Ө.Энхтүвшин: ЗГ-т хариуцлага тооцъё

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: ЗГ-т хариуцлага тооцъё

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг хаяж гарсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “МАН-ын зүгээс хаврын чуулганы хуралдаанд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэхээр үг хэлэхийг хүссэн ч УИХ-ын дарга үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас чуулганы хуралдааныг хаяж явахад хүрсэн” гэж тус намын зүгээс тайлбарлаж байна.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАН-ын байр суурийг илэрхийлж, Засгийн газарт хариуцлага тооцохыг санууллаа. Тэрээр хэлэхдээ, “УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгсэлд хандаж байна. Засгийн газар байгуулагдаад найман сар болсон ч шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн гарах боломжтой хугацаа байсан. МАН-ын зүгээс ч эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхээс илүү хийх ажилд нь боломж гаргах нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын хэрэгжүүлэх ажил, холбогдох хууль  тогтоомжийг цаг тухайд нь батлалцаж өгсөн. Засгийн газар 11 11 төвийг нээн ажиллуулж, Төрийн ордныг иргэдэд нээлтэй болгосон, Батаарын араас хөөцөлдсөн зэрэг сайшаалтай ажил хийснийг үгүйсгэхгүй ч Монгол Улсын хөгжлийн төвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн эхлүүлсэн, иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлсэн, ардчилал шударга ёсыг хэрхэн дээдэлж ажилласан зэргийг нь дүгнэвэл Засгийн газрын үйл ажиллагаа нэмэх биш хасах түвшинд  байна” гэлээ. Товчхондоо бол тэд МАН-ын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Хэвлэлийн хурал болох үед МАН-ын гишүүд, дэмжигчид болон МАН-ын удирдлага, зарим гишүүд Төрийн ордны гадна жагсаалаа үргэлжлүүлж байв. Тэд 
“Швейцарийн банкинд данстай байсан нь илэрсэн УИХ-ын гишүүн С.Баярцогт
огцор”, "Нийгэмд шударга ёсыг
тогтоож, Засгийн газар иргэдээ хохироож
болохгүй" зэрэг шаардлагыг тавьж байсан бөгөөд МАН-ын гишүүдээр дамжуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт албан
шаардлага хүргүүлжээ. Төрийн гурван өндөрлөгт хандсан 10 зүйл
бүхий уг шаардлагад, “Ардчилсан Монгол Улсын төрийн гурван өндөрлөг
Монгол Улсыг удирдаж чадахгүй байна. Монгол Улсад Үндсэн хуулийг  үл
тоон, эрх мэдлээр далайлган хувийн ашиг сонирхлыг давамгайлж, нам, үзэл
бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал хавтгайрч байна. Эмх замбараагүй
өөрслөлт, шинэчлэлтийн балгаар эдийн засгийн өсөлт буурч, ажилгүйдлийн
тоо нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ
нэмэгдэж, ард түмний амьдрал доройтож байна. Улсын үндэсний аюулгүй
байдал алдагдаж, нийгэмд эмх замбараагүй байдал хэрээс хэтэрч байгаа
учраас жирийн иргэд санаа зовж байна. Тиймээс Засгийн газрыг огцрохыг
шаардаж байна” гэжээ.


Г.ДАРЬ

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж