Инфляци дээр бооцоо тавихгүй шүү

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

Инфляци дээр бооцоо тавихгүй шүү

Инфляци дээр бооцоо тавихгүй шүү

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг батлах тухай тогтоолын төсөл, 2014-2016 оны улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төсөл, ирэх онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Мөн хэлэлцэх асуудлын эхэнд Ерөнхиийлөгчийн сонгуулийн товыг зарлах тогтоолын төсөл болон санхүүжүүлэх зардлын хэм­жээг товлох тухай тусгажээ. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгууль хэдийнэ эхэлчихэж. Парламентад  суудалтай улс төрийн намууд кандида­туудаа сойж, хайж байна. Энэ бүхэн товчхондоо улс төрийн хүрээний үйл явдлын хүлээлт.

Харин эдийн засгийн амьдралд хамгийн сонирхолтой асуудал гэвэл “Энэ хавар инфляци хэдэн хувьтай байх вэ,  цаашилбал оны эцэст инфляцийг найман хувьд барьж чадах уу” гэдэг асуудал анхаарал татаж байна. Ийнхүү анхаарал татаж байгаа нь товчхондоо хүлээлт юм.

Инфляцийн хүлээлт гэх ойлголтын талаар Төв банкнаас 2008 оноос л анхаарч ирсэн байдаг. Учир нь макро эдийн засгийн, тэр дундаа инфляцийн хүлээлтийг зөв, үр дүнтэй удирдахгүйгээр инфляцийг тогтворжуулах, зорьсон түвшинд нь барихад хүндрэлтэй гэдгийг олон жишээ харуулж байна. Инфляцийн хүлээлтээр улс төр “хийдэг” өнөөгийн гаж үзэгдлийг ажиж тогтоогоогүй, эсвэл тоож тэмцэж байгаагүй ч, тэр нь асар их хортой нөлөө үзүүлсээр ирснийг тодорхой жишээгээр тайлбарлаж болох юм. Яагаад үзэгдэл гэсний тухайд Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах  үндсэн чиглэл”-дээ “Инфляци эрчимжих нэг шалтгаан нь инфляцийн хүлээлт нэмэгдэх үзэгдэл байдаг” гээд тодорхойлчихсон байдаг юм.

Эхлээд дотоодын судал­гаануудаас дурьдъя. Оны өмнөхөн Монголбанкныхны өөрсдөө хийсэн, олон нийтийн дунд явуулсан түүвэр судалгаагаар 2013 онд инфляци 15-16 хувьд хүрч магадгүй гэсэн таамаглал гарчээ. Харин саяхан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаач багш нарын хийсэн “Хэрэглэгчийн итгэлийн индекс” түүвэр   судалгаанаас харахад санал асуулгад оролцсон нийт өрхийн 66.5 хувь нь инфляци 9.3 хувьтай байна гэсэн хүлээлттэй байжээ. Тэгэхээр Монголбанкны 16 хувийн хүлээлтийг МУИС-ийн багш нарын судалгааны 9.3 хувьтай харьцуулаад үзэхээр ямартай ч инфляцийн мэдэгдэхүйц бууралт иргэдэд мэдрэгдэж, инфляци буурна гэсэн хүлээлт нийгэмд бодитой бий болжээ гэж ойлгож болохоор харагдаж байна.

Дээр нь УИХ-ын эрхэм гишүүд, манай улсын урдаа барьдаг гэх эдийн засагчдын амнаас инфляцийн тухай үг унахад нь сонсоод л итгэчихдэг иргэд тодорхой хэмжээнд жин дардаг. Үүнийг нь мэдрээд “Монголбанк инфляцийг найман хувьд тогтоон барьж чадахгүй” хэмээн басамжилсан утгатай ярилцлагыг хэвлэлээс харахад харамсах сэтгэл эрхгүй төрнө. Тэгвэл инфляцийг найман хувьд барьж чадахгүй байвал хэнд ашигтай юм бэ. Энэ хүн эх оронч мөн үү. Эсвэл инфляци өсөөсэй гэсэн сөрөг зөгнөлөөрөө улс төр хийх гээд байна уу. Монголын инфляци өндөр байх нь монголчуудыг ядууруулж, монголын эдийн засгийн үнэлгээг бүхэлд нь муутгана. Энэ танд ашигтай гэж үү.

Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд инфляцийн талаар олон эдийн засагч таамаглалаа дэвшүүлж хэвлэлд ярилцлага өглөө. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Оны эцэст инфляци ч, бодлогын хүү ч хоёр оронтой тоонд байх болно” хэмээн “мөрийцөх” шахсан бол Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “Инфляци өсөх хандлагатай байх болов уу. Монголбанк бодлогын хүүгээ цаашид огцом буулгавал инфляцийг нэг оронтой тоонд оруулах эсэх нь эргэлзээтэй” гэж таамаглажээ. Харин тэдний хэн, хэн нь Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүдэд ихээхэн найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн. Мөн Эдийн засаг, санхүүгийн бодлогын судалгааны төвийн тэргүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор профессор Л.Энхтайван нарын хэлсэнчлэн Монголбанк мөнгөний бодлогыг зөөллөж эерэг дохио өгч байгаа нь инфляциас айх айдсыг намжаах, хүлээлтийг сааруулах алхам гэж хэлж болох юм.

Ямартай ч инфляци бол ард түмнийг айлгах зэвсэг бишээ. Тиймдээ ч хүмүүс олон нийтэд хандсан аливаа мэдэгдэл хийхдээ илүү хариуцлагатай байж, инфляцийн хүлээлтэд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх нь зөв юм. Хэрэв та инфляцийг таамаглаж, түүнийгээ олон түмэнд хэлж байгаа бол түүнийхээ үндэслэлийг тайлбарладаг, төсөөлж тооцсон инфляцийн тоогоо нийтэд зөв тайлбарлаж, ярьж бичдэг, товчхондоо хариуцлагатай байх нь монголчууд бидэнд л хэрэгтэй байна. Үүнд тодорхой жишээ татъя.

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2010 онд ОУВС-гаас “Энэ оны эцэст Монголд инфляци 27 хувьд хүрч болзошгүй байна” хэмээн зарлаж байсан. Үнэхээр тийм явдал болсон уу. Тэд яагаад андуурав. Дараа нь 2011 онд “Инфляци 20 гаруй хувьд хүрэх бодит эрсдэл байна” хэмээн анхааруулсан. Үүнийгээ ч ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Стив Барнетт 2011 оны хоёрдугаар сарын 1-нд тухайн үеийн Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байв. Гэтэл бодит байдал дээр инфляци олон нийтэд зарласан тэр төсөөллөөс нь хамаагүй бага гарч байсан. Дэлхийн банк ч бас “инфляци өсөх эрсдэл хэвээр байна, бидний төсөөллөөр 20 орчим хувьд гарч болзошгүй” гэж мэдэгдэж байсан. Оны өмнө Азийн хөгжлийн банкнаас 2013 оны инфляцийн төсөөллийг бас л хоёр оронтой тоонд, тухайлбал 12 хувьтай байхаар байна гэж хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн. Гэтэл эдгээр олон улсын байгууллагуудын хийсэн инфляцийн таамаглал нь бодит амьдрал дээрх тооноос ихээхэн зөрүүтэй гарсаар л байна. Яагаад ийм зөрүү гараад байдгийг мэргэжлийн хүмүүс нь ойлгодог, мэддэг байж болох л доо. Гэхдээ л энгийн ард иргэдээс өгсүүлээд гадаадын байгууллагын мэдээлэлд шууд итгэдэг хүмүүс олон шүү дээ. Дээр нь эдгээр байгууллагаас гаргадаг тайланг уншдаг гадаадын хөрөнгө оруулагчдад “Монгол угаасаа л өндөр инфляцитай орон” гэсэн ойлголтыг баттай төрүүлэх сөрөг нөлөө үүсдгийг анхаарууштай байна.

Дашрамд дурьдахад хэвлэл мэдээллийнхэн инфляцийн хүлээлтийг эерэг чиглэлд залахын ач холбогдлыг ухамсарлан, эгзэгтэй үед мэргэжлийн хүмүүсийн үгийг олон нийтэд хүргэх болгоомжтой чиг хандлагыг баримталж буй. Энэ нь ямар үр дүн өгсөн нь оны эхнээс инфляцийн хүлээлтийн судалгаа, 14 хувьтай байсан инфляци хоёр сарын дотор 11 хувьтай болж буураад байгаагаас харагдаж байна. Харин инфляцийн хүлээлтэд сөрөг нөлөөлөх мэдэгдэл хийж, үр дагаварт нь ямар ч хариуцлага үүрдэггүй байдлаас салах цаг нэгэнт иржээ. Тэр тусмаа улстөрчид инфляциар бооцоо тавьж иргэдийн халаасыг хоослох нь бүр ч зохимжгүй юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан болон Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх дээрээ хүрвэл, ард түмнийг “айлгах төлөвлөгөө”-нөөсөө “инфляци” гэх сэдвийг хасчихаарай. Үүгээрээ ард түмний нийтлэг эрх ашигт нийцэхүйц том буян хийж буй юм шүү гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Бид унаж яваа мориныхоо нүдийг сохолж, хөлийг нь хугалдаггүй л байлтай улстөрчид өө.

У.ОРГИЛМАА

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж