-УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч оролцлоо. Ерөнхийлөгчийг чуулганы хуралдаан дээр үг хэлэх үед нь цөөнхийн бүлгийн гишүүд эсэргүүцэж хуралдааныг хаяж гарлаа. Цаашид цөөнхтэй ойлголцож УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явах боломж хэр байгаа бол?
-Төрийн тэргүүн энэ төрд байгаа зөв зүйл, алдаатай зүйл хоёрыг хоёуланг нь хэлсэн. Тэгэхдээ манай цөөнхийн бүлэг яарчихав уу л гэж харж байна. Төрийн тэргүүн урд болохгүй байсан зүйлийг өнөөдөр давтахгүйн тулд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг хэлэх агшинд манай цөөнхийн гишүүд хурлаа хаяж гарлаа. Тэгэхдээ энэ төрийн үнэхээр болохгүй байгаа, хүлээгдээд байгаа иргэдийн эмзэглээд байгаа асуудлыг Ерөнхийлөгч шударга хэлсэн. Ялангуяа УИХ, Засгийн газарт байгаа дутагдлыг хэлсэн. Энийг хүлээх тэвчээр манай цөөнхөөс гарсангүй дээ гэж би дотроо харамсаж байна. Тэгэхдээ өөрсдийн шийдвэр өөрсдөд нь л зөв.
-Хаврын чуулгантай зэрэгцүүлж МАН-ынхан жагсаж байна, иргэний хөдөлгөөнүүд бас нэгдчихэж. Дээр нь орон сууцны зээлээс болж хохирсон иргэд бас нэгдчихсэн жагсаж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Орон сууцтай холбоотой асуудал өмнөх Засгаас өвлөгдөж ирсэн. Үүн дээр зөвхөн өнөөдрийн Засгийн газарт буруу өгөх нь хэр зөв юм болдоо гэдгийг бодож үзэх ёстой. Бид энэ хаврын чуулганаараа нэг асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой юм байна. Тэр нь Моргейжийн зээлийн тухай хуулийг маш хурдан шуурхай баталж хэрэгжүүлэх ёстой. Болж өгвөл Засгийн газраас энэ сард багтаагаад УИХ-д хуулийн төсөл оруулж ирээсэй, түүнээс биш өмнөх хөнгөн хуумгай улстөрийн шинжтэй хийсэн үйлдлийг дахин давтаж өнөөдөр улстөрөөр дамжуулж иргэдийг хохироох ёсгүй гэсэн байр суурьтай байна.
-Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-аас тавина гэх мэдээлэл бий. Та хувьдаа Ерөнхий сайдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу, эсвэл?
-Ерөнхий сайдыг шууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд яаж захирамж гаргах ёстой юм, яаж хүчингүй болгох ёстой юм. Тэр үйлдлээ хийсэн. Үүнийг цөөнх юу гэж үзэж байгаа юм, тэр нь өөрсдийнх нь шийдлийн асуудал. Цөөнх асуудлаа оруулж ирэх нь бүрэн эрхийнх нь асуудал. Энэн дээр эмзэглэх зүйл байхгүй.
-Өвөрхангайн асуудал юу болж байгаа вэ, Д.Зоригт УИХ-ын гишүүний тангараг өргөх нь зайлшгүй боллоо гэх?
-Хэн энэ УИХ-д орж ирэх нь чухал асуудал биш. Шүүхийн эцсийн шийдвэр юу гэж гараад Сонгуулийн ерөнхий хороо ямар шийдвэр гаргах нь эдний л асуудал. Эцсийн шийдвэр гарсан нөхцөлд нэр дэвшигчийг УИХ батламжлах нь өөрийнх нь үүрэг.
-Танай бүлгийн нэг гишүүн Швейцарь улсад нууц данстай байснаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан нь батлагдлаа. Энэ асуудлыг бүлэг эхний байдлаар хэлэлцсэн үү. Ямар шийдвэр гаргах бол?
-ХОМ-тээ өөрийнхөө хийх ёстой, оруулах ёстой зүйлээ оруулаагүй нь тухайн гишүүний хариуцлагын асуудал учраас энийг бүлэг албан ёсоор авч үзэх нь хэр зөв бэ гэдгийг бид бодож үзэх ёстой. Тэгэхдээ С.Баярцогт гишүүнтэй холбоотой асуудлыг жижиг зүйл гэж үзэхгүй байна. Энэ бол нэлээн алсаас шийдэгдсэн зүйл юм болов уу гэж ойлгож байгаа. ХОМ-тээ гадаадад байгаа данс, гадаадад байгаа компаниа бүртгүүлээгүй байна гэдэг нь яах аргагүй алдаа мөн. Хариуцлага тооцох ёстой юу гэвэл тооцох ёстой. Гол нь УИХ-ын гишүүний асуудал учраас хэлэлцэх асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Түүнээс бүлэг авч үздэг асуудал биш. Энийг ойрын хугацаанд УИХ ярьж шийдэх байх. С.Баярцогт гишүүн ч өөрийн байр суурийг цаашид яах вэ гэдгээ илэрхийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэхдээ энэнтэй холбоотойгоор бидэнд нэг сануулах зүйл юу вэ гэхээр Монголын төрийн албан хаагч гадаадад ямарваа нэг хэмжээгээр нуугдмал данстай, бүртгүүлээгүй компанитай байгаа бол энийг яах вэ гэдэг эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг дохио өглөө. Монголын эдийн засаг өргөжиж байгаа, Монголын уул уурхайн ашиг сонирхол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа үед Монголын улстөрчдийг янз янзын байдлаар цаашид иймэрхүү асуудалд холбогдуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Тийм учраас цааш цаашдаа аль аль талдаа үүнийг анхаарах ёстой. Энэ бол улс эх орны хувь заяаны асуудал. Өнөөдөр энэ асуудал С.Баярцогт дээр тусч байгаа ч хэдий ч цаашид хэн дээр тусахыг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй. Тийм учраас монголчууд энэ асуудалд маш няхуур хандах ёстой. Нэгийг нь шахчихаад байхад хойноос нь цөөвөр чоно шиг орилдог эрх зүйг монголчууд бид хоорондоо үүсгэж болохгүй. Тийм учраас монголчууд ухаалаг хандаасай л гэж бодож байна.
-Увсын УИХ-ын сонгуулийн маргаантай холбоотойгоор хоёр өөр шийдвэрийг шүүхээс гаргалаа. Гол нь Сонгуулийн ерөнхий хороо асуудлыг нэг тийш болгох шийдвэр гаргах юм шиг зүйл бас яригдаад эхэллээ. Хуулиараа яах ёстой вэ?
-Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр гэж би ойлгож байгаа. Нийгэмд олон янзын хардлага явдаг ч гэсэн шүүхийн шийдвэр бол эцсийнх. Энэнд ямарваа нэг улстөрийн нөлөөлөл гараагүй гэдэгт найдъя. Шүүгч өөрөө ямар хэм хэмжээнд зөв гэж үзсэн тэр зүйлээ нотлох нь шүүгчийн өөрийнх нь эрхийн асуудал. Сонгуультай холбоотойгоор мөнгө тараасан нь нотлогдсон учраас өөрийнх нь тухайн эрх зүйн орчиноор шийдэгдээд явах нь гарцаагүй зүйл. Тэгэхдээ нэр дэвшигч нь зөрчил гаргаагүй гээд УИХ-д сууж байдаг, тэдний туслахууд нь мөнгө тараасан гээд нэр дэвшигчтэйгээ огт хамаагүй юм шиг хоёрдмол заалт гарч байгаа нь өнөөдрийн эрх зүйн орчин ямар байгаа юм бэ гэдгийг яруу тодоор нотолсон зүйл болсон гэж бид ойлгож байгаа. Шүүхийн шийдвэр ямар байна, бид түүнийг хүндэтгэн үзэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо аль талаас нь шийдвэр гаргах нь өөрийнх нь эрхийн асуудал.