мазут, авто замын асфальт, битум зэрэг 7 төрлийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангах боломжтой болно. 2015 оноос үйл ажиллагаагаа эхлэх энэ үйлдвэр монголчуудын өнөөдөр хэрэглэж буй 80, 92-ын октантай бензин үйлдвэрлэхгүй. Харин Евро-4 стандартын шаардлага хангасан 95-100-гийн октантай бензинээр дотоодын зах зээлээ хангах юм. 600 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрийг байгуулахад 685 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Дархан Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК нь Японы Тоёо Инженер, Марубени корпорацитай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, барьж байгуулах гэрээг байгуулна. Харин дараа нь Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк, Марубени корпарацитай санхүүжилтийн хэлэлцээр хийх юм байна. Ингэж санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлсэний дараа үйлдвэрийн барилгын ажил эхлэх аж. “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Сумитомо Мицүибанктай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийняам, “Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК байгуулах гэж байгааг тус үйлдвэрийн удирдлагууд Төрийн өмчийн хорооны даргад танилцууллаа. Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар тус үйлдвэрийн удирдлагуудтай мэдээлэл солилцсоны дараа үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн, үйлдвэр барих газрын асуудал болон оюуны өмчтэй холбоотой асуудлуудыг нягталж холбогдох хууль журмын дагуу, шийдвэрлэх, ашиглалтын өмнөх захиргааг яаралтай байгуулж ажлын төлөвлөгөө гарган компанийн ТУЗ, Гүйцэтгэх удирдлага шуурхай ажиллуулах шаардлага байгааг хэллээ. Мөн зээлийн гэрээний явцыг шуурхайлж, дүрмийн санг бүрдүүлэх болон үйл ажиллагааны зардал, 15 хувийн хөрөнгө оруулалтын асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж ойрын хугацаанд шийдвэрлүүлэх үүрэг тус компанийн удирдлагад өгөв.
Японы талаас өгсөн Зээлийн гэрээний төслийг судалж саналаа бэлтгэж байгаа бөгөөд Японы Олон улсын Хамтын ажиллагааны банкнаас болон Сумитомо Мицүи банкнаас авах зээлийн баталгааг Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Сангийн яам гаргахаар болжээ. Жилд 1 их наяд гаруй нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 470 тэрбум төгрөгийн орлого оруулж ДНБ-ий өндөр өсөлтийг хангахад дорвитой хувь нэмэр оруулах эдийн засгийн томоохон ач холбогдолтой тус үйлдвэр 4.5-5 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх ашигтай ажиллах тооцоо судалгааг төслийнхөн гаргасан байна. Тиймээс хамгийн түрүүнд байгаль орчны үнэлгээ хийлгэх ажлыг шуурхайлахын зэрэгцээ үйлдвэрийн мэргэжилтэй ажилтан, ажилчдыг бэлтгэх хүний нөөцийн үйл ажиллагаагаа одооноос эрчимжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болон ерөнхий захиралд үүрэг болголоо.