&#34Тамирчдын тэтгэлэг үр дүнгээ өгч байгаа&#34

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

&#34Тамирчдын тэтгэлэг үр дүнгээ өгч байгаа&#34

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны ээлжит гранпри тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркийн Самсун хотноо болж өнгөрлөө.

Уг тэмцээнд дэлхийн 40 орны 300 гаруй жүдоч оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин алт, 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон хүрэл медаль хүртээд өчигдөр эх орондоо ирсэн юм. Олон улсын хэмжээний мастер Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Сая оролцсон тэмцээ-нийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиодог алт нь 300, мөнгө нь 180, хүрэл нь 120 оноотой том гранпри тэмцээн л дээ. Олимпод орох эрхийн төлөө 300 оноо нэмэхэд маш их өөрчлөлт гардаг. Манай жинд 21 орны 32 тамирчин өрсөлдсөн.

-Хамгийн хэцүү өрсөлдөгч аль улсын тамирчин байв?

-Бүх өрсөлдөгч хэцүү байсан. Оросын бөх их шартай барилдсан даа. Тэр тамирчныг өнгөрсөн арванхоёрдугаар сард Чиндаогийн гранпри тэмцээний медалийн төлөөх барилдаан дээр хожиж байсан юм.

-Шартай барилдана гэхээр яг яасан хэрэг вэ?

-Ер нь янз бүр л болно доо. Дэвжээн дээр гарахын өмнө нүдээ ирмэнэ. Хажууд гэнэт орилж оросоор үг хэлэх гэх мэт сүрдүүлэх маягтай юм хийнэ. Би тэр тамирчныг Чиндаод ууцаар нь тэврэх мэхээр цэвэр ялж байсан. Миний урдаас хараад янз бүр болоод байхаар нь ууцаар нь тэврэх мэхний хөдөлгөөнийг хийж үзүүлсэн юм. Тэгсэн гараа зангидаж байна лээ. Их шаралхсан даа. Шагналаа авсаны дараа медалийн тавцан дээрээс дөнгөж буугаад надтай гар бариад баяр хүргэе гэж байсан. Ер нь жүдо ч гэлтгүй спорт шударга, ёс жудагтай байдаг шүү дээ.

-Олон улсын хэмжээний хэд дэх медаль вэ?

-Анх барилдаж эхлэхдээ самбо бөхөөр барилдаж байсан. Жүдо бөхөөр 2009 оноос хойш барилдаж эхэлсэн. Жүдо бөхөөр анхны их дуулгынхаа тэмцээнд Москвад оролцохдоо хүрэл медаль хүртээд их баярлаж байсан. Мөн улсын аваргад түрүүлж байлаа.

-Тэгвэл самбо бөхөөр ямар амжилт үзүүлж байв?

-Залуучуудын дэлхийн аваргын тэмцээнээс 2006 онд алтан медаль, 2007 онд мөнгөн медаль хүртсэн. Мөн азийн аваргын залуучууд, насанд хүрэгчдэд тэмцээнүүдэд түрүүлж байсан. Самбо бөхөөр 48, 52 кг-ийн жинд их барилдсан даа. Тэгээд 2009 онд жингээ нэмээд жүдо бөхийн 60 кг-д барилдах болсон.

-Дараагийн тэмцээн хэзээ вэ?

-Хориод хоногийн дараа Азербажейны Баку хотод Их дуулгын тэмцээн болно. Тэр тэмцээнд оноогоо урагшлуулж эхний дөрөвт орох зорилго тавиад бэлтгэлээ хийж байна. Саяны авсан оноогоо нэмээд дэлхийн эрэмбэд наймдугаарт бичигдээд байгаа. Тиймээс оноо авах нь л чухал.

Дээгүүр эрэмбэтэй байж л олимпийн наадмын эхний хоёр, гурван тойрог гайгүй өрсөлдөгчтэй таарна. Хэрэв эрэмбэ хойгуур байвал эхний тойргуудад чанга өрсөлдөгчидтэйгөө шууд тулдаг.

-Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар солигдсон. Ямар дасгалжуулагч дасгалжуулж байна. Таарч тохирч байна уу?

-Жил гаруйн өмнө багш нар солигдсон. Манай багш нар их туршлагатай сайн хүмүүс л дээ. Бэлтгэл сургуулилтаа хэвийн хийгээд сайн явж байна. Ахлах дасгалжуулагч О.Балжинням багш мөн н.Баттулга багш байна. Саяхан олимпийн аварга Н.Түвшинбаяр ах дасгалжуулагч болсон. Түвшээ ахыг багш гэж хэлж чадахгүй ахаа гэчихээд байгаа (инээв).

-Анхны багш тань хэн байв?

-Надад анх бэлтгэл хийлгэж, уналт зааж өгсөн багш маань Олон улсын хэмжээний мастер самбо бөхийн ерөнхий дасгалжуулагч н.Баярсайхан гэж хүн бий.

-Тэмцээний үеэр хөгжилтэй зүйлс гарав уу. Цагийн зөрүү мэдэгдсэн үү?

-Цаг уурын хувьд манайхтай бараг ойролцоо боловч арай дулаахан байсан. Харин буудалд орсон чинь цонхны доор тахиа байсан. 66 кг-д барилдсан Батгэрэл, Баттулга багш бид гурав нэг өрөөнд байрласан юм. Тэгтэл тахиа үүрээр донгоддог байтал шөнөөр донгодоод барилдахын өмнөх шөнө бид хэдийг ерөөсөө унтуулаагүй.

Тэгээд Азиас авчирсан тахиа юм байхдаа гэж хоорондоо ярьж инээлдэж байсан. Зургаан цагийн зөрөөтэй болохоор тэмцээн өглөө 08.00 цагаас эхэлсэн нь ашигтай байсан л даа. Манай цагаар бол өдрийн 02.00 цагийн орчимд эхэлж байгаа юм. Барилдах гэсээр байтал 04.00 цаг болно гэсэн үг. Энэ нь бидний бэлтгэл хийдэг цагтай их сайхан таарсан. Харин орой финалын барилдаанууд манайхаар шөнийн 00.00 цагт таарсан. Финалд барилдахын өмнө нойр их хүрсэн дээ.

-Дараагийн тэмцээн удахгүй болох юм байна. Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байдаг. Таван өдөрт нь өдрийн хоёр бямба гаригт нэг удаа бэлтгэл хийнэ. Төрийн албан хаагчид өглөө 08.00    цагаас ажилтай байдаг бол бид ялгаагүй мөн л тэр цагаар бэлтгэлээ хийж эхэлдэг.

Шигшээ багийн тамирчид өглөө “Замбала” клубт хүчний бэлтгэл хийгээд үдээс хойш дөрвөн цагаас Спортын төв ордонд дэвжээний бэлтгэл хийдэг. 08.00 цагийн үед гэртээ харина. Бэлтгэлийг маш сайн чанартай хийж буй нь сүүлийн үед манай тамирчдын гаргаж байгаа амжилтуудаас эрс мэдэгдэж байгаа.

-Олимп, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдаа улсаас тэтгэдэг боллоо. Энэ тамирчдын амжилтад нөлөөлж байгаа болов уу?

-Тамирчдыг бүх насаар нь тэтгэдэг болсон нь үр дүнгээ өгч байгаа. Дараа дараагийн тамирчид ч гэсэн сайн барилдаж улсын тэтгэлэгт хамрагдахыг хичээнэ шүү дээ. Би ч гэсэн ялгаагүй. Дэлхийн аварга, олимпод амжилт гаргавал дараа нь амьдралд хэрэгтэй. Тамирчин бол залуу насны ажил шүү дээ.

-Гэр бүлд тань спортын хүмүүс байв уу. Яагаад спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Манай гэрийнхэн дунд бөх барилддаг хүн байхгүй ээ. Би сумын төвд бага сургуульд байхын л барилдах сонирхолтой хүүхэд байсан. Хичээлийн их завсарлагаанаар гарч барилдаад хувцас хунараа ураад тоос шороо болчихоод багш нартаа их загнуулдаг байсан. Тэгээд хот руу шилжиж ирсний дараа нэг удаа ангиараа хүүхдийн парк дээр тоглосон юм. Буцахдаа Спортын төв ордноор ортол их гоё санагдаад манай ангийн хөвгүүд бараг цөмөөрөө самбо бөхийн дугуйланд бүртгүүлсэн. Гэвч цөөрсөөр байгаад одоо би л үлдээд байна даа.

-Аль нутаг вэ?

-Би Төв аймгийн Угтаал-Цайдам сумынх. 2000 онд эмээтэйгээ хамт хотод амьдарч эхэлсэн эмээгийн л хүүхэд дээ. Дээрээ гурван эгчтэй айлын бага хүүхэд болохоор их эрх байсан. Тамирчин болоод олон хүүхдүүдтэй ийш тийш яваад эрх байх аа болисон доо. Спорт чинь их гоё шүү дээ.

-Гэр бүлтэй юу?

-Гэр бүл зохиогоогүй ээ. Одоо бэлтгэлдээ л хамаг анхаарлаа хандуулж байна. Дараагийн олимп гуравхан жилийн дараа болно. Он гараад хоёр жил үлдэнэ гэсэн үг шүү дээ. Олимпод орох зорилготой бэлтгэлээ чанартай хийхийг хичээж байгаа.

-Хувиараа ямар нэгэн бизнес хийдэг үү. Шигшээ багийн цалин хэд вэ?

-Бид шигшээ багийн тамирчны 300 мянга орчим төгрөгийн цалин авна. Түүнийхээр хажуугаар клубуудээс бас цалин авдаг. Бизнес зэрэг зүйл хийх зав ерөөсөө гардаггүй. Тэмцээнүүддээ сайн барилдвал Засгийн газраас шагналын мөнгө авах боломжтой. Сая шинэчлэгдсэн байна лээ. Сайн барилдвал сайхан амьдарна.

-Жин хасах зэрэг асуудал тулгардаг уу?

-Миний жин сая тэмцээнд орохын өмнө 62 кг байсан. Тэгээд бэлтгэл дээр хэвийн хэмжээнд орчихдог. Би ойрын таван жил жин хасахын зовлон үзээгүй. Жин хасахгүй барилдвал тамирчин барилдаанаа 100 хувь гаргадаг. Жин их хасаад олон хоног барьчихсан хүн чинь санаа байгаад цаанаасаа тамир нь хүрдэггүй. Харин эсрэгээр манай холбооны багш нар болон Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга жингээ нэм гээд байгаа. Жүдо бөх орой нь жингээ үздэг болчихсон. Ялангуяа багууд өмнөх орой нь жингээ 60 кг гэж үзүүлсэн бол маргааш нь 65 кг орчим болчихдог.

Би Хил хамгаапах ерөнхий газрын 253 дугаар ангид ахлагч цолтой. Ангийнхаа дарга, албан хаагчдад болон Хил хамгаалах ерөнхий газрын спорт хорооны дарга н.Дашжамц, шиггиээ багийн багш нар, анхны багш, “Машин механизм” компани, ‘Женко’’ клуб, “Кеново” групп н.Мягмардорж ах нар болон ойр дотныхоо найз нөхдөд намайг бүхий л талаар тусалж дэмждэгт баярлалаа гэж хэлье.

Ж.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж