Ундны ус хянадаг 28 камераас дөрөв нь үлджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Ундны ус хянадаг 28 камераас дөрөв нь үлджээ

Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрүүдийн нэг нь Гачууртын “Хар усан тохойн бүс”. Тухайн хэсэгт 27 гүний худаг бий. Ундны усны бүс бол улсын онцгой обьект учраас хамгаалалтад байна.

Энэ үүргийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийнхан гүйцэтгэдэг. Уртаашаа таван км орчим үргэлжлэх бүс нутгийг явганаар хамгаалах аргагүй. Тиймээс одоогоос жил хагасын өмнө буюу 2011 оны наймдугаар сард улсын төсвийн зардлаар тухайн бүсийн эргэн тойрон таван км хүртэл хянах теле хяналтын хэрэгслээр тоноглосон.

Дотоодын цэрэг, Нийслэлийн ус сувгийн удирдах газар хамтран “Ус хангамжийн эх үүсвэрийн обьектуудыг холбоо, дохиолол, теле хяналтын хэрэгслээр тоноглох төсөл”-ийг боловсруулан, сонгон шалгаруулалтад нь “Сектех сервис” компани ялж байж.

Ингээд худаг бүрт нэг, дээрээс нь бүтэн эргэдэг нэг, нийтдээ 28 ширхэг камерыг суурилуулжээ. Тухайн үедээ алслагдсан обьектийг 36 дахин татаж, дүрсийг томруулах чадвартай хэмээн онцолж байв.

“Сектех сервис”-ийн захирал М.Бямбажав Хар усан тохой хавийг хянах тендерт ялалт байгуулж, амжилттай хийж гүйцэтгэснээ Сүхбаатарын дүүргийн камерын тендерийн нээлтийн үеэр хэвлэлд ярьсан байдаг. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг бүрэн хянаж, хамгаалж чадахаар боллоо гэж тухайн үедээ бүгд магтаж байв.

Харамсалтай нь өнөөдөр тэнд байрлуулсан 28 камераас ердөө дөрөв нь ажиллаж байна. Камер байрлуулснаас хэдхэн сарын дараа буюу одоогоос нэг жил орчмын өмнө долоон камер ажиллаж байсан. Түүнээс хойш зарим нэгийг нь зассан боловч буцаж эвдэрсээр өнгөрсөн сарын 20-нд цахилгаан тасраад ирэхдээ дөрвөн камер үлджээ.

Нэг нь нийт газрыг бүтэн эргэлдэж хянах зориулалттай нь. Худгуудын үүд нь гэрэлтэй учраас хөдөлдөггүй камерууд нь бас ч боломжийн. Харин тэрхүү эргэлддэг камераар харанхуй болсон үед юм олж харна гэдэг туйлын хэцүү асуудал аж.

Саяхан Архангай аймгийн Эрдэнэбулган суманд цэвэр усны гүний худгийн үүдэнд 2.3 килограмм мөнгөн ус асгасан явдал олон нийтийг цочирдуулсан билээ. Тиймдээ ч ундны усны эх үүсвэр гэдэг онцгойгийн онцгой обьект байх ёстой. Гадны хэн ч тус бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх ёсгүй.

Гэвч “Хар усан тохойн бүс” болох тухайн газарт мал орно. Явган хүн нэвтэрнэ. Хамгаалалтын хашаа байхгүй, дээрээс нь Улиастай, Гачуурт орчмын айл өрхүүдтэй залгаа оршдог учраас иймэрхүү зөрчил гарах нь ойлгомжтой.

Дотоодын цэргүүд хамгаалж байгаа боловч том талбайтай тус газрыг бүрэн хараандаа байлгах аргагүй. Тиймээс л тухайн бүсийг камержуулах ажилд онцгой ач холбогдол өгч байв.

Гэвч сонгон шалгаруулалтад ялсан “Сектех сервис” компани чанаргүй камеруудыг тэнд шахсан нь нэгэнт тодорхой боллоо. Байрлуулсан 28 камер нь бүгд “Geouision” брэндийнх аж. Тайваниас оруулж ирдэг эдгээр камер нь хасах 20 хэм хүртэл хүйтэнд ажиллах чадвартай юм байна. Үнэ өртгийн хувьд ч хамаагүй хямдхан гэж энэ чиглэлийн бизнес эрхлэгчид хэлж байна.

Өвөлдөө үргэлжийн жавар, салхи шуургатай байдаг Туул голын ай сав бүү хэл Улаанбаатар хотын төвд ч ажиллах боломжгүй гэсэн үг. Тиймдээ ч өвлийн хүйтэнд нэг, нэгээрээ чадхийсээр өнөөдөр дөрөвхөн үлдсэн нь энэ бололтой.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийнхан “Сектех сервис” компанид хандан энэ талаараа хүсэлт гаргаж байжээ. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд илгээсэн хүсэлтдээ “Уг камерын систем нь техникийн болон өвлийн улиралд хяналтын дуран нь хөлдөж хяналтгүй болох, дурангийн антенны тархалт муудах, камерын программ хангамж, үйлдлийн систем доголдох зэрэг эвдрэл ихээр гарч байна. Дээрх телехяналтын системийн процессор 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хард диск нь гацаж, үйлдлийн системийн программ устаж, ажиллахгүй болсон тул өөрсдөө үйлдлийн системийг форматлав. Иймд телехяналтын системийг хэвийн ажиллагаанд оруулж эвдрэл гэмтлийг засахад мэргэжлийн инженерийн туслалцаа шаардлагатай байгаа тул бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэж онцолжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Сектех сервис” компани нь тухайн камерын системд ердөө нэг жилийн баталгаат хугацаа өгсөн байна. Тиймээс нэгэнт уг хугацаа нь дууссан тул Дотоодын цэргийнхэнд даатгаад орхисон бололтой.

Уг нь улсын онцгой обьектийг хянах ажилд ганцхан жилийн баталгаа өгмөөргүй юм. Улсын төсвөөс гаргасан хэдэн саяар тоологдох хөрөнгө хоёрхон жилийн нүүр үзэлгүй салхинд хийссэн нь энэ.

Хамгийн гол нь нийслэлчүүдийн ундны усыг хангадаг нэг эх үүсвэр тэр чигтээ хараа хяналтгүй орхигджээ гэж хэлж болохоор байна. Энэ асуудлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэн нь анхааралдаа аваасай.

Б.УРАН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж