Оролцогч тамирчдын талаас илүү хувь нь орон нутгийн тамирчид байгааг зохион байгуулагчид онцолж байна. Хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж буй тэмцээний аваргууд өнөөдөр тодрох учиртай. Түрүүлсэн тамирчид олон улсын таван цуврал тэмцээнд оролцох эрх авах юм. Тус тэмцээний талаар Монголын хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны тэргүүн, олон улсын хэмжээний мастер Д.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Спорт авиралтыг манайхан тэр бүр мэддэггүй. Ер нь Монголд хэзээнээс үүсэлтэй спортын төрөл вэ?
-Манай оронд 1971 оноос эхлэн хөгжсөн. Тэр үед хотын аварга шалгаруулах нэрээр анх үүссэн гэдэг. Тодорхой шалтгааны улмаас хэдэн жил завсарласан юм билээ. Харин энэ спортод элэгтэй хэсэг хүмүүсийн буянаар 1990 онд дахин сэргэж анхдугаар улсын аваргаа тухайн онд зохион байгуулсан юм.
-Оролцож байгаа тамирчид нэлээд залуу юм. Хэр олон тамирчин энэ спортоор хичээллэж байна вэ?
-Энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 42 настай. Ер нь бол сүүлийн үед спорт авиралтыг сонгож хичээллэх тамирчид ихэссэн. Ялангуяа өсвөр тамирчид нэлээд олон бий. Түүнээс биш нэг хэсэг бараг тамирчин байхгүйтэй л адилхан байлаа. Ирэх сард спорт авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд амжилт гаргахгүй ч тамирчдынхаа төлөөллийг оролцуулахыг маш их хүсч байна. Зардал мөнгөний асуудлаа шийдээд спортын мастер Д.Анхболд, залуу тамирчин Б.Ариунболд, Г.Ганзориг С.Түвшинтөр, А.Жангар нарыг явуулна. Манай тамирчдад том туршлага болох биз.
-Олон улсын тамирчдын авирч байгаа хадыг харахаар их л өндөр харагдаад байдаг. Манайх тамирчдын тэмцээн явуулдаг хиймэл хад стандарт байж чадах уу?
-Стандартад нийцэх ямар ч үндэс байхгүй л дээ. Олон улсын стандартад нийцсэн хиймэл хадтай болохын тулд бид эхлээд зориулалтынх нь заалтай болох хэрэгтэй. Одоо тэмцээн явуулж байгаа заал маань 8.5 метрийн өндөртэй. Гэтэл олон улсын стандарт нь үүнээс хоёр дахин өндөр байдаг юм. Олон улсын спорт авиралтын ханан хадны гадасны зай, өндрийн хэмжээ жил ирэх тусам өөрчлөгддөг. Гэтэл бид 20 шахам жил ашигласан ханан хадандаа бэлтгэлээ хийсээр л байна. Хуучирч актлагдах болсон ханан хаданд энэ жилийн улсын аваргыг зохиохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Манай спорт авиралтын шигшээгийн тамирчид гол бэлтгэлээ энэ хананд хийдэг. Ийм хананд бэлтгэл хийсэн уулчдын ачаалал авах, сэтгэлзүйн даван туулах чадвар муу. Энэ спорт 2020 оны олимпийн хөтөлбөрт орох магадлалтай төрлийн нэг болсныг хүмүүс мэдэж байгаа байх. 2020 оны олимпийн хөтөлбөрт өрсөлдөж буй долоон спортоос одоогийн байдлаар спорт авиралт эхний гуравт орсон байна лээ. Энэ спортыг хөгжүүлэхэд төр, засгийн дэмжлэг их чухал. Хэрэв төрөөс анхаарч хэрэглэл материал авах талд дэмжвэл манай тамирчид тивийн тэмцээнд түвэггүй түрүүлнэ. Цаашлаад дэлхийн аваргаас ч медаль авах боломжтой. Спорт авиралтаас салбарласан уулын авиралтын дөрвөн төрөл байдаг юм. Үүний нэг нь мөсөн авиралт. Энэ спорт ирэх жил ОХУ-ын Сочид болох өвлийн олимпийн хөтөлбөрт орчихлоо. Харин бид хэрэглэл материалтайгаа зууралдсан хэвээр байна. Уг нь бид ханан хадтай болох асуудлаа дэлхийн спорт авиралтын холбоонд хүсэлт гаргасан. Тэд үйлдвэрийн үнээс ч хямдаар Монголд хиймэл хад нийлүүлэх санал тавьсан. Харамсалтай нь тэр мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй байна.
-Манай тамирчдын амжилт ямар байдаг юм бол?
-Стандарт болон стандарт бус хананы зөрүү тамирчдын амжилтад маш их сөргөөр нөлөөлж байна. Одоогоор бидний үзүүлсэн хамгийн өндөр амжилт гэвэл 32 орноос 26 дугаар байр эзэлсэн явдал. Мөн хоёр тамирчин маань шигшээ наймд үлдэж байсан.