“Монгол Улсын хил” бичлэгийн уралдаан зарлав

Хуучирсан мэдээ: 2013.04.05-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын хил” бичлэгийн уралдаан зарлав

Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ой ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Монгол Улсын хил” зохион бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаанд ирүүлэх бүтээлийг дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд хүлээн авах юм байна. Хойч үеийнхэндээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгэмд хил хамгаалах албаны онцлогийг таниулах зорилго бүхий эл уралдаанд ЕБС-ийн IV-XI ангийн сурагчид оролцох боломжтой. Сурагчид зохион бичлэгийг 180-200 үгэнд багтаан дүрмийн болон найруулгын алдаагүй бичсэн байх шаардлагатай гэнэ. Зохион бичлэгтээ үгийг оновчтой сонгосон эсэх болон өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн эсэхийг чухалчлах юм байна. Бүтээлийн ар талд өөрийн овог нэр, сургуулийн хаяг, регистрийн дугаар, харилцах утсаа тодорхой бичих ажээ. Уралдаанд оролцож буй Улаанбаатар хотын ЕБС-ийн сурагчид зохион бичлэгээ ХХЕГ-ын Мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтэст хүргэх бол  орон нутгийн сурагчдын зохион бичлэгийг хилийн отряд, ангид шалгаруулан, шилдэг 3-5 бичлэгийг файлаар болон эх хувилбарын хамт тавдугаар сарын 20-ны дотор ХХЕГ-т ирүүлэх ажээ. Уралдааны шилдгүүдийг тавдугаар сарын 23-ны өдөр тодруулж, шилдэг зургаан бичлэгт мөнгөн шагнал олгох юм байна. Уралдаанд ирсэн бүтээлээс IV-VII анги, VIII-XI анги гэсэн ангиллаар шалгаруулж тэргүүн байрт шалгарсан бол 400 мянган төгрөг, хоёрдугаар байрт орсон бол 300 мянган төгрөг, гуравдугаар байрт орсон бол 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна. Шалгарсан бүтээлийг “Эх орны манаа” сонинд нийтлэх ажээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж