Тавантолгойн гэрээний төслийг өргөн барив

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гэрээний төслийг өргөн барив

Ерөнхий сайд С.Батболд өчигдөр үдээс хойш Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын даргад өргөн барив. Түүнтэй хамт ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар энэ мөчийн “гэрч”-ээр байлцав. Ерөнхий сайд С.Батболд намрын чуулган хаасны дараа “Засгийн газар Тавантолгойн ордыг энэ онд багтааж ашиглалтад оруулна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хаврын чуулган эхлэхэд бэлэн болгоно” хэмээн зарласан. Ингэхдээ уг орд 100 хувь төрийн өмчид байхаар, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг тэгш хангасан, үндэснийхээ компаниудыг оролцоог дэмжсэн хэлбэрээр ордыг ашиглана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу ЭБЭХ-ний сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан гурван сар гаруй ажилласны эцэст хөрөнгө оруулалтын гэрээний төслийг сая бэлэн болгож байгаа нь энэ.
Өнгөрсөн онд УИХ-аар баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний туршлагаас харвал энэ гэрээ тийм ч амар гараас гарахгүй нь тодорхой. Үндэсний компаниудаа дэмжинэ гэсэн Ерөнхий сайдын амлалтаас үүдээд сүүлийн нэг сарын дотор Монголын хөрөнгөтнүүд том багаараа талцан хоёр фронтод гарчихаад байгааг харсан ч тэр. Томоохон компаниуд нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын малгай дор нэгдэн өөрсдийн саналыг Засгийн газарт хүргүүлсэн бол арай жижгүүд нь “Монгол-999” хэмээх нэгдлийг байгуулж, 1200 гаруй компани элсүүлээд байгаа. Энэ талцал УИХ руу орж ирвэл нэг их сайн үр дүн авчирахгүй нь лав. Гэвч Ерөнхий сайд “иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, үндэсний компаниудынхаа оролцоог дэмжиж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг ижил тэгш тусгаж хийгдсэн” тун сайн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлж байгаагаа хэлнэ лээ. Ажлын хэсгийн ахлагч, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ч оператор компаниар оролцох хөрөнгө оруулагчид дээр ямар нэг зааг ялгаа гаргаагүй, ижил тэгш шалгууруудыг тавьж байгаа гэдгийг хэлсэн. Мэдээж уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байсан турлага болон компанийн санхүүгийн болоод хөрөнгө оруулах чадавхи, техник технологийн бололцоо зэргийг харж шалгаруулалтыг хийх аж. Урьдчилгаа төлбөрийн асуудал дээр ч манай үндэсний компаниуд ямар нэг хөнгөлөлт эдлэхгүй, ижил түвшинд шаардлага хангах үүрэгтэй болох нь. Харин төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон талаар сайд ам нээсэнгүй. Засгийн газар Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй хамт Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл бодоод Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийг УИХ-д хүргүүлжээ.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж