Хаврын чуулганы хуралдаантай зэрэгцэн МАН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан. Жагсагчид дөнгөж сая МАН-ын гишүүдээр дамжуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлсэн байна. Төрийн гурван өндөрлөгт хандсан 10 зүйл бүхий уг шаардлагад, “Ардчилсан Монгол Улсын төрийн гурван өндөрлөг Монгол Улсыг удирдаж чадахгүй байна. Монгол Улсад Үндсэн хуулийг үл тоон, эрх мэдлээр далайлган хувийн ашиг сонирхлыг давамгайлж, нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал хавтгайрч байна. Эмх замбараагүй өөрслөлт, шинэчлэлтийн балгаар эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доройтож байна. Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж, нийгэмд эмх замбараагүй байдал хэрээс хэтэрч байгаа учраас жирийн иргэд санаа зовж байна. Тиймээс Засгийн газрыг огцрохыг шаардаж байна” гэжээ.
Ш.ЧИМЭГ